
“Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүд болох Ц.Мөнхбаяр нар өнгөрөгч 2013 оны есдүгээр сарын 16-нд Засгийн газраас УИХ-д барьсан урт нэртэй гэгдэх хуулийн төслийг хэлэлцэхийг зогсоохыг шаардан жагсаал зохион байгуулж, шаардлага хүргүүлсэн. Энэ үеэрээ Төрийн ордны хамгаалалтын бүсэд галт зэвсэгтэй нэвтэрснээс гадна Централ тауэр, Засгийн газрын хоёрдугаар байр буюу Уул уурхайн яамны гадна тэсэрч дэлбэрэх бодис байрлуулсан. Мөн төрийн албан хаагчийн өмнөөс галт зэвсэг ашигласан хэрэгт буруутгагдаад байгаа билээ.
Нийслэлийн прокурорын газраас Ц.Мөнхбаяр нарт Эрүүгийн хуулийн 177.2 буюу зандалчлах -эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор, олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн, 149.3 бусдын эд хөрөнгийг бүлэглэн авахаар далайлган сүрдүүлсэн, 185.1, 185.2 буюу галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хийж бэлтгэсэн, хадгалсан гэх үндэслэлүүдээр яллах дүгнэлт үйлдээд байгаа юм. Шүүх хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид тухай бүрт нь хүргэх болно.