
Яг үүнтэй ижил төстэй хууль зөрчсөн үйлдлийг УИХ-ын сонгуулийн зургадугаар тойрог буюу Дорноговь, Говьсүмбэр аймагт МАН-аас нэр дэвшигч Ж.Батсуурь хийжээ. Тэрээр 2012 оны сонгуулийн сурталчилгааны үеэр буюу зургадугаар сарын 24-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын тавдугаар багийн нутаг Жарангийн худаг, Цайдам гэх газарт иргэд сонгогчидтой уулзах үеэрээ УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.15.1 дэх заалтыг зөрчсөн байна. Тус заалтад “…Сонгогчдод мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг төлбөргүйгээр болон хөнгөлөлтэйгээр үзүүлэх, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулахыг хориглоно…” гэсэн заалтыг зөрчиж, “Намайг болон МАН-ыг дэмжээрэй” гэж иргэнТ.Батжаргал, Ч.Баярсайхан, Ш.Алтангэрэл, Г.Чойдовдаш, Д.Цогзолмаа нарт тус бүр 100.000 төгрөг, Г.Санжаад 40.000 төгрөг өгч, иргэний сонгох эрхэнд нь санаатайгаар саад учруулжээ. Энэхүү хууль бус үйлдэл нь гэрчтэй, баримтаар нотлогдсон тул хэрэг явдлыг Говьсүмбэр аймгийн цагдаагийн газар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Прокурорын газар ч Ж.Батсуурийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130 дугаар зүйлийн 130.2-т заасан гэмт хэрэгт буруутай хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэн харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн шүүхэд өнгөрсөн 2013 оны дөрөвдүгээр сард шилжүүлжээ. Гэвч Сүхбаатар дүүргийн шүүх яллагдагч Ж.Батсуурийг яллах дүгнэлттэй хамт шүүхэд хүлээлгэн өгөөгүй гэдэг шалтгаанаар хэргийг хүлээн авахаас татгалзсан байна.
Харин оны өмнөхөн Нийслэлийн прокурорын газраас онц хүнд, ээдрээ төвөгтэй, олон нийтийн анхаарал татсан 12 хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Дээрх 12 хэргийн тоонд УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн сонгуулийн хууль зөрчсөн хэрэг багтсан. Эл хэрэг Нийслэлийн прокурорын газарт хоёрдахь удаагаа ирж Сүхбаатар дүүргийн шүүх рүү мөн хоёронтоо шилжжээ. Ингэхдээ прокурорын газар Ж.Батсуурийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130 дугаар зүйлийн 130.2-т заасан гэмт хэрэгт буруутай хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэн харьяаллын дагуу ийн шүлжүүлсэн юм байна. Эрүүгийн хуулийн 130.2-т “Энэ хэргийг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, хуурч мэхлэх, эд мөнгөөр татах, санал худалдаж авах зэрэг аргаар үйлдсэн бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 71-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эс бөгөөс гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан байдаг аж.
Хэдийгээр Ж.Батсуурь гишүүнтэй холбоотой хэрэг Улсын Дээд Шүүхээр харьяалал тогтоолгосон ч УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хэргийг шийдэхэд саад болоод байгаа аж.