Энэ сарын 7-нд Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээ, орон сууцны зориулалтаар баригдаж буй “Макс өргөө” компанийн барилгаас төмөр унаж, 36 настай Б-гийн амь насыг хохироосон хэрэг гарсан. Тэгвэл МХЕГ-аас уг ослыг хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй буюу цэвэр техникийн гэмтлээс үүдэлтэй гэж үзжээ. Энэ талаар тус газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Бямбасүрэн “Өргүүрийн пайлсны нэг тал нь мултарсаны улмаас дээврээс төмөр унаж, осол гарсан. Уг нь өргүүрийн пайлсыг хэн нэгэн тайлах ч юм уу, эсвэл өөрөө холхиод унах боломжгүйгээр бүдүүн боолттой, түгжээтэй байдаг. Харин бид хэргийн газраас тэр боолтыг нь хайгаад олоогүй. Иймд уг боолт яагаад сугарсан болон хэргийн үнэн, зөвийг тодруулахаар ажиллаж байна” гэв.
Түүнчлэн “Макс” группын барилга дээр 2012, 2013 онд хэд хэдэн шалгалт хийж байжээ. Тодруулбал 2012 оны есдүгээр сарын 1-нд зөрчлөө арилгах албан шаардлага хүргүүлж, тухайн оныхоо арванхоёрдугаар сарын 3-нд үйл ажиллагааг нь зогсоох хүртэлх арга хэмжээ авч байжээ. Мөн өнгөрсөн оны аравдугаар сарын 30-нд хийсэн шалгалтаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй 18 зөрчил илэрсэн ч өнөөг хэр нь гүйцэд арилгаагүй байсан тул хуулийн байгууллагад шилжүүлэх гэж байсан аж.
