Үндсэн чиглэлд нэмэлт оруулахыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.03-нд нийтлэгдсэн

Үндсэн чиглэлд нэмэлт оруулахыг дэмжлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үндсэн чиглэлд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Төсөлд “Монголын төмөр зам” ХК-ийн ирээдүйд олох ашгийг тооцоолсны үндсэн дээр тус компанийн нэгж хувьцааны нэрлэсэн үнийг нэмэгдүүлэн тогтоож, нийт хувьцааны 49 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад нээлттэй арилжиж, хөрөнгө төвлөрүүлэхээр тусгажээ.

Хөрөнгийг “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д туссан эхний болон хоёр дахь шатны төмөр замын суурь бүтэц барихад зарцуулах юм. Төсөл батлагдвал төмөр замын суурь бүтэц барихад шаардагдах хөрөнгө оруулалтын аргачлал бий болохоос гадна хувьцаа арилжсанаар хөрөнгийн зах зээл идэвхжиж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид томоохон бүтээн байгуулалтад оролцох боломжтой болно. Түүнчлэн хувьцааг биржэд бүртгүүлснээр “Монголын төмөр зам” ХК-ийн санхүү болон үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, компанийн сайн засаглалыг хэвшүүлнэ гэж Засгийн газар үзэж байна.

УИХ-ын 32 дугаар тогтоолын дагуу эхний шатанд Даланзадгад-Тавантолгой-Зүүнбаян, Сайншанд-Баруун-Урт-Чойбалсангийн чиглэлд 1100 км төмөр замын суурь бүтэц барих юм. Энэ хүрээнд Засгийн газар төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ХК-д олгосон бол салбарын сайдын тушаалаар төмөр замын трассын ерөнхий төлөвлөлтийн зургийг батлаад байна. Батлагдсан трассын дагуу мэргэжлийн байгууллагууд газар зүйн байршил, өндрийн цэг, тэмдэгтүүдийг суулгаж, сүлжээ байгуулж эхэлжээ. “Монголын төмөр зам” компани нь эхний үе шатанд барих төмөр замын Техник, эдийн засгийн үндэслэлийг “McKinsey&Company”-иар хийлгэхээр гэрээ байгуулж, ажлыг нь эхлүүлсэн байна.

Эхний үе шатны төмөр замыг барихад нийт 3 тэрбум орчим ам.доллар /1 км зам барихад 2-2,5 сая ам.доллар/ шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Хоёр дахь үе шатанд Нарийнсухайт-Шивээхүрэн, Ухаа худаг-Гашуунсухайт, Хөөт-Тамсагбулаг-Нөмрөг, Хөөт-Бичигтийн чиглэлийн 900 орчим км замын суурь бүтцийг барьж эхлэх юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Гадаад дахь монголчуудыг бүртгэхэд 684 сая төгрөг зарцуулна

Хилийн чанадад амьдарч байгаа иргэдээ иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулахад зориулж 684,3 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар боллоо. Гадаад харилцааны яамны судалгаагаар гадаадын улс орнуудад манай улсын 112 872 иргэн амьдарч байна. Засгийн газар иргэдээ бүртгэх, бүртгэлийг үнэн зөв хөтлөх, иргэнийхээ эрх ашгийг хангах, стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордын төрд ногдох ашгаас хишиг, хувь хүртээх, хувьцаа эзэмшүүлэх боломжийг хангахаар шинэчилсэн бүртгэл явуулж байгаа.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНСУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ тус улсад амьдарч байгаа иргэдээ иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулах бүртгэлийг 3 дугаар сарын 23-ны өдөр албан ёсоор эхлүүлсэн юм. Манай улс гадаад орнуудад байгаа Дипломат төлөөлөгчийн 38 газраараа дамжуулан хилийн чанадад амьдарч байгаа иргэдээ бүртгэлд хамруулж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

V цахилгаан станцыг ҮАБЗ-д танилцуулна

Эрчим хүчний шинэ эх үүсвэр буюу Улаанбаатар хотод баригдах “Улаанбаатарын ДЦС-5”-ын явцын талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. “Улаанбаатарын ДЦС-5” төсөл нь Улаанбаатар хотын ялангуяа зүүн хэсгийн дулаан хангамжийн хэрэгцээг хангах, дулаан доголдлыг арилгах зорилготой. Дулааны гидравликийн тооцоогоор шинэ эх үүсвэрийн байршлыг аль болох хотын зүүн талд байршуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна.

Одоогийн байдлаар салбарын яамнаас гурван хувилбарыг гаргаад байгаа бөгөөд хотын зүүн зах буюу Улиастайн аманд шинээр барих, “ДЦС-3” ХК-ын дэргэд одоо ашиглаж буй бүх дэд бүтцэд тулгуурлан шинээр ДЦС барих, эсвэл Багануурын нүүрсний уурхайг түшиглэн конденсацийн шинэ цахилгаан станцыг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар, Улаанбаатар хотыг дулаанаар хангахын тулд нийслэлд хэд хэдэн дулааны станц барих  төлөвлөгөө гаргажээ.

Танилцуулгыг Засгийн газрын гишүүд сонсч, хэлэлцээд “Улаанбаатарын ДЦС-5” төслийг дэмжиж, хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар боллоо. Мөн “Улаанбаатарын ДЦС-5” төслийг концессын “Барих-ашиглах-өмчлөх” хэлбэрийг ашиглан санхүүжүүлж хэрэгжүүлэх, хэрэв энэ хувилбар амжилтгүй болбол концессын “Барих-шилжүүлэх” хэлбэрийг ашиглан төслийг санхүүжүүлж, хэрэгжүүлэхийг Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт даалгалаа.

Төсөл хэрэгжүүлэх нэгжийг томилж, холбогдох зардлыг 2011 оны төсвийн тодотголд тусгаж, батлуулахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж