Энэтхэгт суралцах тэтгэлэг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2014.01.08-нд нийтлэгдсэн

Энэтхэгт суралцах тэтгэлэг зарлалаа

Монгол улсын иргэн таныг Энэтхэг Улсын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын сургалтад инженер, технологийн чиглэлээр тэтгэлэгтэй суралцуулах сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

2014-2015 оны хичээлийн жилд Монгол Улс, Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд 40 хүртэл оюутанд тэтгэлэг олгохоор болжээ.
 
Бакалаврын сургалтад магадлан итгэмжлэгдсэн их,  дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны залуус хамрагдах боломжтой. Шалгаруулалтад оролцохыг хүсэгчид нэгдүгээр сарын 16-ны дотор өөрийн суралцаж буй сургуулийн уг асуудлыг хариуцсан ажилтанд бүртгүүлэх юм байна.

Харин магистрын сургалтад бакалавр зэрэгтэй, докторын сургалтад магистрын зэрэгтэй Монгол Улсын иргэд хамрагдах эрхтэй бөгөөд дипломын голч дүн 3.0 ба түүнээс дээш байна.

Бүртгэл энэ сарын  18, 19-ний өдрийн 10.00-16.00 цагт МУИС-ийнТөв байрны 219 дугаар өрөөнд явагдах юм байна. Сонгон шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд бичгэн шалгалтад амжилттай дүн үзүүлсэн 80 хүн ярилцлагад орж тэндээс  40 хүнийг сонгон шалгаруулж, тэтгэлэгт нэр дэвшүүлэх аж. Түүнчлэн нийт тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчдээс англи хэлний, бакалавр, магистрын сургалтад хамрагдахыг хүсэгчдээс мэргэжлийн шалгалт авах юм байна.  
       
Дашрамд дурдахад, жилд 16 орны тэтгэлэг зарлагддаг бөгөөд Засгийн газрын тэтгэлэгтэй суралцуулах орон, сурах мэргэжлийн чиглэл, хүний тоо, шалгалтын хуваарь, сонгон шалгаруулах нөхцлийг шалгалт эхлэхээс өмнө яамны хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлдэг билээ. Одоогоор  Хятад, Чех улсад суралцах хүмүүсийн шалгалтыг Элчин сайдын яамд нь бие даан зохион байгуулж байна. Бусад оронд суралцах хүмүүсийн сонгон шалгаруулалтыг БШУЯ тухайн орноос манай оронд суугаа Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулдаг байна.

Энэтхэгийн тэтгэлэгийн дараа гуравдугаар сард ОХУ-ын, 2-4 дүгээр сард Польш, Унгар, Румын, Хорватын, 3-4 дүгээр сард БНХАУ, ӨМӨЗО-ны , 4-5 дугаар сард Турк, Украйн, Казакстан, Вьетнам, Лаос улсын, 5-6 дугаар сард Куба, БНАСУ-ын тэтгэлэгүүд зарлагдах юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж