Шинэ оны өмнөхөн өршөөлөөр суллагдаж, тэр даруйдаа ХБНГУ руу ниссэн Оросын ЮКОС компанийн экс тэргүүн Швейцарьт иржээ. Ходорковскийг Швейцарийн Элчин сайдын яамнаас гурван сарын хугацаатай Шенгенийн виз авсан тухай өмнө нь мэдээлж байсан. Тэрбээр Швейцарьт эхнэр болон тэндэхийн хувийн сургуульд сурдаг хоёр хүүгийн хамт галт тэргээр иржээ. Базель хүрэх замдаа Ходорковский Швейцарийн телевизэд ярилцлага өгч, хууль бусаар хоригдож буй бусад хоригдлуудыг суллахын төлөө тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн байна. Тэрбээр “Шоронд улс төрийн хоригдлууд зовж байгааг мэдсээр байж дуугүй байж болохгүй. Хууль бусаар хоригдож буй хүмүүсийг суллахын төлөө тэмцэх нь жирийн иргэн бүрийн үүрэг гэж би бодож байна” гэж хэлжээ.
Түүнчлэн ЮКОС-ын экс тэргүүн Швейцарьт ирсэнтэй холбоотойгоор түүний цаашдын төлөвлөгөө, тэр дундаа энэ улсад амьдрахаар үлдэх эсэх нь хараахан тодорхойгүй байгааг Ходорковскийн бие төлөөлөгч сурвалжлагч нарт ярьсан байна. Чөлөөлөгдсөнийхөө дараа Берлинд хийсэн анхны хэвлэлийн бага хурлынхаа үеэр Ходорковский “Хэрвээ надад хилийн чанадад аялж болно гэсэн баталгаа гаргаж өгвөл Орост эргэн очиход бэлэн байна” хэмэээн мэдэгдсэн. Ийм мэдэгдэл хийх болсон гол шалтгаан нь түүнээс болон одоо ч шоронд сууж байгаа Платон Лебедев нараас ОХУ-ын татварын албаныхан 17 тэрбум рубль нэхэмжилсэнд байгаа аж. Гэхдээ Ходорковский BBC-гийн HardTalk хөтөлбөрт өгсөн ярилцлагадаа Владимир Путинг төрийн эрхэнд байхад Орост эргэн очино гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдсэн.
Михаил Ходорковский болон Платон Лебедев нар 2003 оноос хойш шоронд хоригдсон. Эхний удаа тэдэнд ЮКОС-ын худалдсан нүүрснээс татвар төлөөгүй, харин хоёр дахь удаа охин компаниасаа их хэмжээний газрын тос завшиж, борлуулалтаас олсон орлогоо нуун дарагдуулсан гэх хэргийг тулгасан юм. 2005 оны тавдугаар сард Москва хотын Мешанскийн шүүх тэдэнд татвараас зайлсхийсэн хэргээр есөн жилийн хорих ял оноож байв. Харин 2010 оны арванхоёрдугаар сард Хамовничийн шүүх тэднийг ЮКОС-ын олборлосон газрын тосыг хувьдаа завшсан хэрэгт буруутай гэж үзэн тус бүрт нь 14 жилийг ял оноосон юм. Гэвч өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Москва хотын шүүх тэдний шийтгэлийг 11 жил болгон хөнгөвчилсөн байдаг. Үүний дагуу бол тэдний ялын хугацаа энэ онд дуусах ёстой.
Өнгөрсөн оны долоодугаар сард Страсбург хотод байдаг Европын хүний эрхийн шүүх ЮКОС-ын эхний хэрэг улс төрийн сэдэлгүй гэж үзсэн ч шүүхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Ходорковский болон Лебедевийн эрх зөрчигдсөн учир шоронд хоригдох ёсгүй гэсэн шийдвэр гаргасан юм. Мөн шүүгдэгчдийн зүгээс 17 тэрбум рублийг улсын санд хураах шийдвэрийг үндэслэлгүй гэж үзжээ.
Эргэн сануулахад, Михаил Ходорковский өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын 20-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины өршөөлөөр суллагдаж, тэр даруйдаа Германд хүрэлцэн ирсэн. Харин Платон Лебедев урьдын адил шоронд хоригдож байгаа. Ходорковскийг сулласны дараа арванхоёрдугаар 26-нд Орсоын Дээд шүүх ЮКОС компанид холбогдох хэргийг дахин авч үзэх бодолтой байгаагаа зарласан. Эхний хэргийн дахин хэлэлцүүлэг энэ сарын 23-нд эхлэх ёстой.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин