Эрүүл мэндийн салбарын талаар иргэд юу хэлэв?

Хуучирсан мэдээ: 2014.01.07-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн салбарын талаар иргэд юу хэлэв?

"Тусгаар тогтнолын ордон"-д өнөөдөр Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын талаарх нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр иргэдийн хэлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад энэ салбарт ямар асуудал байгаа талаарх санал, байр суурийг хүргэж байна.

-Тавдугаар сургуулийн хажуугийн Чингэлтэйн эрүүл мэндийн эмнэлэгт үйлчилгээ авахад үнэндээ бэрх байна. Үүрийн 6 цагаас өмнө очерлож эхлэнэ. Гэхдээ эхний гучин хүнд л үйлчилнэ. Ядарсан ахмад настанд эмнэлгийн үйлчилгээ хүрч чадахгүй нь.

-Эрүүл мэндийн тогтолцоо бүхэлдээ буруу байна. Таван цул эрхний эмч нар нь тус тусдаа салангид байна. Бөөрний эмч нь зүрхээ мэддэггүй. Зүрхний эмч нь бөөрөө мэддэггүйгээс хавсарсан өвчтөнүүд хохирч байна. Эмч нар нь техникээ бүрэн ашиглаж мэдэхгүй байхад яаж өвчлөлтийг бууруулах вэ дээ. Оношоо тавьж чадахгүй мэдэмхий эмч нараас болж олон хүн хохирч байна. Эрүүл байсан хүүхэд вакцин хийлгэх гэж ороод өвчтэй болоод гар хөлөө тайруулж байхад салбарын сайд Н.Удвал нь юугаа хийгээд байгаа юм бэ.

-Эмнэлгийн салбар бол навс унасан шүү дээ. Эмч нарын ажиллах нөхцлийг ярихгүй байж болохгүй. Эмч нар ямар цалин авч байгаа билээ. Эрүүл мэндээрээ хохирч байгаа эмч нар дэндүү бага цалин авч байна. Мөн эрүүл мэндээ өөрсдөө хамгаалж, олон жилээр эмнэлгийн үйлчилгээ аваагүй даатгуулагчдыг урамшуулах хэрэгтэй. Тэд чинь даатгалын сан дахь мөнгийг хэмнэж байгаагийнхаа төлөө, эрүүл мэндээ хамгаалж байсныхаа хэргийг гаргах ёстой.

Иргэн Бадамханд: –Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо өссөөр байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар байгуулагдсан 150 төрийн бус байгууллага байна. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар бизнес хийх хандлага ажиглагдаад байна. Энэ бол хэзээ ч улс төрөөр, бизнесийн ашиг хонжоо харж ажилладаг салбар биш.

-СХД-ийн иргэн Базар: Улс төржихгүй ярих ёстой хоёр салбар бол боловсрол, эрүүл мэндийн салбар. Гэтэл эрүүл мэндийн салбарын удирдлага, ажилтнууд нь улс төржиж, улс төрөөс хамааралтай байна.

-Эрүүл мэндийн яамыг зөвхөн мэргэжлийн хүнээр удирдуулна гэж хуульчилж болдоггүй юм уу. Удирдлагаас их зүйл хамаарч байна. Мөн хувь эмч нарт ч асуудал байна. Аргаа барсан хүмүүс мөнгө цаасаа гаргаж улсын эмнэлгээс хувийн эмнэлэг рүү явцгааж байна. Хувийн эмнэлэгт бол ядахдаа сувилагч нь тариагаа тарихдаа ямар үйлчилгээтэй юу гэдэг эмчилгээ хийж байна шүү дээ.

-Би бол утааны астом өвчтэй хүн. 800 төгрөгөөр авдаг байсан эм маань 950 төгрөг болчихож. 6000 төгрөг байсан эм маань 10500 төгрөг болчихож. Эмийг аптек бүр дур дурынхаа үнээр зардаг. Бидэнд эмийн үйлдвэр гэж байдаггүй юм уу. Гадны эмийг дураараа үнэлээд зарж байгаад хяналт тавьж болохгүй хэрэг үү.

-Ахмадын эмнэлэг хэрэгтэй байна. Дуртай нь сүлжээний эм оруулж ирж байна. Сайн эмч нь үнэтэй эмнэлэг рүү явцгааж байна.

-Миний бие зургаан сарын дотор 5 сая төгрөгний үнэтэй эм аваад эд мөнгө, эрүүл мэндээрээ хохирчихоод өвдөж, шаналж байна. Над шиг “хорхой өвс” аваад хордож хохирсон өөр хүмүүс ч байгаа. Хятад улсаас энэ мэт хорхой өвч авчираад монголчуудын мөнгөөр тоглож байна. Монголын засгийн газар хүнээ бодооч ээ. Сүлжээний эм сурталчилж суугаа эмч нар ичих хэрэгтэй.

Иргэн Совдоо: -2008 оны АНУ-д миний хүү буудуулсан. Тэнд ямар эмнэлгийн систем, ямар даатгалын тогтолцоо байгааг судлах хэрэгтэй. Төсвийн ажилтан бид бүхнээс мөнгө гарахаар байсан бол хүүгээ алдах байсан. Биднээс нэг ч төгрөг гараагүй. Тэр бол даатгалынх нь системийн л ач тус.

Б.ЭНХ

       

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж