
Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Яармагийн дэнж дэх “Буянт-Ухаа” спортын ордонд эхэллээ. Тэмцээн гурав хоног үргэлжлэх бөгөөд хуваарийн дагуу өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын аваргууд тодрох бол маргааш эрэгтэйчүүдийн 81, 90, -100 ба +100 кг, эмэгтэйчүүдийн 70, -78, +78 кг-ын жингийн медальтнууд тодорно. Хэсгийн барилдаан өнөөдөр 10.00 цагт эхэлсэн бөгөөд нээлтийн ёслолын ажиллагаа 15.00 цагт болж, залгуулаад 16.00 цагаас шигшээ барилдаан эхлэх юм. Харин маргааш үлдсэн жингийн барилдаан болох бол баасан гаригт багийн барилдаан болсноор жүдо бөхийн 2014 оны улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөнө.
Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, М.Уранцэцэг тэргүүтэй Монголын шилдэг жүдочид өрсөлдөнө. Лондонгийн олимпийн хүрэл медальт С.Ням-Очирын хувьд энэ жилийн улсын аваргыг өнжиж байна. Улсын аваргын жин тус бүрт түрүүлсэн тамирчныг Монголын жүдо бөхийн холбооноос зардлыг хариуцан Олон улсын Жүдо бөхийн холбооны гран-при тэмцээнд оролцуулах, Үндэсний шигшээ баг бүрдүүлэх сонгон шалгаруулалтад нэр дэвшүүлэх зэрэг боломжийг олгож байгаа юм.
С.ЦЭЛМЭГ