Н.Алтанхуягт гардуулсан үүрэг

Хуучирсан мэдээ: 2014.01.09-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуягт гардуулсан үүрэг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны 01 тоот зарлигаа өчигдөр гаргалаа. Засгийн газарт чиглэл өгсөн энэхүү зарлиг нь төрийг хэмнэлттэй, үр ашигтай горимд шилжүүлж үйлчилгээг иргэдэд ойр, хүртээмжтэй болгох зорилготой аж.

Бүтэц агуулгын хувьд таван заалттай бөгөөд яг юу хийх вэ гэдгийг тун тодорхой заажээ. Үүнд:

1.    Нийслэлийн өмчийн Хангарьд ордонг төр түрээслэх нөхцөлтэйгөөр хувьчлах;

2.    Хангарьд ордонг төр түрээсэлж  дор дурдсанаас бусад агентлагийг тус ордонд багтаахаар зарлигт тусгажээ. Үндэсний аюулгүй байдлын шаардлагаар Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрыг үүнд хамааруулахгүй юм.

3.    Төрийн ордны зүүн тал дахь хуучин хэвлэх үйлдвэрийн суурин дээр төр түрээслэх нөхцөлөөр хувийн өмчийн барилга бариулах;

4.    Тус барилгад бүх яамдыг багтаах, гэхдээ үндэсний аюулгүй байдлын шаардлагаар Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яамыг үүнд хамааруулахгүй байх;

5.    Энэхүү барилга нь ухаалаг төр ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлсэн байх, тодруубал, төрийн албан хаагчдын үйл ажиллагаа олон нийтийн хяналт дор буюу ажлын үйл явц нь  ил тод байх, судалгаа, мэдээллийн болон дэвшилтэт технологийн нэгдсэн сүлжээтэй байх нөхцлийг бүрдүүлсэн байх, төрийн албан хаагчдад хамгийн үр дүнтэйгээр ажлаа гүйцэтгэх  шаардлагад нийцсэн байх юм.
Мөн энэхүү зарлигт нэгэн үүрэг давхар ногдуулсан нь зарлигийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид болон олон нийтэд улирал тутам мэдээлж байхыг Ерөнхий сайд Н.Алтанхуягт өгсөн даалгавар байв.

Яагаад. Яагаад заавал төр өөрийн өмчлөлд байгаа зүйлээ хувьчлана гэж хэмээх асуулт гарч ирэх нь ойлгомжтой. Энэ талаар өмнө нь Ц.Элбэгдорж “Том төрөөс ухаалаг төр” үндэсний зөвлөлдөх уулзалтын үеэр тайлбарлаж байж. Тэрээр “Нийслэл ганцхан шаардлага тавиад хар байшингаа хувьчилчих” гэж хэлж байсан бөгөөд  “Ухаалаг төр бол өөрөө хэмнэлттэй төр юм. Нэгд хуулийн хэрэгжилтийг хангах хэсэг, хоёрт судалгаа хөгжлийн хэсэг, гуравт үйлчилгээ хүргэх хэсэг, дөрөвт үйл ажиллагааг дэмжих хэсэг гэж ангилна. Үйл ажиллагааг дэмжих хэсэг дотор гэрээ, түрээс гэж ангилсан. Төр ер нь юуг гэрээ, түрээсээр хэрэглэж болох вэ? Төрд эд хогшил байх шаардлага байна уу? Бүх эд хогшлыг бид түрээсээр авч болно. Байшинг хүртэл түрээслэх хэрэгтэй. Нийслэл шинэ байшинд нүүх сурагтай байсан. Хуучин хар байшингаа ганцхан шаардлага тавиад л хувьчилчих. Энэ байшинг чинь төр түрээсэлнэ гээд л. Тэгвэл манай бизнес эрхлэгчид хамгийн түрүүнд худалдаж авахын төлөө явна. Яагаад гэвэл түрээслэгчид бэлэн, байнгын орлоготой байна. Хар байшингаа хувьчлаад бүх агентлагаа оруулчих. Ганц байшинд Монголын бүх агентлаг байж болно. Хуучин хэвлэх үйлдвэрийн байшингийн оронд яамдын байшинг бариад доогуур нь хонгил хийгээд төрийн ордонтой холбочих. Монголд Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам хоёр л тусдаа байшинтай байг. Төр түрээсэлдэг болчихвол түрээсийн зовлонг мэдэрч эхэлнэ. Төр буруу бодлого явуулаад л инфляци үүсгээд байдаг. Одоо түрээслэгч болчихоор зовлонг нь мэдэрнэ. Бүгдээрээ ард иргэдтэйгээ зовлон нэгтэй л байя л даа. Төрийг ийм хэлбэрт оруулах хэрэгтэй. Одоо энэ машин унаа, бүх зүйл түрээсийн байж болно. Жолоочийн цалин, нийгмийн даатгал гээд бүх асуудлыг тухайн компани хариуцна. Ингэснээр төрөө дагаад эдийн засаг босоод ирнэ. Шинэ бүтцэд орохыг хуучнаас ашиг олдог хүмүүс л эсэргүүцнэ. Монгол Улс ухаалаг төртэй болно. Бид хангалттай ярилцсан одоо шийдэх цаг болсон” гэж байв.

Ийнхүү Ерөнхийлөгчийн институцийн зүгээс нэгдсэн бодлого, хяналт, хариуцлага үгүйлэгдэж буй өнөөгийн том төрөөс ангижирч, хамгийн үр дүнтэйгээр ажлаа гүйцэтгэх чадвартай, дэвшилтэт технологийн сүлжээ, мэдээллийн тогтолцоонд тулгуурласан, нээлттэй, тунгалаг, шуурхай, хүртээмжтэй, мэдлэг дээдэлсэн, хуулийн засаглалтай ухаалаг төрд шилжих саналыг дэвшүүлэн тавьснаа ажил хэрэг болгохоор “урд гараад алхаж эхэллээ”.

Мэдээж иргэдийн хувьд төрийг хэмнэлттэй, үр ашигтай горимд шилжүүлж эдийн засгийн харилцаанд иргэдтэйгээ ижил тэгш оролцох, тэдэнд тулгардаг бэрхшээлийг нэгэн адил үүрэх, нэг дор төвлөрсөн засгийн байгууллагаас хүртээмжтэй үйлчилгээ авахыг хүсч байгаа. Харин Засгийн газрын бүтцийнхэн хүсч байгаа юу. “Шинэ бүтцэд орохыг хуучнаас ашиг олдог хүмүүс л эсэргүүцнэ” гээд Ерөнхийлөгчийн зүгээр л нэг чамирхаад хэлчихээгүй л байх.

Харин иргэдийн хувьд нэг зүйлийг ажиглаж байгааг төр, засгийнхан мартаж болохгүй. Тэд хувьчлал нэрийн дор луйвар хийхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.

Б.Манд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж