Гэхдээ Ардчилсан намынхан 2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх мөрийн хөтөлбөртөө энэхүү шинэлэг үзэл баримтлалыг тусгасан байсан нь эхнээсээ хэрэгжиж буй юм байна. Тухайлбал, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтыг ямар бүтээн байгуулалтад зарцуулах талаар иргэд саналаа өгдөг, эргээд зарцуулалтыг нь хянадаг болжээ. Энэ нь эргээд орон нутаг хөгжих хөшүүрэг болж өгч буй аж.
Ганц жишээ дурдахад, Сүхбаатар аймгийн төв Баруун-Уртад сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлснээр сумын оршин суугчид жилээс жилд өсөн нэмэгдэх хандлагатай болжээ. Тухайлбал, 2008-2013 оны хооронд аймгийн хэмжээнд 3235 хүн, Баруун-Урт сумын хэмжээнд 1523 хүн бусад аймаг, сумдаас шилжин ирж, суурьшсан байна. Сүхбаатар аймгийн хамгийн цөөн хүн амтай Наран сум гэхэд 2013 оны байдлаар 1537 хүнтэй гэж бүртгэгджээ. Тэгэхээр нэг жижиг сумын хэмжээний хүн ам аймгийн төвдөө нэмэгдсэн гэсэн үг. Энэ мэтчилэн орчин нөхцөлийг нь сайжруулаад ирэхээр уугуул иргэд нутагтаа эргэн ирж, суурьших боломж харагдаж байгаа юм.
Олон улсын жишгийг сонирхож үзвэл, 130 шахам сая хүн амтай Япон улсад 50 мянгаас дээш хүн амтай суурин газрыг хот хэмээн нэрлэж байна. Харин Монголд энэ талаар тодорхой заасан хууль байдаггүй.
Статистикаас харахад, хамгийн олон буюу 100 мянгаас дээш хүн амтай Хөвсгөл, Өвөрхангай, Баян-Өлгий, Сэлэнгэ зэрэг аймгуудын хувьд зөвхөн төвдөө 23.000-35.000 иргэн амьдарч байна. Харин хамгийн цөөн хүн амтай аймгийн төв болох Булган аймгийн Булган суманд 12 мянга гаруй иргэн аж төрдөг гэсэн мэдээлэл байна.