АНУ-д нийгмийн халамжийн томоохон луйвар илрүүлэв

Хуучирсан мэдээ: 2014.01.09-нд нийтлэгдсэн

АНУ-д нийгмийн халамжийн томоохон луйвар илрүүлэв

АНУ-ын хууль сахиулах байгууллагынхан даатгал болон нийгмийн халамжийн төлбөртэй холбоотой томоохон хэмжээ­ний луйврыг илрүүлжээ. Луй­варт оролцсон хэргээр мягмар гарагт Нью-Йоркт 106 хүнийг баривчилсан байна. Тэдгээрээс 80 нь хуучин цагдаа болон гал сөнөөгч байсан хүмүүс юм байна.

Хэргийн материалд тэм­дэг­лэснээр гэмт хэрэгт холбогдсон цагдаа болон гал сөнөөгчид сэтгэхүйн өвчтэй мэт жүжиглэж, албан үүргээ гүйцэтгэж яваад ийм өвчин туссан гэж нийгмийн ажилтнуудад итгүүлдэг аж. Улмаар хөдөлмөрийн чадваргүй гэсэн акт гаргуулж нийгмийн халамжийн сангаас тэтгэмж авч байжээ. Тэтгэмжийн хэмжээ жилийн 30-50 мянган ам.доллар. Гэхдээ гэмт этгээдүүд энгийн эрүүл хүний амьдралаар амьдарч байсныг мөрдлөгийн явцад тогтоосон байна. Тэдний нэг нь нисдэг тэрэг жолоодож, нөгөө нь Лас-Вегасын казинод байнга тоглодог байсан гэнэ.

Энэхүү луйвартай холбоотой баривчилсан 106 хүнд бүгдэд нь эрүүгийн хэрэг үүсгэжээ. Хэргийн материалд тусгаснаар дөрвөн хүн энэхүү гэмт хэргийн сүлжээний гол зохион байгуулагч байсан гэнэ. Тэдгээр нь 83 настай прокурор болон ХМТ-ны ажилтан, 89 настай нийгмийн халамжийн зөвлөх, Нью-Йоркийн мөрдөгч цагдаа нарын үйлдвэрчний эвлэлийн 61 настай гишүүн гэж “The New York Times” сонинд бичжээ. Сэжигтнүүдийн 72 нь Нью-Йоркт цагдаа, найм нь гал сөнөөгч байсан бөгөөд олонхи нь 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон алан хядах ажиллагааны хор хөнөөлийг арилгахад гар бие оролцож байсан аж. Чухам үүнийгээ тэд сэтгэхүйн өвчин тусахад нөлөөлсөн гол шалтгаан хэмээн заажээ. Гэмт хэргийн энэ сүлжээ бүр 1988 онд бий болсон аж. Сүлжээний тусламжтайгаар 1000 гаруй хүн хууль бусаар нийгмийн тэтгэмжийн мөнгө авчээ. Энэхүү гэмт хэргийн улмаас 400 сая орчим ам.долларын хохирол учирсан байна. Ойрын үед цагдаагийнхан нэмж 50 орчим хүнийг баривчилна гэж эх сурвалж “The New York Times” сонинд мэдээлжээ.

Б.МИШЭЭЛ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж