Осолтой холбоотой хоёр хүнийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2014.01.09-нд нийтлэгдсэн

Осолтой холбоотой хоёр хүнийг баривчилжээ

“Тэнгис” кино театрын баруун талд “Макс өргөө” компанийн барьж байсан барилгаас төмөр унаж, хүний амь нас хохироосон харамсалтай осол өнгөрөгч мягмар гаригт гарсан билээ. Дээрх осолтой холбогдуулан Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс барилгын ажлыг хариуцан ажиллаж байсан компанийн эрх бүхий хоёр хүнийг баривчлан саатуулсан байна. Тодруулбал, “Мээж гласс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Нямдаваа, тус компанийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер Л.Амгалан нарыг Эрүүгийн хуулийн 183.1-т заасан үндэслэлээр сэжигтнээр татаж, баривчилжээ. Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм.

“Макс өргөө” компанийн гүйцэтгэх захирал Д.Энхзаяа нь барилгын гадна талын шилэн фасадын ажлыг гүйцэтгүүлэхээр “Мээж гласс” ХХК-ийн захирал Ш.Нямдаваа болон “Fassad in” компанийн захирал Ким Хэ Жун нартай 2013 оны долдугаар сарын 5-нд гэрээ байгуулж, “Макс өргөө”-гийн ерөнхий захирал Д.Ганбаатараар батлуулсан байна. Гэтэл үүнээс өмнө МХЕГ-аас тус компанийн барилгад шалгалт явуулж, 2013 оны долдугаар сарын 1-нд барилгын ажлыг түр зогсоох шийдвэр гаргасан байжээ.

Осол гарах үед барилгын гадна талын фасадны ажлыг гүйцэтгэхээр дүүжин өргүүрт “Мээж гласс” ХХК-ийн гурван туслах ажилтан ажиллаж байжээ. Энэ үед Ч.Цэнд-Аюуш гэх ажилтан барилгын дөрөвдүгээр давхраас цонхны 41 рамыг дүүжин өргүүрт ачаад дээш өгсч байх үед өргүүр хазайж, улмаар дээврээс бэхэлсэн 7 метр урттай сум төмрийн түгжээ савж унаж, осол гарсан болох нь ослын газарт хийсэн мөрдөн байцаалт, шалгалтын явцад тогтоогджээ. Мөн барилгад ашиглаж байсан дүүжин өргүүрийг зориулалтын дагуу ашиглаагүй, дүүжин өргүүр ашиглах эрх бүхий хүн хариуцан ажиллуулаагүй зэрэг зөрчил илэрсэн байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж