Г.Алтанхүүгийн анхны эхнэр юу ярив?

Хуучирсан мэдээ: 2014.01.10-нд нийтлэгдсэн

Г.Алтанхүүгийн анхны эхнэр юу ярив?

21 настай бүсгүй найз залуудаа хэрцгийгээр олон цагийн турш зодуулж амь насаа алдсан байж болзошгүй хэрэг оны өмнөхөн гарч, олны анхаарлыг татсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон талийгаачийн ар гэрийнхэн Г.Алтанхүүг талийгаач бүсгүйг байнгын зодуур, дарамтад байлгадаг байсан, анхны эхнэрээ ч дарамтад байснаас салсан талаар мэдээлж байгаа юм.

Тэгвэл Г.Алтанхүүгийн анхны эхнэр өчигдөр ТВ9 телевизэд өгсөн ярилцлагадаа /ярилцлага өгөхдөө нүүр царайгаа нууцалсан/ “Г.Алтанхүү надтай есөн жил ханилахдаа намайг огт дарамталж байгаагүйг би хаана ч хэлнэ. Бид 10 настай хүүтэй. Миний эргэн тойрны бүх хүмүүс хэлнэ. Эхнэртээ халамжтай хань, хүүдээ сайн аав, хариуцлагатай эцэг байсаар ирсэн. Бид энэ олон жил амьдрахдаа бусдын л жишгээр амьдралаа босгохын төлөө ажиллаж, хөдөлмөрлөж олон ч удаа жижиг бизнес эрхэлж байсан. Монголын маш олон гэр бүлүүдийн нэгэн адил амьдралаа авч явахын төлөө нэг нь гадагшаа явж хэсэг хугацаанд хол байснаас болж бид тус тусдаа амьдрах болсон. Энэ гүтгэн бичиж байгаа шиг далан дээрээ хутгалуулах нь бүү хэл зодуулж, дарамтлуулж, өвлийн хүйтэнд хөл нүцгэн зугтаж гарч байгаагүй” гэжээ. Мөн тэрээр “Аавыг нь муу хүн мэтээр мэдээлж байгаад хүүгээ ихэд эмзэглэхээс айж байна гэж” уйлсан байна.

Энэхүү мэдэгдлийг талийгаачийн ар гэрийнхэн “Түүний анхны эхнэр Г.Алтанхүүгийн ар гэрийнхний нөлөөнд автан, ийнхүү худал мэдээлэл хийж буруугүй мэтээр харагдуулахыг хүсч байна” гэж үзэж байгаа аж.

Талийгаачийн ар гэрийнхэн “Охиныг нь Г.Алтанхүү байнгын дарамт шахалт зодуурт байлгаж байсан. Гэхдээ найз залуугийнхаа зодуураас элэг, цөс, тархиндаа хүнд гэмтэл авснаас хагалгаагаа даалгүй нас барсан” гэж мэдээлээд байгаа. Харин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхэн талийгаачийн үхлийн шалтгааны “гадны нөлөөгүй” гэж гаргасанд талийгаачийн ар гэрийнхэн, өмгөөлөгчид эсэргүүцэж энэ хэрэгт стратегийн өмгөөлөл үзүүлж буй Хүний эрхийн хуульч М.Ичинноров шинжээч эмч н.Энхбаяр, н.Ганбат, н.Чулуунцэцэг нарыг шалгуулахаар АТГ-т хандаад байгаа. Цаашлаад прокурорын байгууллагаас дахин шинжээч томилох хүсэлтийг ч хүргүүлсэн.

Одоогоор Г.Алтанхүүг талйгаачийг үхэлд хүргэсэн эсэхийг Улсын мөрдөн байцаах газарт шалгаж, түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж