Монголын жүдогийн шинэ од

Хуучирсан мэдээ: 2014.01.09-нд нийтлэгдсэн

Монголын жүдогийн шинэ од

Түүнийг Цэнд-Очирын Цогтбаатар гэдэг. Дөнгөж 17 нас хүрч буй хүүхдээрээ шахуу жүдоч. 2013 онд АНУ-ын Майами хотноо болсон өсвөр үеийн жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 60 кг-ын жинд хүрэл медаль хүртсэнээр нь олон хүн танина. Олимпийн алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр шиг жүдоч болохыг мөрөөддөг. Мөн жингийнхээ “ах нараа” ялж, 2016 оны Рио-де-Жанейро хотноо болох олимпд оролцохын төлөө бэлтгэл сургуулилтаа хийдэг. 

Ц.Цогтбаатар 2014 оны УАШТ-ээс хүрэл медаль хүртэх агшин

Зоригтой, уран  барилдаантай Ц.Цогтбаатар 2014 оны Монгол Улсын насанд хүрэгчдийн жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэнэ гэдэг маш хүнд болсон цаг. Тэр тусмаа эрэгтэйчүүдийн 60 кг жин бол манай улсын хамгийн олон тамирчин оролцдог өрсөлдөөнтэй жингийн нэгд тооцогдоно. 2014 оны УАШТ-ий эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 40 бөх өрсөлдсөн. 40 бөхөөс Ц.Цогтбаатар хүү  тодорч, хүрэл медаль хүртсэн. 60 кг-ын жинд Гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Г.Болдбаатар гээд шилдгүүд бий. Гавьяат тамирчин Д.Амартүвшин энэ удаагийн УАШТ-ийг өнжсөн. Харин ОУХМ Г.Болдбаатар түрүүлж, алтан медаль хүртсэн. Гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Г.Болдбаатарыг жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ын өрсөлддөг дэлхийн шилдгүүд мэднэ. Түүний залгамж халаа нь Цэнд-Очирын Цогтбаатар хэмээх Баянхонгор аймгийн Хүрээмарал сумаас гаралтай хүү байж болох юм.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж