Гацаад байгаа хуулиуд

Хуучирсан мэдээ: 2014.01.09-нд нийтлэгдсэн

Гацаад байгаа хуулиуд

УИХ намрын чуулганаа энэ сар­даа багтаж хаах чигтэй байгаа ажээ. Уламжлалаар бол сар ши­нийн өмнө завсарлаж, тойрог руу­гаа явдаг гишүүд энэ удаад ч өмнөх жишгээ эвдэх нь юу л бол. Тиймээс хоёр­дугаар сарын 10-ныг хүлээл­гүй байгаа хуулиудаа шахаж хэлэл­цээд батлах чигийг спикер Даргын дэр­гэдэх зөвлөлийн гишүүддээ өг­сөн гэх мэдээлэл байна. Уг нь энэ нам­рын чуулганаар УИХ бие даа­сан 30 хууль хэлэлцэн батлах аж­лын төлөвлөгөө гаргасан. Ха­рин оны дараахь буюу хамгийн сүү­лийн үеийн статистикаар ердөө до­лоон хуулийг л баталж амжжээ. Цагт хавчигдаж батлагддаг улсын тө­сөв, мөнгөний бодлого зэргийг оруулж тооцвол УИХ-ын ажил тун хангалтгүй байгаа гэсэн үг. Олон­хийн бүлгийн даргын мэ­дээлс­­нээр 11 хууль хэлэл­цүүлгийн ша­танд, да­хиад 12 төсөл өргөн бариг­даж УИХ-ын гишүүдийг хэзээ хэлэл­цэх бол гээд хүлээж байгаа юм байна. Нийгэмд хэрэгтэй гэж, цаг үеийн шаард­лагатай гэсэн эдгээр төслийг УИХ-аар хэлэл­цэх шаардлагатай бо­лоод л төлөв­лөгөөнд оруулсан байх. Нөгөөтэйгүүр, сон­гууль дөхөх тусам улстөржсөн шийд­вэр УИХ-аас гарах магадлал өндөр болдог учир зайлшгүй энэ намар батлах ёстой төслүүд ч энэ жагсаал­тад багтаад байгаа. Гэвч бодит байдал дээр УИХ дээр гацчихсан, нийгэмд хүлээлт үүсгэсэн төслүүд хэрхэх нь тодорхой бус байсаар л байгаа юм. Гацаанд байгаа эдгээр төслүү­дийг танилцуулъя.

1. ДАВХАР ДЭЭЛИЙГ ДАН БОЛГОХ УУ

УИХ, Засгийн газрын гишүүнийг салгах санаачилга үе үе л парла­мент дээр гардаг. Гэвч бодит бай­дал дээр иймэрхүү санаачилга улс тө­рийн шоу болоод өнгөрөх нь бий. Яа­гаад гэвэл санаачилгыг бүгд нүү­рэн дээрээ дэмждэг боловч яг кноп да­рах зориг улс төрийн аль ч хү­чинд байдаггүй. Харин энэ удаад Ерөн­хийлөгч уг төс­лийг УИХ-д оруулж ирлээ. Олон ний­тийн дунд бас энэ сэдвийг төрийн тэр­гүүн да­хин авчирсан. “Том тө­рөөс ухаалаг төр рүү” үндэсний зөв­лөл­­дөх уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Эл­бэгдорж “Манай засагт хоёр юм буруу байгаагийн нэг нь УИХ-ын ги­шүүн, Засгийн газрын гишүүн давхар байгаа нь буруу байна” гэж хэлсэн. Өнөө­гийнх шиг 19 сайдын 17 нь дав­хар УИХ-ын гишүүн бай­гаа энэ нөх­цөлд гүйцэтгэх засаг­лалд тавих парламен­тын хяналтаас эх­лээд олон зүйл утгаа алдсан гэ­дэгтэй олон хүн санал нийлдэг. Тий­мээс ч гишүүн-сайдын давхар дээ­лийг тайлах санаа­чилга олон ний­тийн дунд ч хүчтэй дэмжлэг­тэй бай­гаа. Хамгийн гол нь улс төрийн зо­риг парламен­тад алга байгаа нь энэ хуулийн хэлэл­цүүлэг хэрхэн сунжирч байгаагаас ха­раг­дана. Уг нь нүүрэн дээрээ бүгд л энэ төслийг УИХ батлах ёстой гэж мэдэгдэж байгаа билээ. УИХ-ын дарга З.Энхболд болон гурван бүлгийн даргын оны өмнө хэлж байсан үгсийг эргэн нэг санъя.

УИХ-ын дарга З.Энхболд:

-…Давхар дээлийн зовлон на­дад бол ирц бүрдүүлэх, хариуцлага тоо­цох талдаа байгаа ч кабинет талдаа илүү байна гэсэн үг. Энийг өөрчлөх талаар Ерөнхийлөгчөөс хуулийн төсөл өргөн барьсан. Ирэх долоо хоногоос батална. УИХ-ын ги­шүүн нь сайдын албыг давхар ха­шиж болох­гүйг хуульчилна. Мөр­дөх хугацааг нь 2016 оны сон­гуу­лийн дараагаас үйлчилж эхлэ­хээр батална.

-Ийм хуулийн төслийг ялан­гуяа сонгууль бүрийн өмнө шоу болгож олон ч удаа өргөн барь­сан даа.

-Ялгаа нь энэ удаа  УИХ батал­на. Үндсэн хуулиар нэгэнт хүлээн зөв­шөөрчихсөн зохицуулалт уч­раас одоо бол яах ч арга байхгүй. УИХ-ын гишүүн хүн сайд байж болохгүй гэж ярих ч боломжгүй.

-Заавал Үндсэн хууль гэхгүй­гээр Засгийн газрын тухай хуу­лиар зохицуулж болдоггүй юм уу. Зас­гийн газрын гишүүдийн гурав­ны нэг ч, юм уу дөрөвний нэг нь УИХ-ын гишүүд байж болно гэх мэтээр босго тогтоож болмоор санагддаг.

-Яг одоогийн ярих гэж байгаа зохицуулалт наадахь чинь л дээ.

АН-ын бүлгийн дарга Д.Эр­дэнэбат:

-УИХ-ын гишүүнийг Засгийн газ­рын гишүүнээр ажиллахыг хо­риг­лох Ерөнхийлөгчийн өргөн барь­сан төс­лийг АН-ын бүлэг дэм­жи­нэ. Гэхдээ хуулийн хэрэгжих хуга­цааг нь өргөн барьснаар нь буюу 2016 оны долду­гаар сарын 1-нээс мөрдөнө гэсэн агуулгаар нь тэр чигт нь батлах ёстой гэж үзэж байгаа. Хууль тогтоох, гүй­цэтгэх засаглалыг ялгаж салгах энэ­хүү төслийг улам баталгаажуулахын тулд цаашид цогцоор нь шийдэх ёстой. Үндсэн хууль, Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг ч хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байгаа.

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

-Ерөнхийлөгчийн хэлдгээр “дав­хар дээлтэй” байгаа сайд нарыг дан дээлтэй болгох хуулийн төслийг дэмжинэ. Гэхдээ энэ хуулийг батлаад 2016 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж эхлэх санал Ерөнхийлөгчөөс орж ирснийг дэмжихгүй байгаа. Нэ­гэнт л том төрөөс ухаалаг төр рүү шилжих гэж байгаа бол цаг алдах хэ­рэггүй. Хойшлуулалгүй шууд хэрэг­жүү­лэх хэрэгтэй. МАН-ын бүлгээс энэ төслийг батлагдсан өдрөөс нь мөр­дөх ёстой гэж үзэж байна. Ерөн­хийлөгч ч бидний саналыг дэмжих байх. Ухаалаг төртэй болохын тулд гаргасан санаачилгаа Ерөнхийлөгч үр дүнтэй болгохыг дэмжих биз ээ.

“Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг:

-Бид төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа тул энэ долоо хоногт Байнгын хороодын хурал­даанууд дээр дэмжинэ. Хуулийг хэрэгжиж эхлэх хугацааны хувьд ярилцах зүйл бий гэдгийг манай зарим гишүүд ч хэлж байгаа. Энэ төслийг Үндсэн хуульд өөрчлөлт оруулалгүй, одоогийн байгаа зохицуулалтын хү­рээнд хийж болохоор байгаа.

2. АЛТАА АЛДАХ УУ, АВДАРЛАХ УУ

Яг энэ асуултад хариулах цаг үе тулчихаад байна. Уг нь аль хэдийнэ Монголдоо тушаасан алтанд татва­рын хөнгөлөлт эдлүүлэх хууль бат­лагдах боломж байсан юм. Гэвч Зас­гийн газрын сайд нар нь өөрсдөө чуул­ганы хуралдаандаа оролцож саналаа өгөөгүйгээс болж Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хууль УИХ-ын босго давж чадалгүй унасан билээ. Ээлжит бус чуулганаар УИХ-д оруулсан энэ төслөө хамгаалж чадаа­гүй Засгийн газар дахин Ашигт малт­малын тухай хуулийг өөрчлөх санал оруулж ирснийг УИХ дөнгөж хэлэлцэж эхэлж байна. Хамгийн сонирхолтой нь өмнөх хуулиа өөрсдөө хамгаалж чадаагүй, хуралдаа сууж дэмжиж саналаа өгөөгүй Засгийн газрын энэ төсөл өмнөхтэйгөө агуулгын хувьд адилхан. Монголбанкинд тушаасан алтанд ногдуулах нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь болгож бууруулах, өсөн нэмэгдэх роялти авахаа зогсоох л агуулгатай. Мэргэжилтнүүдийн хийсэн тооцоогоор энэ хууль батлагд­вал зөвхөн Оюутолгойн алт­наас л гэхэд 2015 он гэхэд 2.3 тэрбум ам.доллар олох боломжтой байгаа аж. Монголдоо алтаа авч үлдэх гэсэн Засгийн газрын энэхүү санаачилгыг олон нийт дэмжиж байсан ч, төсөлдөө санал өгөөгүй, танхимын зарчмаар ажиллаагүй Н.Алтанхуяг, Ч.Сайхан­билэг, Н.Батбаяр, С.Оюун нарыг буруутгаж байсан билээ. Тэгэхээр гацаад байгаа энэ хуулийг гацаагч нь Засгийн газар өөрөө болж таарлаа.

3. ТОГЛООМОО ДҮРЭМТЭЙ БОЛГОЁ

Энэ бол МАН-ын бүлгийн санал. Ямар дүрэмтэй, ямар тоглоомоор тоглохоо мэдэхгүй байж баг бүрдүүлж болохгүй биз дээ. Тиймээс л Мөрдөх албаны тухай хуулийн төсөл дээр МАН-ын бүлэг эхлээд хэрэгжүүлэх хуулийг нь батлая гэдэг санал гаргаад байгаа юм. Хэрэв процессын хуулиуд нь тодорхойгүй, батлагдаагүй байхад Мөрдөх албаа байгуулбал яг л “Чин­гис” бондыг хэрэгжүүлэх төсөлгүй авсантай адил эрсдэл гарч мэднэ. Иймд Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хуулийн төслүүдийг УИХ-аар баталсны дараа Мөрдөх албаны тухай хууль батлагдах магадлал өндөртэй юм. Харин одоо дээр өгүүлсэн хоёр хуулиас Засгийн газар нэгийг нь өргөн барьснаа буцаагаад татчихсан. Үнд­сэн­дээ байгуулах гээд байгаа Мөрдөх алба ямар хууль хэрэгжүүлэх нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн л толгойд эргэлдэж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дэс дараатай төс­лүүдээ оруулж ирээгүйгээс УИХ дээр гацаад байгаа төслийн тоог Мөрдөх албаны тухай хууль бас нэгээр нэмчихлээ.

4. НИЙГМИЙН ДЭМЖЛЭГГҮЙ ТӨСӨЛ

Засгийн газраас УИХ-ын ээлжит бус чуулганд оруулсан ч эхнээсээ л дэмжлэг аваагүй төсөл бол “Урт нэр­тэй” хуулийг дагаж мөрдөх журмын ту­хай хуульд оруулах нэмэлт, өөрч­лөлт юм. Энэ хууль батлагдвал ойн сан, усны эх бүхий газраас 500 мет­рын зайтай олборлолт, ашиглалт явуулж байсныг 300 метр болгож ойр­туулах юм. Нөхөн сэргээлтээ хийсэн аж ахуйн нэгжүүд энэ чөлөөлөгдсөн 200 метрийн зайдаа олборлолт явуулж болох энэ төслийн эхний “гацаагч” нь “Онги гол” хөдөл­гөө­ний Ц.Мөнхбаяр байлаа. Төрийн орд­ны гадна талд тэсрэх бөмбөг барьж, буутай танхайр­сан түүний ал­хам энэ хууль нийгмээс дэмжлэггүй гэдгийн эхний дохио бол­сон. УИХ-ын ги­шүүд ч уг төслийг яаран батлахаас зайлс­хийж, өнөөг хүртэл “дараад” бай­гаа нь олон нийтээс эмээ­сэнтэй хол­боотой байх магадлалтай. Мөн ир­гэ­ний хөдөлгөөнөөс улс төрийн ка­рьеараа эхлүүлсэн Г.Уянга гишүүн энэ төслийг батлахыг эсэргүүцэж, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэхийг шаар­даж байгаагаа мэдэгдсэн. Мөн хуулийн хэрэгжилтийг УИХ-ын өмнө хангах ёстой гүйцэтгэх засаглалын тэргүүнийг “Урт нэртэй” хуулийг өөрчлөх замаар хэрэгжүүлэхийг эсэргүүцэж байгааг нь Үндсэн хууль зөрчсөн алхам гэж үзэн Цэцэд хан­даад байгаа юм.

 "Үндэсний шуудан" сонин

Ч.ГАНГЭРЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж