
-100 мянган тонн улаанбуудай импортлохын тулд татвараас чөлөөлөх төсөл дэмжигдсэн. Ажлын хэсгийн зүгээс үүнийг юу гэж үзэж байгаа вэ?
-МАН-ын зүгээс таваарын улаанбуудай импортоор оруулж ирэх хэрэггүй гэж үзэж байгаа. Харин гурилын үйлдвэрүүдээс нь сайн чанарын үр авч, буудай үйлдвэрлээд байвал тариаланчдаа дэмжсэн ухаалаг шийдэл болох байсан юм.Бидний тооцоолсноор манай улсад 20-30 мянган тонн улаанбуудай хэрэгтэй. 20 мянга орчим тонн үрийн буудай, нийтдээ 50 мянга гаруй тонн буудай оруулж ирэх шаардлага бол бий. Харин үүний 25 мянга нь таваарынх байж болно.Ер нь 100 мянган тонн улаанбуудай оруулж ирснээр хүмүүсийн газар тариалан эрхлэх сонирхлыг бууруулна. Энэ их улаанбуудай чинь тариаланчдын намрын борлуулалтад сөргөөр нөлөөлнө. Тэгээд ч тариаланчид буудай гэхээсээ илүү рапс тарих болно. Үүнээс гадна хэрэгцээнээс илүү гарсан улаанбуудай авах нь валютын урсгалыг гадагш нь гаргах том асуудалтай.
-Өмнөх жилүүдэд улаанбуудайн нөөцийг хэрхэн бүрдүүлж ирсэн юм бэ. Газар тариалангийн салбар хөгжөөгүй байсан хэрэг үү?
-Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд шалгалт хийх, ажлын хэсэг байгуулах талаар санал тавих нь зүйтэй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл манай газар тариалангийн салбар 2012 онд тодорхой төвшинд хүрчихсэн байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр гэв гэнэтхэн уначихаад байгаа нь анхаарал татсан асуудал. Бид шинэчлэлийн гэх Засгийн газарт 200 мянга орчим тоннын нөөцтэй үр тарианы үйлдвэрлэл хүлээлгэж өгсөн. Гэтэл өнөөдөр 100 мянган тонн улаанбуудай гаднаас авах талаар яриад л сууж байна шүү дээ. Ийм л хэмжээнд хүртэл энэ салбарыг унагасан. Тэгэхээр энэ бүхэнд бодлогын алдаа байна уу, эсвэл өөр зүйл нөлөөлж байна уу гэдгийг тогтоох ёстой. Мөн үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилт болоод компаниудад олгосон мөнгийг ямар компани хэрэглэсэн, тэр нь хэр үр дүнгээ өгсөн талаар шалгах хэрэгтэй. Улаанбуудай чинь стратегийн бүтээгдэхүүн учраас тариалалтыг хэрхэн яаж дэмжих талаар бодлого боловсруулах ёстой. Энэ ч үүднээс бид Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны холбогдох хүмүүстэй уулзаж ярилцах, хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулах ёстой гэж үзэж байгаа хэрэг. Улаанбуудай импортлох асуудалд олонх шийдвэрээ гаргаад явах байх. Хамгийн гол нь газар тариалангийн салбарыг ингэж унагачихаад импортыг дэмжих маягаар эргээд нөхөж байгаа нь буруу. Тиймээс үүнийг засах ёстой.
-Манайхны тарьсан улаанбуудай чанаргүй учраас гаднаас авахаас өөр аргагүй гэдэг зүйл яригдсан?
-2012 оны ургацын буудайгцавуулаг багатай, чанар муу байсан гэж ярьдаг. Харин 2013 оны ургац сайн байсан. Гэхдээ хамгийн чухал нь бид дотоодын улаанбуудайн тариалалтыг дэмжих, чанартай гурил үйлдвэрлэж чадахуйц бодлогыг л барих хэрэгтэй. Дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах зорилт дэвшүүлэх хэрэгтэй. Мөн улаанбуудайг оруулж ирэхдээ татварыг нь тэглэж байгаа нь буруу. Учир нь импортын татварыг тэглэж дотоодын үйлдвэрлэгчдээ цохих хэрэггүй. Үнэхээр дотоодын үйлдвэрийн буудайны цавуулаг шаардлагад тэнцэхгүй байвал үйлдвэрүүд нь татвараа төлөөд импортоор буудайн үр оруулж ирнэ биз. Зарим зүйл дээр татвараас чөлөөлдөг, хөнгөлдөг байдлыг багасгах хэрэгтэй. Тэгээд бас хөнгөлж чөлөөлөхдөө ялгавартай ханддаг байдлаа болих хэрэгтэй.
-Засгийн газраас үнэ тогтворжуулах нэрийдлээр 48 тэрбум төгрөгийг гурилын үйлдвэрүүдэд тараасан. Үүний 31 тэрбумыг нь ганцхан компани авсан гэж МАН-ын бүлгээс мэдээлж байсан. Тэгэхээр үүнд ашиг сонирхлын зөрчил байж болох уу. Ер нь үнэ тогтворжуулах хөтөлбөр хэр үр дүнтэй болсон бэ?
-Тэр 31 тэрбум төгрөг авсан компанийн тухайд бол хоёр өөр нэртэй хэрнээ нэг группт багтдаг компаниуд юм билээ. Хүмүүс "Женко" группт хамааралтай компани гэж яриад байгаа ч тийм зүйл бол байхгүй. Ер нь шууд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж болохгүй. Харин "Улаанбаатар гурил" компанид 20 тэрбум төгрөг, түүний охин компанид 10 гаруй тэрбум нь очсон юм. Ер нь үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд үнэ тогтворжсон гэж ярьж байгаа ч бидний нүдэн дээр гурилын үнэ өссөөр байна. Тиймээс дэд хөтөлбөрийн үр дүнгийн талаар ажлын хэсэг гаргаж, шалгаж үзэх нь зүйтэй. Үнэ тогтворжуулах хөтөлбөр бол зүгээр л салхинд мөнгө хийсгэж байгаатай адилхан зүйл шүү дээ. Тэгээд одоо гаднаас 100 мянган тонн улаанбуудай авч байгаа нь улаанбуудай тариалах бус гурил үйлдвэрлэхийг л дэмжсэн бодлого болчихсон. Уг нь нөөцөнд дотоодынхоо хэрэгцээг хангах хэмжээний гурил үйлдвэрлэчих улаанбуудай бий.
-Танай намын бүлгээс Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга сайдад хариуцлага тооцох ёстой гэж байсан. Яг ямар байдлаар хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа юм?
-Мэдээж хариуцлагагүй ажилласан салбарын сайдад хариуцлага тооцох ёстой. Гэхдээ юу, юуны духанд хүрэхгүй “хөөе чи” гээд байхгүй л дээ. Бодлогын алдаа гаргасан уу, газар тариалангийн салбар уналтанд орчихсон байна уу гэдгийг үзэж шалгах хэрэгтэй. Хамгийн гол нь бодлогын алдаа гаргахгүй ажиллаж чадах мэргэжлийн боловсон хүчин энэ яаманд ажиллаж байна уу гэдэгт гол учир байна. Энэ намрын ургац хураалтанд технологийн маш том алдаа гаргасан. Гэтэл салбарынхан нь байгаль, цаг уурын нөлөө гэж тайлбарлаж байгаа юм. Угтаа бол өөрсдөө хугацаа алдсан хэрэг. Улаанбуудай тариалах талбай дээр их хэмжээний рапс тариалж, түүнийг нь гадагш гаргасан байж болзошгүй.
Өнгөрсөн жил 40 гаруй мянган тонн ургацыг цасанд даруулж алдсан гээд байсан боловч яг үнэндээ тэр талбайд рапс тариалсан байж болзошгүй гэх мэдээлэл бас байна. Рапс гэдэг ургамал бол өндөр үнэ ханштай. Хамгийн гол нь техникийн чанартай рапс тариалбал газрын үржил шим маш амархан мууддаг, тэр талбайд нь улаанбуудай дахин тариалах боломжгүй болдог аюултай. Үүнийг магадлах ёстой.