Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам байгуулагдсан цагаасаа, Засгийн газрын тухай хуулиар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд бодлогоо тодорхойлох, боловсронгуй болгох зорилгоор Хүн амын бүлэг тус бүрээр сэдэвчилсэн зөвлөгөөн, үндэсний чуулга уулзалтыг зохион байгуулсан билээ.
Эдгээр чуулган зөвлөгөөнд оролцогчдоос гаргасан зөвлөмж болон 1999 оноос гэр бүлийн талаар явуулах төрийн бодлогод дэмжлэг үзүүлэх зорилгоор төр, ТББ-аас удаа дараа зохион байгуулсан үндэсний хэмжээний онол, практикийн бага хурлуудаас гарсан саналд түшиглэн 2014 оныг Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж байна.
Гэр бүл нь үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын үндэс, улс орны хөгжил дэвшлийн баталгаа төдийгүй төр улс дотор оршин буй гэр улс нь үндэсний ёс заншил, соёл уламжлал, овог удмын үнэт зүйл өвлөгдөн хадгалагддаг хүний хөгжил төлөвшлийн суурь орчин байдаг. Тийм ч учраас хүний амьдралын анхдагч орчин, нийгмийн үндсэн нэгж болох гэр бүлийн хөгжил, хамгааллын асуудал нь төрийн бодлогын төвд байх эрхэм асуудлуудын нэг юм.
Манай улсын нийт хүн ам 2 сая 929 мянга 216 болсон статистик мэдээлэлтэй шинэ оноо угтлаа. Тэдгээрийн 10 орчим хувийг ахмад настнууд, 27,7 хувийг 0-14 насны хүүхэд, 37,5 хувийг 15-34 насны өсвөр үе, залуучууд, 51 хувийг эмэгтэйчүүд, 49 хувийг эрэгтэйчүүд эзэлж, улсын хэмжээнд 768,263 өрх, гэр бүл аж төрж байна. Мөн ХАХНХЯ-ны захиалгаар 2012 онд хийгдсэн “Гэр бүлийн өнөөгийн байдал, амьдралын хэв маягт гарч буй өөрчлөлт чиг хандлага” судалгааны дүнгээс үзэхэд гэр бүлийн харилцааны шинж байдлын эрчимтэй өөрчлөлтийг даган хосууд гэрлэлтээ бүртгүүлэх асуудалд хайнга хандах болсноор “хамтран амьдрагчид”-ын тоо жилээс жилд нэмэгдэн, эрх зүйн чадамжгүйгээс гэр бүлийн хариуцлага буурч, хүүхдийн эрх зөрчигдөх зэрэг хуулийн дагуу шийдвэрлэх боломжгүй олон хурц асуудлууд нийгэмд ихээр гарч байна.
Түүнчлэн Залуу гэр бүл бологсод хангалттай бэлтгэгдээгүйгээс гэр бүл салах, салсны дараа үр хүүхэддээ тавих анхаарал халамж муудах, хүүхдээ авч үлдсэн гурван хүн тутмын хоёрт нь хариуцлага ачаалал нэмэгдэж, түүнийг даган хүүхдийн гэр бүлдээ аав, ээжтэйгээ эрүүл аюулгүй орчинд амар тайван амьдрах язгуур эрх зөрчигдөж, улмаар хүүхдийн хөгжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байна.
Иймд гэр бүлийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлснээр Монгол ёс заншил, уламжлал, соёлыг сэргээн хүүхэд залуучуудад өвлүүлснээр гэр бүлийн ёс зүй, харилцаа, үнэ цэнэ, үнэлэмж нэмэгдэж бат бэх гэр бүлийн суурь тавигдана. Энэ хүрээнд 2014 онд бид Гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих үндэсний хөтөлбөр, ”Миний гэр бүл” хүүхэд хөгжлийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, гэр бүлд зөвлөгөө өгөх төвийг байгуулж олон улсын жишигт нийцсэн стандартын дагуу үйлчилгээ үзүүлэх, гэр бүлийн боловсролын хөтөлбөр боловсруулж бүх шатны сургалтын төлөвлөгөөнд оруулах, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар батлуулж хэрэгжүүлэх, зэрэг зарчмын ялгаатай зорилтуудыг дэвшүүлж байгаагаараа онцлог юм.