Эрдэнэт хотод энэ онд гурван “00” шинээр барина

Хуучирсан мэдээ: 2014.01.08-нд нийтлэгдсэн

Эрдэнэт хотод энэ онд гурван “00” шинээр барина

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 29-д манай сайтад нийтлэгдсэн “Бэлтэй нь бэлээ гайхуулж бэлгүй нь булан хайдаг байдал хэзээ арилах бол” нийтлэлийн мөрөөр Орхон аймгийн Засаг даргын тамгын газар нийтийн бие засах газрын асуудалд анхаарч эхэллээ.

Тухайлбал, энэ онд гурван газарт тус бүр 16 суултууртай нийтийн бие засах газар барихаар болов. Хүн ам ихээр төвлөрдөг Барилгачдын талбай дах “Авто вокзал”-ын дэргэдэх Захиргааны III байрны нэг давхарт, хотын төвийн “Спорт” ордон, “Үйлчилгээний төв”-ийн зүүн талд нийтийн бие засах газар барина. Захиргааны III байрны нэг давхрыг жорлонгийн зориулалтаар өөрчилж, гадна шат хийхэд 30 сая төгрөг зарцуулна. Харин “Спорт” ордон, “Үйлчилгээний төв”-ийн зүүн талд барих жорлон нь тус бүр 16 суултууртай бөгөөд Улаанбаатар хот дахь “CITY TOILET” шиг байх гэнэ. Үүнд тус бүр 50 сая төгрөг зарцуулахаар болов.

Шинээр барьж буй нийтийн бие засах газрын талбайн хэмжээ 120 м.кв юм. Барилгын тендэрийг тун удахгүй зарлана. Харин өмнө нь баригдчихсан “ОО”-ыг холбогдох байгууллагад нь хариуцуулахаар болжээ. Тухайлбал, Урт цагаан худалдааны төв дэх 15 сая төгрөгийн өртөгтэй “ОО”-ыг “Эрдэнэт-Ус ДТС” ОНӨҮГ-ын харьяанд шилжүүлж хэвийн ажиллагаанд оруулах үүрэг өгөв. Үүнээс гадна 2006 онд нийтийн бие засах газрын зориулалтаар газар авчихаад BAR, Караоке нээсэн аж ахуйн нэгжид торгууль ногдуулж хариуцлага тооцохоор болжээ. Монгол Ардын Намын байрны чанх ард “Алтай” төв хэмээх гурван давхар байрны газрын зориулалт нь нийтийн бие засах газар байсан боловч харамсалтай нь үүнийг ийнхүү буруу ашиглаж байна. Иймд аймгийн удирдлагууд эрх мэдлээ хэтрүүлсэн аж ахуйн нэгжүүдтэй хариуцлага тооцох гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж