АН сонгуулийн амлалтаа биелүүлэх гэж байгуулсан, ажил хийлгэнэ гэж хоёр гишүүнийг нь хүртэл огцруулалгүй авч үлдсэн Засгийн газраа огт дэмжихгүй юм. Засгийн газрыг УИХ томилсон нь үнэн ч, гүйцэтгэх засаглал бол парламентын хүүхэлдэй байх ёсгүй. Ёсгүй учраас л парламентын засаглал жинхэнэ утгаараа хөгжсөн Япон, Англи зэрэг улс оронд Ерөнхий сайд нь парламентаа тараах эрхтэй байдаг. Тэнд парламентаа тараах чадвар бүхий Ерөнхий сайдын засаглалыг парламентын засаглал гэж үздэг. Гэтэл манайд парламент, Засгийн газар хоёр нь холилдчихсон. Хэн нь гүйцэтгэж, хэн нь бодлогоор дэмжих ёстой нь тодорхойгүй. Заримдаа УИХ нь бүхлээрээ Засгийн газрын Хуулийн хэлтэс болчихно. Заримдаа УИХ нь Засгийн газраа бүтнээр нь хүүхэлдэй болгочихно. Хамгийн сүүлийн жишээ гэвэл алтны татварыг бууруулах гэж Засгийн газар хоёр ч удаа хуулийн төсөл өргөн барив. Харин УИХ нь хөдөлж өгсөнгүй, АН улстөрийн шийдвэрээр дэмжлэг үзүүлсэнгүй. Эндээс хоёр асуулт гарна.
Дэлхийн нийтийн чиг хандлага, бусад улсын жишгийг харвал алтаар эдийн засгаа авардаг, авч явдаг байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд шинэ оны өмнөхөн АНУ-ын төв банк нь алтан дээр тогтоосон “онцгой байдал”-аа цуцалж, тус улсын эдийн засаг тогтворжсоныг зарлалаа. Амжилтад хүрсэн энэ жишээгээр явах гэж Монгол Улсын Засгийн газраас алтны татварыг бууруулах хуулийн төслийг өргөн барьжээ. Ингэснээр Монголбанкинд тушаадаг алтны хэмжээ нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа юм. 2013 онд алтны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 орчим компани долоон тонн алтыг Монголбанкинд тушаажээ. 2012 онд гурав орчим тонныг тушаасан байна. Хэрвээ алтны татварыг 2.5 болгож бууруулснаар Монголбанкинд алтаа тушаадаггүй, нууцаар экспортолдог байсан компани, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг ил болно. Манай улсад ил, далд хэлбэрээр 100 гаруй компани алтны чиглэлээр ажилладаг боловч 10 орчим нь Монголбанкинд алтаа тушаадаг. Үлдсэн нь гадагшаа, Монголбанкнаас гадуур ямар нэгэн байдлаар хил давуулдаг. Тэгвэл алтны татварын хэмжээг бууруулснаар Монголбанкинд алтаа тушаадаг компануудын тоо нэмэгдэнэ, үүнийг дагаад тушаах алтын хэмжээ өснө. Хэрвээ оруулж ирсэн төслөөр нь баталбал Монголбанкинд тушаах алтын хэмжээ 2013 оныхоос гурав, 2012 оныхоос 10 дахин нэмэгдэж жилд ойролцоогоор 30 гаруй тонн-д хүрэх бололцоотой гэж Засгийн газар үзжээ. Улстөрчид бус, эдийн засагчид ингэж хэлж байгаа юм. “Мандал даатгал”-ын эдийн засагч, судлаач Л.Бямбаа “дэлхийн улс орнуудыг харахад татварыг бууруулах ганц шалтгаан нь татварын суурийг нэмэгдүүлэхэд чиглэж байдаг. Бизнес эрхлэгчид үргэлж өндөр татвараас зайлсхийж, нуугдмал байдалд байдаг. Иймд татварыг бууруулж, татвараас нуугдагсадыг ил болгож, эдийн засгаа тэлж, албан ёсны сектор руугаа татаж оруулдаг. Алтны татварыг бууруулах хуулийн төсөл ч олон улсын энэ хандлага руу чиглэсэн байх. Ер нь татварын хэмжээг бууруулж, олон татвар төлөгчтэй болсноор татварын орлого өснө. Орлогын өсөлтийг дагаад эдийн засаг тэлнэ, ажлын байр шинээр бий болох сайн талтай” гэж онцолжээ. Тийм ч учраас дэлхийд алтны нөөцөөрөө дээгүүрт ордог улс орнууд алтны татвараа харьцангуй бага тогтоодог байна. Тухайлбал, Бразильд алтнаас 1-2, Аргентин 0-2.5, Энэтхэг 2.5, БНХАУ хоёр хувийн татвар авдаг ажээ.
Тэгэхээр алтны татварыг бууруулах хуулийн төслийг эдийн засгаа аврах, өндөр өсөлттэй гаргахын тулд алтны компаниудад, тэр дундаа алтаа Монголбанкинд тушаадаггүй, Монголын баялгийн өгөөжийг Монголд нь үлдээдэггүй алтны компаниудад нэг удаагийн өршөөл үзүүлж байгаатай төстэй юм. Өмнө нь нууцаар, өмнөд хөрш рүү гаргаж байсныг нь уучилъя, одоо Монголдоо тушаа гэж байгаатай яг адил. УИХ удахгүй санхүүгийн өршөөл нэрийн дор авлигын өршөөлийн хууль гаргана гэж байгаа. Тэгвэл шударга ёс гэж ярихаа больё, авлигын өршөөл ба алтаа Монголдоо тушаах өршөөл хоёрын аль нь Монголын эдийн засагт, монголчуудад хэрэгтэй вэ. Ийм асуултыг алтны татварын эсрэг кноп дарж байсан гишүүдээс нь хэзээ нэгэн цагт сонгогчид асууна гэдэгт эргэлзэхгүй байна. Харин тэд юу гэж хариулахыг мэдэхгүй ч, 2016 он гарахад хэн нь юу гэж ярьж байсныг хэвлэлийн хуудсууд бэлхэнээ гэрчлээд өгөх нь тодорхой юм.
Алт бол эдийн засаг. Эргэлзээ байхгүй. Татварын хэмжээ нь 2.5 боловч, энэ татвараар Монголбанкинд тушаасан алтны нэг тонн тутамд Монголын эдийн засагт 97.5 хувийн өгөөж гарна. Энэ тухай эдийн засагч Б. Лхагважав “Засгийн газрын төслийг эдийн засгийн талаас нь харахад ашигтай. Алтны татварыг нь 2.5 хувь болгож нууцаар үйл ажиллагаа явуулж буй компаниуд алтаа Төвбанкинд төвлөрүүлье гэдэг бодлоготой. Алт бол тэр чигтээ монгол төгрөг гэж ойлгож болно. Тухайн улсын мөнгөн тэмдэгтийн баталгаа болж, шууд гадаад валютыг оролдогоос нь эдийн засгийн өгөөжийг харж болно. Тиймээс мөнгөний бодлогын гол хэрэгсэл болдог. Тэгэхээр алтаа Төвбанкин дээр төвлөрүүлж засаг өөрөө эдийн засгаа гартаа авах нь монголчуудад ашигтай” гэжээ. Мөн эдийн засагч Ч.Хашчулуун “алтны татварыг 2.5 хувь болгосноор хөрөнгө оруулалт, олборлолт нэмэгдэх сайн талтай”гэсэн байна. Энэ хоёр эрхэм бол нэг талаас эдийн засагч боловч, нөгөө талаасаа АН-ын сөрөг хүчний харьяалалтай улстөрчид. Өөрөөр хэлбэл, тэд улстөрийн нүдээр бус, эдийн засгийн өнцгөөс нь харж байна.
Алт бол доллар.Хаана ч хөврөх чадвартай валют. Хажууд нь, хатуу хэлэхэд монгол төгрөг бол хил даваад зүгээр л цаас. Хил дотроо эх орондоо байсан ч, гадаад валютын нөөц-долларын хомсдол нүүрлэхэд монгол төгрөг үнэгүйддэгийг 1450 байсан ханш1700 гарч, бараа бүтээгдэхүүний үнийн огцом өсөлтөөс харж болно. Хэрвээ Монголбанк алттай бол доллартай, гадаад валютын нөөц арвинтай. Гадаад валютын арвин нөөцтэй бол зах зээл дээр үнэ тогтвортой байна. Учир нь, манайх бол экспортлогч бус, импортлогч улс. Бараа бүтээгдэхүүнээ бараг зуун хувь импортоор, монгол төгрөгөөр бус, доллараар худалдаж авдаг. Тэгэхээр алтны татварыг бууруулах нь Монголбанкинд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлэх, ингэснээр гадаад валютын нөөцөө нэмэх, тэгж байж зах зээл дээр үнийг тогтворжуулах зэрэг эдийн засгийн эерэг гинжин холбоог эрхэм гишүүд ойлгож байгаа. Гагцхүү тэдэнд өөрт нь, хувьд нь шууд унацгүй учраас л Оюутолгой шиг гацаах, түгжих сонирхолтой байх шиг. Хэрвээ эдийн засаг чухал гэвэл алт дагасан геополитикийн ач холбогдлыг ч төрийн түшээд давхар харах ёстой. Манай улс байгалийн баялгаар баялаг л гэдэг. Гэхдээ тэдгээрийг бүгдийг нь дэлхийн зах зээлд гаргаж байж үнэ цэнтэй болгодог. Дэлхийн зах зээлд хүргэдэг нь тээвэр. Манай улс далайд гарцгүй тул ганцхан төмөр замаар л тээвэрлэдэг. Төмөр зам нь хиллэж буй хоёр хөршдөө л гарцтай. Өөрөөр хэлбэл, бидэнд гуравдагч сонголт байхгүйн дээр, хэрвээ хоёр хөрш авахгүй л гэвэл баялаг маань үнээ алддаг. Бидний зах зээлгүйн энэхүү зовлон дээр хоёр хөрш маань тоглож, дурын үнээрээ манай баялгийг авдагийг нүүрс, жонш, зэснээс харж болно. Тэгвэл алтан дээр арай өөр. Нүүрс, жонш, зэсийн баяжмал, төмрийн хүдрийг зөвхөн төмөр замаар тээвэрлэх боломжтой бол алт арай өөр. Хэрвээ Монгол Улс Монголбанкиндаа алттай бол түүнийгээ онцгоцоор тээвэрлээд гуравдагч зах зээлд хүргэж болно. Хүссэн үнээрээ өгнө. Манай байгалийн баялаг дотроос онгоцоор тээвэрлэж болох, гуравдагч заах зээлд шууд хүргэж болох ганц баялаг нь алт. Гэхдээ мэдээж, Монголбанкиндаа алттай, тэр нь онгоцоор тээвэрлэх хэмжээний байх учиртай. Түүнээс бус, өнөөдрийнх шиг татвараас нуугдаад компаниуд нь далд орчихсон, олсон жаахан алтаа хулгайгаар заавал хил давуулахыг тулгадаг эрхзүйн орчин хэвээр үргэлжилбэл алт юуных нь геополитик болох билээ.
Иймд зөвхөн цифр харж математик утгад нь ач холбогдол өгч, эдийн засагт үзүүлэх өгөөж, геополитикийн ач холбогдлыгбүүр хойгуур, 10-11-д эрэмбэлээд байгааг ард түмнийг үргэжлийн ядуу, өнөд өөрсдийнхөө хүүхэлдэй байлгах сонирхолтой манай улстөрчдийн мөнхийн араншин гэлтэй. Угаасаа ч алт хувь хүмүүсийн мөн чанарыг таниулдаг шидтэй юм гэнэлээ.
Хэн нэгэн сайдыг огцруулах, Монголын эдийн засгийн асуудал ярих хоёрын аль нь ард түмэнд хэрэгтэй вэ. Ямар нэгэн томилгоо хийх, нийт монголчуудад хамаатай эдийн засгийн шийдвэр хоёрын аль нь чухал вэ. Энэ УИХ ингэж асуухаас аргагүй болтол ирцээр тоглох юм. Хоёр сайдыг огцруулах эсэхийг хэлэлцэх үед УИХ бүтнээр цуглаж, УИХ-ын дарга нь гишүүдээ хурууных нь хээгээр бүртгэж үзсэн. Хоёр сайдыг огцруулах, үгүй нь улстөрийн шийдэл. Хоёр сайдыг огцрууллаа гээд эдийн засагт сөрөг нөлөө гарахгүй. Огцруулахгүй авч үлдлээ гээд долларын ханш унаж, монгол төгрөг чангарч, үнэ буух зэргээр эдийн засагт эерэг өөрчлөлт авчрахгүй. Ердөө л хэдэн улстөрчид, засагт хамтарсан намуудын л эрх ашиг. Харин улсын төсөв, татвар зэрэг нь эдийн засгийн асуудал. Зөв төсөл орж ирээд унагавал хохирлыг нь улсаараа үүрнэ. Зөв төсөл орж ирээд баталбал үр дүнг нь ард түмнээрээ хүртэнэ. Гэтэл иймэрхүү асуудал дээр УИХ-ын гишүүдийн ирц ядаж 50 хувьдаа ч хүрэхгүй юм. Жишээ нь Алтны ил тод байдлын тухай хуулийг яг батлах эсэхийг хэлэлцэх мөчид энэ хуулийн төслийг өргөн барьсан Засгийн газрын Ерөнхий сайд, Эдийн засаг хөгжлийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь чуулганы танхимд байгаагүй. Хэрвээ бодлогыг нь дэмжихгүй юм бол энэ засгийг байлгах хэрэгтэй юү, үгүй юү гэдгийг ч ярих ёстой. Төсөл оруулсан засаг нь, эрх барьсан олонхи нь ирцээ бүрдүүлэхгүйгээр төслөө унагчихаад сөрөг хүчин рүү бухах хэрэггүй. Энд сөрөг хүчнийг гэхээсээ олонхийг буруутгавал илүү зохино. Сөрөг хүчнийхэн бол улстөр хийж байгаа. 2016 оны сонгуулиа бодоод Монголын эдийн засгийг унтаа, энэ хэвээр нь авч үлдэхийн төлөө эсрэг кноп дарах. Тэдэнд улс орны өмнө хүлээх хариуцлага гэж бараг үгүй учир буруутгахад ч учир дутагдалтай. Гэтэл олонхи буюу АН-ынхан огт сөрөг хүчний оролцоогүйгээр УИХ-ын даргыг томилж л байсан. МАН-ынхныг Байнгын хороодоос шахаж л байсан. Кнопны олны сүрийг үзүүлж хоёр сайдаа аваад үлдэж л байсан. ТэгвэлМонголын төр Монголынхоо алтанд эзэн байх, монголчууд Монголынхоо баялгийн өгөөжийг хүртэх хуулийн төсөлд олонхи яагаад сүр хүчээ үзүүлэхгүй байна вэ.