Алдагдсан ургацын гайг нөхөх төлөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2014.01.09-нд нийтлэгдсэн

Алдагдсан ургацын гайг нөхөх төлөвлөгөө

Алдагдлаа
нөхөх, аргалах тактик газар тариалангийн салбарт хэрэгжих хэрэгтэй
болжээ. Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт манай улс арвин
туршлагатай  ч цаг уурын гэнэтийн цочролд шууд өртчих гээд байдаг
гэмтэй. Үүний сонгодог жишээ нь ургац хураалт. Жил бүрийн намар цаг
агаар гэнэт цочирвол ургацаа алдчихгүй юмсан гэсэн бодол тээх хүмүүс
багагүй бий. Өнгөрсөн жил ургац хураалт гайгүй сайн, бүтэн жилээ даана
гэж албаныхан ярьж байлаа. Ингээд 369 мянган тонн улаан буудай хурааж
авсан бөгөөд их хэмжээ мэт санагдавч улаанбуудайнаас гурил гарган авч,
дотоодын хэрэгцээг хангаж чадахгүй хэмжээ ажээ. Ийнхүү 2013 оны
төгсгөлөөр энэ ухаарал ил болж, хэрэгцээгээ хангахын тулд импортлох
шаардлагатайг салбар яамныхан онцолсон юм. Энэ талаар өчигдөр Үйлдвэр,
хөдөө аж ахуйн яамнаас мэдээлэл хийж, учир байдлыг тайлбарласан.
Монголчуудын жилийн туршид хэрэглэх гурилын хэрэгцээнд 340-360 мянган
тонн улаанбуудай шаардлагатай ажээ. Гэтэл дээрх хэмжээний улаанбуудай
хураан авсан ч гурил үйлдвэрлэгчдэд нийлүүлэх боломжтой буудайн хэмжээ
нь 248 мянган тонн бөгөөд нийт хэрэгцээг хангахын тулд 100 мянган тонн
улаанбуудай гаднаас импортлох хэрэгтэй болжээ. Их хэмжээний улаанбуудайг
гаднаас импортлоход гурил үйлдвэрлэгч компаниудад өртөг, татварын
дарамт багагүй тулгарахаар болж байгаа. Тиймээс салбарын сайд
улаанбуудайнд ногдуулдаг гаалийн болон НӨАТ-ыг чөлөөлөх тухай хуулийн
төсөл санаачилсан бөгөөд УИХ-аар хэлэлцэхээр болжээ. Нэгэнт дотоодоосоо
жилийн хэрэгцээг даах улаанбуудайг бүрдүүлээгүй учраас импортоор авахад
тулгарч болзошгүй саадыг ийн шийдэх эсэх талаар ярилцах юм байна. Энэ
асуудал дэмжигдвэл 100 мянган тонн улаанбуудайг ирэх зургадугаар сарын
1-нээс импортолж эхлэх төлөвлөгөөтэй бөгөөд гаалийн болон НӨАТ-ын
хөнгөлөлтөд зургаан тэрбум төгрөг шаардагдах ажээ. Ийм арга хэмжээ
авахгүй бол эцсийн бүлэгтээ иргэдэд “ачаа” болж, гурилын үнэ кг тутамдаа
150-200 төгрөгөөр нэмэгдэх  таагүй прогноз байгаа гэнэ лээ. Эдийн засаг
хүндхэн, иргэдийн худалдан авах чадвар муу байхад гурилын үнэ өсвөл,
гурилан бүтээгдэхүүний үнэ дагаад өсөх нь дамжиггүй юм. Ингээд л хамаг
асуудал иргэдэд овоорч, гурилаа авахгүй байж чадах биш, бухимдал
нэмэгдэнэ. Ямар ч арга байсан үнэ битгий нэмэгдээсэй гэж хүсэх байна.

Нөгөө талдаа импортыг эсэргүүцэх шалтгаан

Дээр
өгүүлсэнчлэн улаанбуудайн гаалийн болон НӨАТ-ыг чөлөөлөх тухай хуулийн
төслийг УИХ-д хэлэлцэж буйтай холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлгийнхэн
энэ асуудалд өөр байр сууринаас хандаж байна. Тодруулбал, манай улсад
бодит байдал дээр 20-30 мянган тонн улаанбуудай хэрэгтэй бөгөөд 100
мянган тонныг импортлох шаардлагагүй гэж байгаа. 100 мянган тонн
улаанбуудайг импортолвол тариалан эрхлэх сонирхлыг бууруулах, 
тариаланчид улаан буудай биш рапс тариалахад нөлөөлөх, валютын урсгалыг
гадаад руу гаргах хор уршигтай гэдгээр тайлбарлаж буй. Мөн 2013 оны
ургац хураалтаас 45 орчим га газрыг хурааж чадалгүй алдсан талаар
мэдээллэсэн. Ийм хэмжээний талбай цаг уурын хүчин зүйлээс болж цасанд
дарагдсан гэж тайлбарлах ч  энэ талбайд рапс тарьж, гадагшаа худалдсан
юм биш биз? гэж хардах хүмүүс бий. Рапс нь хөрсний шим тэжээлийг сордог,
тэр газар дахин буудай тарих боломжгүй болгодог бөгөөд үүнээс тос
гарган авдаг байна. Рапсын үнэ жилээс жилд нэмэгдэх болсон тул тарьж,
худалдах сонирхол ихэсч буйтай зэрэгцэн манай урд хөрш ч газар нутагтаа
рапс тарихыг хориглох болжээ. Дотоодын гурилын хэрэгцээгээ хангах
улаанбуудай хураан аваагүйн учиг шалтгааныг рапс гэж хардах хүмүүс байх ч
энэ баттай болоогүй.

 Ямартай ч тариалангийн салбарт маань ийм
хардлага байна. Үүнээс үзэхэд улаанбуудайгаа экспортолж ашиг олох
боломжтойгэж энэ жилдээ ярихааргүй боллоо. Арай гэж импортоор авч
дотоодынхоо хэрэгцээг хангаж байхад гадагшаа худалдах асуудал мөрөөдөл
мэт байна. Техник технологийн шинэчлэлийг хийсний дараа экспортлох
асуудлыг хөндсөн нь дээр гэж салбарынхан үзэх бөгөөд эхний ээлжинд
дотоодынхоо асуудлын шийдлийг хүлээж байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж