759 тэрбумыг гаргах тэнхээ байна уу?

Хуучирсан мэдээ: 2014.01.09-нд нийтлэгдсэн

759 тэрбумыг гаргах тэнхээ байна уу?

Сөрөг хүчний улстөрийн тоглолт ирэх өдрүүдэд цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэх шаардлагаар үргэлжлэх нь нэгэнтээ тодорхой болов. Гэхдээ эдийн засаг эмзэг байгаа үед сар шинээс урьтаж, нэг далайлтаар цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх тэнхэл энэ улсад бий гэж үү? .

УИХ-ын гишүүн Я.Содбаатарын хэлснээр энэ оны нэгдүгээр сараас эхэлж цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэхэд 2014 оны төсөвт суулгасан 235 тэрбум төгрөгөөс гадна 524 тэрбум төгрөг нэмж шаардах тооцоо байна. Нийт дүнгээрээ энэ нь 759 тэрбум төгрөг болно. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчдын цалин, ахмад настнуудын тэтгэвэр, халамжийнхны тэтгэмжийг 30 хувиар нэмэхийн тулд хувийн хэвшлийнхэн илүү хөдөлмөрлөхөөс аргагүй болж байна гэсэн үг. Бодит байдлыг авч үзвэл хувийн хэвшлүүд өнөөдөр ажилчдынхаа цалинг чадан ядан тавьж, хаалгаа барихгүйн төлөө шүд зуун зүтгэж байна.

Харин МАН-ынхны шаардлагаар зөвхөн төрийн албаныхан, ахмадууд, мөн халамжийнхны авдаг цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэж байвал ард иргэдийн амьдрал сэргэх нь. Энэ бол дэндүү гэнэн төсөөлөл. Хувийн хэвшлийнхэн гэх тэрхүү том армийг мартаж болохгүй. Улсын хэмжээнд өнөөдөр 70 мянга гаруй аж ахуйн нэгж үйл ажиллаага явуулж байна гэсэн тоон мэдээ бий. Тэдний цаг наргүй хөдөлмөрийн үрээр Монголын нийгэм өнөөдөртэй золгосон. Харин санхүү, эдийн засгийн хямрал нүүрлэхэд хэн хамгийн тэргүүнд өртөж байсан бэ, хувийн хэвшлийнхэн. Төрийн албан хаагчдын цалинг нэмэх шийдвэрийг Засгийн газраас гаргахад хэний сэтгэл гонсойж, ажилчдынхаа нүүрийг яаж харна даа гэж эмзэглэж суусан нь хэн бэ, мөн л ажил олгогчид. Тэд нарийндаа бус боломж нь байгаагүй учраас тэр. Харамсалтай нь, цалин хөлсний нэмэгдэл бүтээмжийг дагаж бий болдогийг өнөөгийн цөөнх эрх барьж байхдаа ойлгоогүй шигээ одоо ч ойлгоогүй л явна.

Валютын ханшийн өсөлт, төгрөгийн уналт зэргээс шалтгаалж иргэдийн худалдан авах чадвар буурсан нь маргашгүй үнэн боловч яагаад өнөөдрийн бодит байдалдаа дүгнэлт хийж, цалин, тэтгэврийг шууд 30 хувиар өсгөх бололцоо байна уу, эх үүсвэрийг нь хаанаас бүрдүүлэх вэ гэдгийг бодолцож болохгүй байна вэ. Энэ зэргийн тооцоог гаргаад ирэх эдийн засагчид МАН-д өчнөөн бий. Ийм байтал Монголын эдийн засгийг хорлоё, хувийн хэвшлийнхнийг өрөөсөн хөл дээрээ тогтож ядаж байхад өшиглөөд унагачихъя гэсэн шиг хорлонтой шаардлага яагаад тавьснаар хэн хожих юм. Монгол Улс нэг, улстөрчид буруу шийдэл гаргавал ард түмэн нийтээрээ хохирно, зөв шийдэлд хүрвэл монголчууд л хожно. Үүнийг цөөнх ойлгодог л байлтай.

МАН Засгийн эрх барьсан 2008-2012 онд цалин, тэтгэврийг 50 гаруй хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргаж байсан тухай сануулсан.  Энэ үнэн, гэвч ард иргэдийн амьдрал бодит утгаараа хэр сайжирсаныг дүгнэж бас хэлэх хэрэгтэй болов уу. Эдийн засгийн өсөлт ДНБ-ний 20 гаруй хувийг давсан тухай сайхан мэдээ цацагддаг байсан ч монгол өрхийн тооноор энэ өсөлт орж, иргэндээ наалдсан билүү. Цалин, тэтгэврийг нэмэх сургаар  бараа, бүтээгдэхүүний үнэ өсч, ард иргэдийн амьдралд дарамт учруулж ирснийг мартах учиргүй. Унаанд суух болоход “Шатахууны үнэ нэмэгдсэн” гээд микробусын үнэ 1000 төгрөгт хүрдэг байв. Өдөөгч нь өнөөх лайтай цалин, тэтгэврийн нэмэгдэл. Хэдийгээр төрийн албан хаагчид нэмэгдсэн цалин авах нь сайхан сэтгэгдэл төрүүлдэг байсан ч “Хүчит шонхор” худалдааны төв ороод ирэхдээ халагладаг байв. Хоёрхон хоногийн дотор махны үнэ 1 кг тутамдаа 400-800 төгрөгөөр өсч, цалингийнх нь нэмэгдлийг залгичихдаг байсан болохоор тэр.

Одоо харин сар шинээс урьтаж цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэх шийдэл гарвал эдийн засаг сульдаатай байгаа үед юу болох бол… Инфляци бүр дээшээ хөөрч иргэдийн худалдан авах чадвар навс унах байлгүй. Арай ядан ажилчдынхаа цалинг тавьж, хямралтай тэмцэж байсан хувийн хэвшлүүд хаалгаа баривал татварын орлогыг юугаар бүрдүүлэх вэ. Монголоор нэг ажилгүй иргэд юу хийж үр хүүхдээ тэжээх вэ. Нийт монголчуудынхаа эрх ашгийг бодох ёстой юу, нэгээхэн хэсгийнхний амьдралыг бодох ёстой юу, Ардын намынхаан.

Улс орныг удирдаж явсан улстөрийн тулхтай хүчний хувиар бодит байдлаа улстөржүүлэлгүйгээр нэг сайн хараач. Цалин, тэтгэврийг нэмэхэд шаардагдах 759 тэрбум төгрөг хаана байгаа юм бэ. Эх үүсвэр нь юу байх юм бэ?.


Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж