
Монголчуудын хамгийн олноор ажиллаж амьдарч буй БНСУ дахь Голомт банкны үйл ажиллагаа өргөжин тэлж Сөүл хотын Мапо дүүрэгт тус банкны хоёр дахь төлөөлөгчийн газар албан ёсоор нээгдлээ.
Өнгөрсөн хугацаанд үйлдвэрлэл өндөр хөгжсөн Ансан хотод тус банкны төлөөлөгч монголчууддаа зориулан мөнгөн гуйвуулга, онлайнаар хадгаламжийн данс нээх үйлчилгээ, мөнгөн хадгаламж, орон сууцны зээл зэрэг банкны багц бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг чанарын өндөр түвшинд хүргэж ирсэн бөгөөд ийнхүү тус банк Сөүл хотод төлөөлөгчийн газраа нээснээр илүү олон хүнд хүрч ажиллах боломжтой боллоо.
Монголын хамгийн том банк болох нь 2010 оны арилжааны банкуудын санхүүгийн үзүүлэлтээр тодорхой болсон Голомт банк хилийн чанадад аялж зугаалж, амьдарч сурахаар явж буй хэн бүхний хэрэгцээнд тохирсон банкны үйлчилгээг дэлхийн жишигт нийцсэн стандартаар хүргэж ирсэн юм.
Тэр дундаа хэн нэгэн дотны хүнээрээ дамжуулан Монгол дахь банкинд мөнгөө хадгалуулдаг байсан цаг ард хоцорсныг зарлаж, онлайнаар хадгаламжийн данс нээлгэж, интернэт банкаар мөнгөн хадгаламжаа захиран зарцуулах шинэ боломжийг гадаадад ажиллаж амьдарч буй монголчуудынхаа өмнө нээсэн нь олон хүний талархлыг хүлээсэн анхдагч алхам болсон юм.
Харийн орноос гэр бүлийнхэндээ мөнгө илгээх, хуримтлуулсан мөнгөө найдвартай хадгалуулах цаашлаад хүссэн орон сууцаа хэн нэгнээр зуучлуулгүйгээр банкны зээлд хамрагдаж авах гээд санхүүгийн олон янзын хэрэгцээ шаардлага гадаадад ажиллаж амьдарч буй элэг нэгтнүүдэд бий. Тэдний хэрэгцээ шаардлагыг ханган ажиллахын төлөө БНСУ-ын Сөүл хотын Мапо дүүрэг, 6-р шугам, Дэхүн зогсоол, 4-р гарцны ойролцоох Шинхан банкны байранд ийнхүү Голомт банк үйл ажиллагаа явуулж эхэллээ.