
Эрүүгийн хуулийн 177.2-т энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалтай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол 20-25 жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэх хуулийн заалттай юм байна. Бусад зүйлчлэлийн тухайд 5-10 жилийн хорих ял шийтгэхээр хуульд заажээ.
Гал үндэстэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүд болох Ц.Мөнхбаяр нар өнгөрөгч есдүгээр сарын 16-ны өдөр Засгийн газраас УИХ-д барьсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг зогсоохыг шаардан жагсаал зохион байгуулж, шаардлага хүргүүлсэн. Энэ үеэрээ Төрийн ордны хамгаалалтын бүсэд галт зэвсэгтэй нэвтэрснээс гадна Централ тауэр, Засгийн газрын 2-р байр буюу Уул уурхайн яамны гадна тэсэрч дэлбэрэх бодис байрлуулсан юм.
Дээрх нэр бүхий таван хүнийг олон нийтэд айдас төрүүлхэд чиглэсэн нийтэд аюултайгаар хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн гэх хэргээс гадна 2012 оны 7-р сард иргэн М-ээс 67 сая төгрөгийг сүрдүүлж авсан 2013 оны 4-р сард байлдааны галт хэрэгсэл хууль бусаар худалдан авч бэлтгэсэн, хадгалж авч явсан хэрэгт буруутгаж байна.
Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийг өнгөрсөн оны намар Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлсэн юм. УИХ-аар хуулийн төслийн хэлэлцүүлэг эхэлж байсан ч хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж чадаагүй байгаа. Дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Уянга Үндсэн хуулийн Цэцэд хандахаа мэдэгдсэн. Тэрбээр “Урт нэртэй хууль бол Монголын байгаль орчин, ай сав газрыг хамгаалахын төлөө олон жил иргэний хөдөлгөөнүүдийн зүгээс тэмцэж байж, батлуулсан хууль. Өмнөх парламентын үед хамтарсан Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээс хамгийн сайн хууль нь. Харамсалтай нь, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж Шинэчлэлийн Засгийн газар ажил хийсэнгүй харин ч бүр эсрэгээр нь Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийг УИХ-д мэдүүлсэн. Энэ журмаар гол, усны эх бүхий ай сав газрын зайг тодорхой хэмжээгээр богиносгон, ухралт хийлээ. Нэг үгээр хэлбэл, Засгийн газрын оруулж ирсэн энэхүү төслөөр Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийг эсэргүүцсэн гэж болохоор байгаа. Тиймээс Засгийн газар Үндсэн хууль зөрчиж байна гэж үзээд Үндсэн Хуулийн Цэцэд хандсан. Урт нэртэй хууль бол цэвэр Ц.Мөнхбаярын санаачлага бүтээл гэж хэлж болно. Гол ус, нуураа хамгаалахын төлөө тэмцэж байгаа цөөхөн монголчуудын нэг нь Ц.Мөнхбаяр байсан. Шүүх үнэн зөвийг шүүн тунгаана гэж бодож байна. Ер нь Засгийн газар Урт нэртэй хуулийг нь хэрэгжүүлэхгүй байх төсөл өргөн бариад байгаа мөртлөө Ц.Мөнхбаярыг олон жилээр яллах дүгнэлт үйлдсэн нь хоорондоо бүгд уялдаатай байж мэднэ. Ц.Мөнхбаярыг энэ ажиллагааг зөвхөн буу зэвсэг хэрэглэсэн гэдгээсээ илүүтэй, Урт нэртэй хууль, түүнийг хэрэгжүүлэх процесс, уул уурхай, ашигт малтмалтай холбож тайлбарлавал зохино” гэжээ.