
Галуут нуурын цахилгаан станц гэхээр цахилгаан хэрэглэдэг, хэрэглэдэггүй бүх монголчууд хойд хилийн цаана байдаг газрыг ярьж байна гэдгийг хэнээр ч тайлбарлуулахгүйгээр мэдэх билээ.
2007 оны намар энэхүү Галуут нуурын ойролцоо Буриадын алдартай нэгэн эрдэмтэн, даншгийн Даян Аварга цолтой Даян Аварга хэмээх бөхийн нэрэмжит барилдаан зохион байгууллаа гэж сонсогдсон юм. Тэр наадамд Монгол Улсын харцага Т.Мөнгөнцоож, харцага Г.Батбаяр тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой бөхчүүд манайхаас урилгаар очиж зодоглосон байдаг. Харин Г.Өсөхбаяр аварга “даян аварга” цолтны хувьд тэрхүү даншгийн Даян Аваргад зориулсан наадамд тусгай урилгаар оролцжээ. Тэрээр барилдаагүй боловч хүндэтгэл үзүүлэн наадамд очсон нь наадмыг зохион байгуулагчдын магнайг хагартал баярлуулсан юм билээ. Мөн манайхаас бөхийн засуул, уртын дуучин Батболд урилгаар очин тэдний хүсэлтээр 300-гаад жилийн тэртээ тэнгэрт хальсан Даян Аваргын цолыг зүлэг ногоон дэвжээнээ дуудан ёслолыг улам ч төгөлдөр болгон чимсэн байдаг.Тус наадамд Буриадын бүх бөхчүүд ирж барилджээ. Хожим нь тэнд барилдсан бөхчүүдээс наадмын сонин сонсоход,
-Даян Аварга гээд байгаа Буриад нутгийн тэр бөх нь манай анхдугаар Богд Өндөр гэгээний даншиг наадамд урилгаар ирж барилдаад түрүүлсэн юм билээ.Өндөр гэгээн түүнд бөхийн даян аварга цол өгч, тусгай зангиагаар шагнасан байна. Түүнээс хойш нутгийнхан нь тэр хүнийг Даян Аварга гэж нэрлэсээр байгаад эцэстээ жинхэнэ нэр нь мартагдсан гэнэ. Манай монгол бөхөөр жишвэл 1940, 50-иад оны үед хүмүүс улсын арслан Самданжигмэд гуайг Дэрэнбор гэхээр мэдээд байдаг атлаа жинхэнэ нэрээр нь ярихаар гайхаад байдагтай төстэй явдал болжээ.
-Тэр Даян Аваргын аавыг нь Муухай гэдэг байж. Аварга өөрөө гурван хүүтэй. Тэднийг Зоригт, Дансран, Умбага гэдэг байж. Харин өөрийг нь нэрээр нь дуудалгүй нутаглаж байсан газар Ахараар нь овоглож, Өндөр гэгээн Занабазарын өгсөн бөхийн цолоор нэрлэн өргөмжилсөөр түүхэнд “Ахарын Даян Аварга” алдраараа мөнхөрсөн байна.
-Даян Аваргад зориулсан наадмын түлхүүр зохион байгуулагч нь түүний гурван хүүхдийн нэг Зоригтын удмын Болд гэдэг хүн байна лээ. Болд гуай түүхийн ухаанаар Буриадын урдаа барьдаг эрдэмтэн гэсэн шүү.
-Болд гуайд, манай Өндөр гэгээнээс Даян Аваргад өгсөн зангиа хадгалагдаж байгаа юм билээ. Тэрээр тэртээ 1983 онд эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн байна гэх зэргээр ярьж байцгаасан.
Дээрх яриаг сонссоноос хойш нэлээд олон жил болжээ. Монголын Үндэсний бөхийн холбоо өнгөрсөн жил Монгол бөх судлалаар ургац арвинтай байв. Хамгийн хамгийн тод том баталгаа нь зуун зуун жил дамжин үлдэж, зуун зуунд хамгийн олон хүн шимтэн дурлаж, сонирхон уншиж, хоймортоо залах түүхэн бүтээл “Монгол бөхийн нэвтэрхий толь” гаргасан ажил байв.
Монгол бөх судлалын энэхүү далайцтай ажлын хүрээнд Даян Аваргын удмын залгамж хойчист хадгалагдаж байгаа зангианы талаархи мэдээллийг олж ирэх үүргийг ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуун өөрийн санал санаачилгаар сайн дураар хүлээсэн байна.
Ингээд С.Чулуун абугайн “олж ирсэн” зангиаг, Ахарын Даян Аваргын удмын хүмүүн Буриадын төрийн шагналт түүхч Болд(Зоригтуев Б.Р.)-ын бичсэн өгүүллийн хамт уншигчдадаа толилуулъя.
Буриад улсын Сэлэнгэ мужийн Галуут нуурын хойд эрэг дээр Загустай, Бараты хэмээх төмөр замын өртөөний дунд Ахур (монголоор Ахар) хэмээх нутаг бий. Энд ХХ зууны 30-аад он хүртэл Хухыд (монголоор хөхөд) хэмээх жижигхэн овгийнхон амьдарч байв. Авьяаслаг бөхчүүдээрээ алдартай Монгол Улсад алдаршсан нэгэн хүчит бөхийн тухай домог Хөхөдүүдийн дунд хадгалагдсаар иржээ. Домогт, Хөхөдүүдийн нэгэн өвөг Монгол Улсын наадамд түрүүлсэн тул Монголын Буддын шашны тэргүүн Өндөр гэгээнээс түүнд бөхийн дээд цол Даян Аварга цолыг өгсөн гэж өгүүлдэг. Цаг хугацаа өнгөрсөөр хойч үеийнхнийх нь санаанаас гардаггүй Даян Аваргын спортод гаргасан гавьяаг алгуурхан мартаж эхлэн оронд нь харин тэр бөхийн жинхэнэ нэрийг Өндөр гэгээний өгсөн цолоор (Өндөр гэгээн өөрөө өгсөн) сольж ярьдаг болж, домог болон хагас домгийн шинжтэй болгосон нь Ахарын олон үеийнхэн алдартай өвгөө гүн гүнзгий хүндэлсээр ирсний баталгаа юм.
Хөхөдүүд өөрсдийгөө тэнгэр гаралтай (“хөхыд хөхэ мөнхэ тэнгэри угтай”) гэдэг. Тэдний өвөг Муухай нь Халхын Сайн ноён хан ба Ойрадын Бошигт хаан хоёрын дунд болсон цуст дайны үед Халх Монголоос гарч Сэлэнгэд шилжин суужээ. Муухай нь Монголоос гарч Байгалийн өмнөд эрэг хүрч ирсэн боловч бөө шашинтнуудын дунд амьдарч чадахгүй байв. Тэгэхээр нь тэр цорын ганц хайнагаа эхнэртээ унуулаад Загастайн голоор явсаар Ахарт иржээ. Энд Хул нуурын (Галуут нуурын) эрэгт түүний хүү төрөв. Түүнийг одоо бүгд Даян Аварга хэмээн дурсан санадаг. Даян Аварга нь Зорикто (Зоригт), Дансаран, Умбага хэмээх хөвгүүдтэй болсон ба тэдний удмынхан одоо одоогийн Хөхөд овгийг бүрдүүлж байна.
Муухайн хүү(Даян Аварга) бүр хүүхэд байхаасаа л хүч, зоригоороо ялгардаг байжээ. Нэгэн удаа хүүхдүүд нуурын эрэг дээр тоглож байжээ. Гэнэт асар том аварга могой усыг яран гарч иржээ. Бүх хүүхэд таран зугтааж харин Муухайн хүү л элсэн дээр айсан шинжгүй суусаар байв. Тэгээд могойг мөлхөөд ирэхэд дээрээс нь өвдөглөчихөв. Могой мөлхсөөр түүний цаана гарсан боловч амьсгал хураасан байв. Муухайн хүү ганц удаа хүрэхэд л аварга могой үхжээ.
Залуу насанд нь түүний хүч хамгийн дээд цэгтээ хүрчээ. Жишээ нь, тэрбээр адуу, үхрийг амархан өргөчихдөг, модыг шахахад модноос шүүс нь дусалдаг байжээ. Морь нь ядрахад, хөллөгөөнөөс нь салгаад өөрөө тэрэг буюу чарганы аралд орж хүнд ачааг уулын өөд чирч гаргах тохиолдол олон гарч байжээ.
Муухайн хүү 18 нас хүрээд өөрийн өвөг дээдсийн нутаг Монголд очиж үзэн, Өндөр гэгээнд мөргөхөөр шийджээ. Зам зууртаа нэгэн баян айлд хонохоор орох гэтэл хоёр том хоточ нохой түүн рүү дайрчээ. Тэгэхээр нь хоёр нохойг гөлөгнүүд мэт шүүрч авч, агаарт савчуулан, хооронд нь мөргүүлж хаячихаад гэрт оржээ. Гэрийн эзэн маш их гайхаж, түүний хүчийг дахин нэг удаа сорихоор шийдэж, хонины нугалаагүй чанасан хүзүүг албаар хутгагүйгээр өгчээ. Гэвч Муухайн хүү тэр хүзүүг гараараа ядах юмгүй мушгиж хаяв. Гэхдээ түүний унтаж байхыг нь хараад гэрийн эзэн онцгой их гайхжээ. Түүний толгой нь бурхантай хөл нь хаалганд тулсан байв. “Энэ бол жинхэнэ аварга байна” хэмээн тэр монгол эр хэлжээ.
Удалгүй Муухайн хүү Өндөр гэгээний хийдэд хүрч ирэв. Хийдийн дэргэд хэд хэдэн хүн нийлж байж арайхийн эргүүлдэг чулуугаар сийлсэн хүрд байдаг байв. Харин Муухайн хүү тэр хүрдийг ганцаараа ядах юмгүй эргүүлж байгааг хараад хийдийн лам нар маш их гайхжээ. Тэд маш их айж, зурхайч дээр очоод энэ хүн мөн үү гэцгээв. “Бүү айцгаа. Энэ бол энгийн боловч маш хүч чадалтай, энд мөргөх гэж ирсэн хүн байна” хэмээн зурхайч хариулав. Монголд зочилж дуусаад Муухай гэртээ харьжээ.
Тэр үед Монголыг захирагч Өндөр гэгээний Зоогой Шар хэмээх Аварга цолтой бөх байжээ. Тэр үеийн Монголд түүнтэй тэнцэх хүчтэй бөх байдаггүй байв. Он жилүүд ийнхүү урсан өнгөрсөөр байв. Нэгэн удаа Зоогой шар Өндөр гэгээнд хандан: “Жил сар өнгөрч би хөгширч байна. Амьдралдаа анх удаа жинхэнэ ёсоор барилдчих хүн олж барилдах юмсан. Тийм хүн байдаггүй гэж үү” гэж асуужээ. Тэгтэл Өндөр гэгээн хийдэд нь ирж мөргөж байсан Хул нуурын хүчтэнг санажээ. Тэрбээр түүнийг олоод Монголд авчирч Зоогой Шартай барилдуул хэмээн тушаал буулгав. Энгийн арьсан хувцас өмссөн Муухайн хүүтэй эгц довцгийн оройд мод хагалж байхад нь тааралджээ. Энэ довцгийг одоо Даян Аваргын булуу гэж нэрлэдэг. Түүнийг гоё харагдуулахын тулд монголчууд түүнд гоёмсог торгон дээл өмсүүлээд Өндөр гэгээнийд хүргэж ирэв.
Муухайн хүүгийн ирсэн нь Өндөр гэгээний наадамтай давхацжээ. Эрийн гурван наадам болох бөхийн барилдаан, харваа, морины уралдаан болж байв. Зоогой Шар маш сайхан тоноглосон хөсөг тэрэгтэй иржээ. Тэрэгний ёроолд сурнууд хаясан байв. Тэр суран дээр тэр монгол бөх хэвтэж, булчин шөрмөсөө чанга байлгадаг ажээ. Тэр бөх биеээ тосоор тосолчихсон болохоор өрсөлдөгчийнх нь гар чухал үед хальтрахаар байв.
Зоогой Шар, Муухайн хүү хоёр давсаар байгаад үзүүр түрүүнд үлдэж барилдах болов. Гэвч барилдаж эхлэнгүүтээ энэ удаа түрүү бөх болохгүйгээ Зоогой Шар ойлгожээ. Тэгээд тэр урагш дайран орж, Муухайн хүүгийн эгэм рүү нь мөргөжээ. Эгэм нь хугарчээ. Гэвч Муухайн хүү өвдөлтийг тэсвэрлэн Зоогой Шарыг барьж аваад сугандаа хавчуулаад, газарт хаяв. Үүнийг харсан Өндөр гэгээн толгойгоо өргөн инээснээ дараа нь толгойгоо гудайлган гашуунаар уйлав. Ийнхүү Муухайн хүү Аварга цолтой бөхийг ялсан тул Өндөр гэгээн түүнд Монгол бөхийн хамгийн өндөр цол болох Даян Аварга (Бүх Монгол даяарын аварга) цол өгчээ. Өндөр гэгээн түүнд гол хэсгээр нь зангидсан урт торгон зангиа өгч үүнийг зүүж яваа хүнийг ямар ч араатан, ямар ч дайсан дийлэхгүй (“арьяатанда алагдахагуй, дайсанда дарагдахагуй”) гэжээ. Мөн төмөр гархин хуяг, олон тооны таван хошуу мал, торго даавуу бэлэглэжээ.
Буцах замдаа Даян Аварга нэг гэрт амарч байв. Хугархай эгэмтэй нойрмог байхад нь дээрэмчид дайрч, алах гэв. Тэгэхэд нь Даян Аварга Буриадын өмнөд нутагт байдаг хамгийн хүндтэй овооны эзэн савдаг Бүрэнханыг тусална уу хэмээн аяархан шивэгнэжээ. Тэгтэл туурайн дуу тачигнаж, гэрийн дээр шаржигнах чимээ гарав. Тэгээд бүгд дээшээ хартал тооноор гурван цэрэг нум сумаа хөвчлөөд татчихсан байв. Дээрэмчид айж гарч зугтаав. Даян Аварга гэрээс гараад зэвсэг агссан морьтнууд мориндоо үсэрч мордоод бараа нь тасрахыг л дөнгөж харж амжив. Даян Аваргын гуйлтыг сонсоод, түүнд туслахаар Бүрэнханы баатрууд ирсэн нь энэ байв.
Даян Аваргыг нас барахад түүнийг Ахарт Буддын шашны заншил ёсоор биеийг нь газарт өргөлгүй ил тавьж оршуулжээ. Хэсэг хугацааны дараа яс нь ил гарч иртэл асар том цээж нь цул хавиргатай байсан ба удалгүй дотор нь чоно гөлөглөж, бэлтрэгнүүдээ өсгөжээ.
Ахарын Даян Аваргын тухай домгоос харахад тэрбээр ойролцоогоор XYII зууны төгсгөл XYIII зууны эхний хагаст амьдарч байжээ. Хөхөд удмынхны үеүдийн тоо, мөн өндөр нуруутай болохоор Халхын төр, шашныг нэгтгэн захирч байсан Богд гэгээн Занабазарын (1635-1732) үеийн хүн гэж хэлэгдсээр ирсэн зэрэг нь үүнийг баталж байна. Өнөө үед миний энд ярьсан домог, Ахарт байдаг Даян Аваргын булуу хэмээх ой модтой довцог, Хөхөдүүдийн шүтээн болж, бурхан тахилд нь сайтар хадгалагдан, үе дамжин уламжлагдан ирсэн торгон зангиа зэрэг нь одоо цагийн бидэнд Даян Аваргыг сануулж өгч байгаа юм. Энэ зангиаг гайхамшигтай их хүчтэй гэж үздэг. Аливаа гай зовлонгоос өөрийгөө бүрэн дүүрэн хамгаалахын тулд зангианы хоёр үзүүрийн цацагнуудаас хэсэгхэнийг тасалж аваад, биедээ авч явахад л хангалттай. Даян аварга бол монголын шилдэг бөхчүүдийг ялж чадсан агуу сайн тамирчин байжээ. Буриадад ийм цолтой өөр ямар ч бөх байгаагүй билээ. Өнөө үед Даян аварга цол бол Далай аваргын дээр эрэмбэлэгдэх хоёр дахь том цол гээд бодохоор энэ бөх хүчтэй бөх байжээ. Гэхдээ Ахарын Хөхөдүүдийн баталж хэлж байгаагаар XVII–XVIII оны зааг үед Монгол бөхийн цол үүсч хөгжих шатандаа байсан болохоор Даян Аварга нь тухайн үедээ хамгийн том цол байсан байж болох юм.
Монгол, Будда, Түвд судлалын
хүрээлэнгийн ажилтан Түүхийн ухааны доктор, профессор
Зоригтуев Булат Раднаевич.
Улаан-Үд: БФ СО АН СССР хэвлэлийн газар, 1983. тал. 134-141/
Б.ЕРЭНТЭЙ
“ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин