Үйлдвэрлэлийн салбарт нэг их наядыг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2014.01.09-нд нийтлэгдсэн

Үйлдвэрлэлийн салбарт нэг их наядыг зарцуулна

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр харьяа яам, агентлагийн удирдлага, ажилтнуудад өнгөрсөн онд хийсэн болон 2014 онд хийх ажлын тайлангаа танилцууллаа. Засгийн газар 2014 “Монголдоо бүтээцгээе” уриатайгаар ажиллах бөгөөд үйлдвэрлэлийг түлхүү дэмжих тавьжээ. Түүнчлэн бүтээн байгуулах, үйлдвэрлэх, айл өрхийн амьжиргааг дээшлүүлэх, төрийн хүнд суртал, хээл хахууль, авлигатай тэмцэх зорилго тавин ажиллахаа Засгийн газрын тэргүүн мэдэгдлээ.

Тэрээр өнгөрсөн 2013 оныг “Сорилт, бэрхшээл”-ийн жил байсан гэж дүгнэв. "Засгийн газар 2013 онд "Чингис" бонд гаргаж, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, найман хувийн орон сууцны зээлийн хөтөлбөр хэрэгжүүлж, 200 мянган ажлын байрыг хадгалж чадсан" гэлээ. Хөдөлмөрийн яам 51 мянган ажлын байр шинээр бий болгож, 20 мянган иргэн орон сууцтай болж, барилгын салбар хоёр дахин өссөн, эдийн засгийн өсөлт 12 хувьд хүрч, мал сүргийн тоо 45 саяд хүрч, дөрвөн аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбосон амжилтууд байгааг Ерөнхий сайд онцолсон юм.

Монгол Улс нийт хэрэглээнийхээ 88 хувийг импортоор авч байгаа учраас “Монголдоо бүтээцгээе” уриа дэвшүүлжээ. Тодруулбал, сүү 74, гурил, гурилан бүтээгдэхүүн 41,  элсэн чихэр 100, ундаа, согтууруулах  ундаа 16, нэхмэл хувцас 62, модон эдлэл 83, химийн бүтээгдэхүүн 89, төмрийн үйлдвэрлэл 93, бензин 100 хувь гаднаас импортолж байгаа юм байна. Тиймээс ирэх онд үйлдвэржилтийг дэмжиж, энэ чиглэлд нэг их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Дээрх хэмжээний хөрөнгийг барилгын материал, арьс, ширэн бүтээгдэхүүн, нэхмэл хувцас, модон эдлэл, хуванцар эдлэл, хагас коксжсон нүүрс, хүнсний үйлдвэрлэл, уул уурхайн салбарын бүтээгдэхүүнийг боловсруулах, малчдад ноосны урамшуулал, хөдөө аж ахуйн бирж зэрэг салбаруудаа дэмжихэд зориулах гэнэ.

Энэ онд Засгийн газар орон сууцжуулах хөтөлбөрөө үргэлжлүүлж, нээлттэй, ухаалаг төрийг бий болгож, бизнесийн таатай орчин бүрдүүлж, инфляцийг нэг оронтой тоонд барьж, шинээр 85 цэцэрлэг, 80 сургууль, 26 эмнэлэг барьж ажиллах гэнэ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж