“Eagle News” CNN-тэй түншилнэ

Хуучирсан мэдээ: 2014.01.09-нд нийтлэгдсэн

“Eagle News” CNN-тэй түншилнэ

Монголын мэдээллийн төрөлжсөн суваг “Eagle News” телевиз 2014 оноос  CNN-ийн албан ёсны түншээр ажиллахаар боллоо. 2013 онд эхлүүлсэн хамтын ажиллагааны хүрээнд CNN-ийн толгой компани болох “Turner Broadcasting System”-тэй  “Монгол масс медиа” группийн үзэглэсэн гэрээний дагуу CNN-ийн шилдэг хөтлөгч, сэтгүүлч, продюсерийн баг Монгол Улсад хүрэлцэн ирсэн юм. Энэ багийнхан өнөөдрөөс “Eagle news” телевизийн сэтгүүлч, уран бүтээлчдэд хоёр өдрийн сургалт зохион байгуулахаар болсон байна. Гэрээний дагуу “CNN International”-ийн Хонконг дахь салбарын сэтгүүлч, хөтлөгч, Хонконг, Лондон, Нью-Йоркийг холбосон санхүү, эдийн засгийн мэдээлэл хүргэдэг “World Business Today ” нэвтрүүлгийн хамтран хөтлөгч, нэр хүндтэй сэтгүүлч Паулин Чью, “Emmy awards”-ийн таван  удаагийн шагналт, CNN-ийн брэнд продюсер, Аманпурын “Цөмийн зэвсэгтэй Иран” болон Ойрхи Дорнодод болж байгаа асуудлаар брэнд хөтөлбөрүүдийн зохиолыг бичсэн Дэвид Молко, Ази, Номхон далайн бүсийн CNN-ийн салбарын Ерөнхий продюсер, “Emmy awards”-ийн шагналт Арми Жарин-Беннет нар энэ багт багтаж байгаа юм.

СNN-ийн эрхэм зочид болон “Монгол масс медиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Амундра, “Eagle News” телевизийн гүйцэтгэх захирал Б.Солонго нар өнөөдөр хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

“CNN International” нь дэлхийд тэргүүлэгч мэдээллийн суваг. Хорин дөрвөн цагийн турш мэдээ мэдээллийг тасралтгүй хүргэдгээрээ анхдагч нь, баталгаатай эх сурвалжаас мэдээллийг хүргэдэг, хамгийн нэр хүндтэй, хүмүүсийн итгэлийг хүлээж чадсан  брэнд. Энэ  зарчмыг Монголын сэтгүүл зүйд бий болгох эхлэлийг “Eagle News” телевизийн хамт олон тавьсан. “Eagle News” телевиз дэлхийн алдарт СNN-ийн албан ёсны түнш болохын тулд 2011 оноос эхлэн Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай болж, 2013 оны тавдугаар сараас продюсингийн системд шилжсэн бол тус оны зургадугаар сараас Eagle live шууд дамжуулалтын суваг, Eagle.mn цахим хуудас  нээжээ.

Энэ бүхний үр дүнд тэд CNN-ийн албан ёсны түнш болж, хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ. Тэдний хамтын ажиллагааны эхлэл болсон сургалтаар “Eagle News” телевизийн 30 гаруй сэтгүүлч, уран бүтээлчид СNN-ийн мэдээ, мэдээлэл, нэвтрүүлгээ бэлтгэдэг стандарт, ёс зүйн зарчим, амжилтад хүрсэн сэтгүүлчдийн туршлага, арга барилаас суралцах ховор боломж тохиож байна.

1995 онд байгуулагдсан “Eagle News” телевиз  өнөөдөр өдөр тутмын 17 цагийн мэдээллийн хөтөлбөр бэлтгэж, үзэгч хаанаас ч мэдээллээ авч болох хиймэл дагуул, кабель, онлайн технологийг нэвтрүүлээд байна. Мөн өдөр тутмын таван цагийн шууд дамжуулалтыг газар дээрээс нь дамжуулж, CNN-ийн албан ёсны эх сурвалжаар дэлхий дахины мэдээллийг шуурхай түгээдэг болжээ. Түүнчлэн СNN-ийн мэдээ мэдээлэл, нэвтрүүлгээ бэлтгэдэг зарчмын дагуу бие даасан тойм хөтөлбөрүүд, салбар бүрийн мэдээллийг багтаасан брэнд хөтөлбөрүүдтэй болсон байна.

Хэвлэлийн хурлын үеэр CNN-ийн шилдэг сэтгүүлч, нэвтрүүлэгчид, тэднийг урьсан “Монгол масс медиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Амундра, “Eagle News” телевизийн гүйцэтгэх захирал Б.Солонго нарын сэтгэгдлийг  сонссон юм.

“Монгол масс медиа” группийн дэд ерөнхийлөгч А.Амундра: CNN рүү и-мэйл  бичсэнээр хамтын ажиллагаа эхэлсэн

-Бид Монголын сэтгүүл зүйд CNN-ийн стандарт бий болгохыг зорьж байна. Бидний албан ёсны хамтын ажиллагаа өнөөдрөөс телевизийн сэтгүүлч, уран бүтээлчдийн сургалтаар эхэллээ. Бид өнгөрсөн оноос эхлэн туршилтын байдлаар мэдээ, мэдээлэл, нэвтрүүлгээ CNN-ийн мэдээллээ бэлтгэж түгээдэг зарчмаар явуулж, зарим контент дүрсийг ашиглаж эхэлсэн. CNN-ийн гол зарчим бол продюссерийн баг дээр суурилж, мэдээллийг олон талаас нь хүргэдэг. Энэ чиглэл рүү бид мэргэших  зорилготой. Анх энэ компанитай хамтран ажиллах хүсэлтээ и-мейлээр илгээж байлаа. Манай хамт олонд үнэт зүйл бий. “Eagle news” телевиз кино гаргадаггүй, хөтөлбөр дундуураа реклам явуулдаггүй. “Eagle” бол зөвхөн мэдээний телевиз байх ёстой  гэсэн зарчмаар явсан. Бидний үлгэрлэл бол CNN  байсан.

“Eagle news” телевизийн гүйцэтгэх захирал Б.Солонго: CNN-ийн нэвтрүүлгийг Монголын  үзэгчдэд хүргэнэ

-Өнөөдрөөс бидний албан ёсны хамтын ажиллагаа эхэлж байгаад баяртай байна. Манай телевиз продюсингийн системд шилжиж, тогтсон брэнд нэвтрүүлгүүдтэй боллоо. 2014 онд гурван удаагийн сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн. Цаашдаа CNN-ийн нэвтрүүлгийг албан ёсоор Монголын  үзэгчдэдээ хүргэнэ.

CNN-ийн брэнд продюсер Дэвид Молко:
“Eagle News” телевизийн хамт олонтой хамтран ажиллах болсондоо баяртай байна. “Eagle News” телевизийн сэтгүүлчдэд хийх сургалтаар тэдэнд хэрэг болохуйц санаа, арга барилыг танилцуулна. Өөрсдийн ажилладаг орчиндоо ямар зарчмаар мэдээ, мэдээллээ бэлтгэдэг талаар туршлагаасаа хуваалцаж, сэдэвчилсэн байдлаар сургалтаа явуулах юм.

“CNN International”-ийн Хонконгийн салбарын сэтгүүлч, хөтлөгч Паулин Чью:
Энэ томилолтыг аваад сэтгэл их хөдөлсөн. Анх удаа Монгол Улсад ирээд байна. Онгоцноос буухад -21 хэмийн хүйтэн байсан. Харин энэ нь  монголчуудад тийм ч хүйтэн биш гэж сонсоод гайхсан шүү. Хоёр өдрийн турш “Eagle News” телевизийн сэтгүүлчидтэй бүх туршлагаа хуваалцахад бэлэн байна.

 С.ОТГОН






NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж