Улаан буудайн зах зээл улайссан уу

Хуучирсан мэдээ: 2014.01.09-нд нийтлэгдсэн

Улаан буудайн зах зээл улайссан уу

-100 мянган тонн улаанбуудай импортоор авч нөөц бүрдүүлнэ-

Хоолтой хоолгүйн зовлон ижил юм аа гэх бодол зурсхийгээд болдоггүй ээ. Манайхан дээр дооргүй л хойд хөршөөсөө 100 мянган тонн улаан буудай авах асуудлыг ам дамжуулан ярих боллоо. Энэ нь хэдийгээр улаан буудайн нөөц бүрдүүлэлтэд нэмэр болмоор юм шиг хэрнээ нэдэр дээрээ асуудлын гогцоо арай өөр зүйл шиг бодогдоод эрх ашгийн ямар нэгэн зөрчил байна уу гэж хардахад хүргэв. Учир нь манай улс саалиа бэлдэхээр саваа бэлд гэх үнэнд баригдаж буудай хадгалах савгүйгээс их хэмжээний нөөцөө дотооддоо ч ашигласан юмгүй гадаадад ч гаргасан зүйлгүй илжрүүлж байсан түүх бий. Агуулах савгүй хэмээн шүүмжлүүлдэг энэ салбар дотоодынхоо буудайг нөөцлөх учраа олоогүй байж гаднаас нэмж 100 мянган тонн буудай авахаар нэгэнт асуудлаа зохицжээ. Дотоодынхоо нөөцийг манай улс өлхөн хангана гээд байсан яриаг сануулмаар. Тэгвэл буудайг гааль, болон нэмүү өртөгийн албан татваргүйгээр импортлох тухай хуулийг өргөн бариад түүнээ амжилттай болгоод байгаа ҮХААЯ-ны сайд Х.Баттулгын уг санааг МАН-ынхан ухаж эхэллээ. Сөрөг хүчнийхний хардаж буйгаар нөгөө талаас нь харвал нэмүү өртөг, элдэв төрлийн татваргүй буудай оруулж ирэх нь үнэ хямд гурил иргэдэд хүрэх юм шиг харагдаад байгаа ч жаахан ухаад бодвол манай улсын гурил будааны зах зээлд өөрийн гэсэн бизнестэй эрх баригчдад ээлээ өгөх магадлалтай асуудал гэж үзэж байгаа аж.

Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэмээн гурил, мах, шатахууны компаниудад төр гар сунгаж байсан ч өнөөдрийг болтол иргэдэд үр өгөөжөө өгсөн нь үгүй. Тиймээс энэхүү буудайн асуудал ч өгөөжөө өгөх цөөхөн үйлдвэрлэгчдийн тогоонд угаагдах вий гэх болгоомжлол тээж буйгаа МАН-ынхан нуусангүй ээ.  

Манай улс  2013 онд 369 мянган тонн улаан буудай хурааж авчээ. Үүнээс дотоодын гурил үйлдвэрлэгчдэд нийлүүлэх бо­ломжтой буудайн хэмжээ 248 мянган тонн гэнэ. Гэтэл манай улсын улаан буудайн жилийн хэрэгцээ 340-360 мянган тонн гэсэн дундаж тооцоо бий. Тиймээс эрэлтээ дагаж  100 мянган тонн улаан буудайг нэмж импортоор оруулж ирэх зайлшгүй шаардлага гарч байгааг өчигдөр салбарын яамнаас мэдэгдээдхэв. Тэгвэл энэхүү мэдэгдлийн эсрэг байр суурьтай байгаагаа УИХ дахь МАН-ын бүлгийнхэн илэрхийлж гаднаас 100 тонн улаан буудай импортлохоор болсон асуудлыг “буруу шийдэл” гэлээ.

“Атрын III” аян, улаан буудайнд урамшуулал өгөх гэх мэт бодлогын үр дүнд Монгол Улс 2010 он гэхэд өөрийн хэрэгцээг 100 хувь хангаад, дээрээс нь 204 мянган тонныг экспортлох, нөөцлөх хэмжээнд хүргэсэн. Гэтэл өнөөдөр салбарын алдаатай бодлогын үр дүнд 100 мянган тонныг гадагш экспортлох тухай биш, 100 мянган тонн буудайг гаднаас импортлон оруулж ирэх гэж байгаа нь салбарын сайдын ажилдаа хайнга хандаж буй үр дагавар гэцгээж байгаа юм. МАН-ынхны эсэргүүцлээ илэрхийлж байгаагаар нэг тонн буудайг оруулж ирэх зардал нь 320 сая төгрөг. Тэгэхээр 100 тонныг импортлосноор 30 гаруй сая ам.долларыг цэвэр гадагш нь алдаж байна гэдгийг онцоллоо. Харин салбарын яамнаас дээрх асуудлын хариу болгож “Улсын нөөц бүрдүүлэх зорилгоор 100 мянган тонн улаан буудайг ирэх жилийн зургадугаар сарын 1-нийг хүртэл гаднаас импортлох шаардлагатай. Учир нь сүүлийн жилүүдэд ургац хураалт дээр нэмж, улсын нөөцөд байсан улаанбуудайг гурил болгон хэрэглэсээр ийнхүү нөөц дуусах дөхсөн. Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгад улаан буудайг стратегийн хүнс гэж тодорхойлсон бөгөөд стратегийн бүтээгдэхүүний нөөцийг ихээр анхаарч байх ёстой тул 100 мянган тонныг импортлох зайлшгүй хэрэгцээ байна” гэж байгаа юм. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга “100 мянган тонн улаанбуудай импортлох учраас гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, импортлогч, хэрэглэгчдэд ирэх үнийн дарамтаас сэргийлэх нь чухал. 2008 онд “Атрын-III” аяныг эхлүүлснээр манай улсын газар тариалангийн салбарт сэргэлт болж буудайн ургац хураалт нэмэгдсэн ч дотоодын буудайн хэрэгцээгээ 100 хувь хангаж чадахгүй байгаа. Тодруулбал, 2009 онд 114 мянган тонн буудай импортоор орж ирсэн бол 2010 онд 66 тонн 2012 онд дөрвөн тонн буудай импортоор орж ирсэн. 2012-2013 онд манай улсад шинээр 10 гурилын үйлдвэр ашиглалтад орж суурилагдсан хүчин чадал нь 280 мянган тонноор нэмэгдэн, үйлдвэрлэл өссөнөөр нөөцөд байсан 112.2 мянган тонн буудай үйлдвэрийн эргэлтэд орлоо. Тиймээс буудайн нөөцгүй болоод байна. Энэ бүхний эсрэг дотоодын гурил үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангаж гурилын үнийг нэмэгдүүлэхгүйн тулд 2014 онд стратегийн нөөц бүрдүүлэх зорилгоор  100 мянган тонн буудайг импортоор авна. Гурил үйлдвэрлэгчид хөрш ОХУ-аас гааль, нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн үнээр буудай авсан тохиолдолд гурилын үнийн тогтвортой байдал алдагдаж иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс 100 мянган тонн стандартын шаардлага хангасан буудайг 2014 оны зургадугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд импортоор оруулахад гааль нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгаж УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцэх эсэхийг нь шийдлээ. 2013 оны буудайн баланс мэдээллээс харахад спиртийн үйлдвэрт 7.1 мянган тонн буудай хуваарилагдсан байна. Энэ нь нийт хураан авсан буудайн хэмжээний дөнгөж хоёр  хувь нь шүү” гэлээ. Өмнөх онуудад илүүдээд байсан буудайг хааш нь хийчихээд гаднаас дахин 100 мянган тонн улаан буудай авах гээд байгааг салбарын сайдаас асуумаар. Үнэхээр энэ салбар буудайн нөөцгүй улайсчихсан юм гэж үү.

М.МӨНХТУНГАЛАГ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж