Хятадын мөрдөн шалгах албаныхан өнгөрсөн арваннэгдүгээр сараас энэ нэгдүгээр сарыг хүртэлх хугацаанд Коммунист намын 37 мянга орчим эрх мэдэлтнийг авлигын хэрэгт сэжиглэн шалгажээ. Хятадын прокуророос авлигын хэрэгт сэжиглэгдсэн албан тушаалтнуудын эсрэг 27236 хавтаст хэрэг нээн, мөрдөн шалгаснаас 12824 нь 5.51 тэрбум юанийн хэрэгт холбогдолтой болох нь тогтоогдсон байна. Үүний зэрэгцээ Хятадын Ардын дээд прокурорын газрын ерөнхий прокурор Цао Жянь Миний өнгөрсөн аравдугаар сард парламентад танилцуулснаас харвал 2008 оноос өнгөрсөн наймдугаар сарыг хүртэлх хугацаанд 200 мянга гаруй хүн авлига болон эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэрэгт сэжиглэгдэн шалгагдсан байна. Ийнхүү Хятадын төр, засгийн дээд албан тушаалтнуудын авлигын хэрэг ээлж дараалан илэрч буй нь шинэ дарга Си Жинпиний амлалтаа биелүүлж эхэлсний тод жишээ гэж Синьхуа агентлаг мэдээлэв. Си Жинпин Хятадын шинэ даргаар сонгогдсоныхоо дараа Коммунист намын албан тушаалтнуудын тансаглал, үргүй зардал гаргахыг багасгаж, авилгатай хатуу гараар тэмцэхээ мэдэгдэж байсан билээ.
Б.АНХТУЯА