
Барилгын гадна талд засвар хийхэд зориулж суурилуулсан дүүжинт өргүүр дээр тухайн үед “Мээж класс” ХХК-ийн туслах ажилтан Ч.Цэнд-Аюуш, Т.Тулга, Т.Отгонбаяр нар ажиллаж байсан аж. Ч.Цэнд-Аюуш нь дөрөвдүгээр давхраас дүүжинт өргүүр дээр цонхны 41 ширхэг рам ачаад дээшээ өгсөх үед өргөгчийн баруун талын хэсэг хазайж, өргөгчийг дээврээс бэхэлсэн дөрвөн ширхэг сум төмрийн баруун захын долоон метрийн урттай сум төмрийн түгжээ /шипилк/ салж унасны улмаас уг осол гарсан болох нь хэргийн газрын үзлэг, хохирогч, гэрчийн мэдүүлгээр тогтоогдоод байна. Барилгын гадна талын дүүжинт өргүүр нь барилгын гадна талын заслын ажил хийж байгаа ажилчид болон заслын ажлын багаж, заслын ажлын ачааг зөөх зориулалттай, түүнийг сургалтанд сууж эрх авсан хүн ажиллуулах эрхтэй. Гэтэл “Мээж класс” ХХК-ийн ашиглаж байсан уг дүүжинт өргүүрийг тусгай эрх бүхий хүн хариуцаж ажиллуулаагүй, дүүжинт өргүүрийг зориулалтын дагуу ашиглаагүй, ачаа тээвэрлэж байжээ.
Барилга угсралтын ажлыг түр зогсоосон байхад Улсын байцаагчийн актанд тусгагдсан зөрчлийг арилгалгүй, “Макс Өргөө” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхзаяа нь барилгын гадна талын шилэн фасадны ажлыг гүйцэтгүүлэхээр туслан гүйцэтгэгчээр “Мээж класс” ХХК-ийн захирал Ш.Нямдаваа, “Fasade in” ХХК-ий захирал Ким Хэ Жун нартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, барилгын ажлыг үргэлжлүүлсэн байна. Ингэж хууль зөрчин ажиллаж байхад Мэргэжлийн хяналтын байгууллагаас Улсын байцаагчийн гаргасан актын биелэлтэнд хяналт тавиагүйгээс дээрх осол гарчээ.
Одоогоор “Мээж класс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Нямдаваа, тус компанийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер Л.Амгалан нарыг Эрүүгийн хуулийн 183.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнээр тооцон баривчлаад байгаа юм.