
Харин энэхүү коэффицентийн бодит илэрхийлэл нь тансаг хэрэглээнд тооцогдоод байгаа өндөг идэхээ больсон гэр бүл, утаатай Улаанбаатартаа өвөлжиж, эрүүл мэндээ муутгахгүй гэсэн гэр бүл аль аль нь олширч байгаа явдал юм. Нарантуулын задгай захад халуунд халж, хүйтэд хөрж өдөржин зогсон зарсан наймааныхаа мөнгөөр оройн хоолны үмх мах, атга гарил, хэдэн ширхэг төмс аваад харьж байгаа наймаачин байхад нэг сая ам.долларыг оффшор гэх татваргүй бүсэд дансанд хийгээд мартдаг төрийн түшээ байгаа нь бас л жини коэффицентийн илэрхийлэл юм.
Уг нь бол улстөрчдийн сонгууль бүрээр амладаг амлалтууд мөн чанартаа энэхүү жини коэффицентийг үзүүлэлтийг сайжруулж, дэлхийд энэ үзүүлэлтээрээ тэргүүлдэг Скандинавын болон бусад өндөр хөгжилтэй орнуудын тоонд аваачна гээд л байгаа юм шүү дээ. Харамсалтай нь, яг биелүүлэх дээрээ тулахаараа төсвийн мөнгийг халамж нэрээр тарааж, эсвэл газрын доорх баялгаа барьцаалан зээл авч тараагаад байгаа юм. Бид ч үүнд нь хууртаж ханахгүй, үнэгүй өгч байгаа юмыг авалгүй яахав гээд авсаар байгаад сурчээ. Хүмүүсийн худалдан авах чадвар муудсан, зөвхөн хэрэгцээт зүйлээ л авч байна хэмээн наймаа эрхлэгчид гомдоллосоор 2013 оны үдсэн. Үүнийг гаргалгааг сөрөг хүчин 21 мянгыг тараадаг байхад иргэдийн худалдан авах чадвар сайн байсан хэмээн хийсэн. Дахиад 21 мянгыг тараалаа гээд иргэдийн амьдралын мөн чанарт өөрчлөлт орох уу. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж байгаа ч хэрэг. Үнэндээ иргэн бүр, жижиг аж ахуйн нэгж бүр, том компани бүр өөрсдөө баялаг үйлдвэрлэхгүй л юм бол төсөв гэдэг байгаа ганц эрээн авдраа хэчнээн жил ухаж идэхэв дээ.

Монголын эдийн засаг сүүлийн хэдэн жилийн турш тогтмол өсөлттэй гарч, хоёр оронтой тооноос буухгүй байгаа. Улстөрчид нь эдийн засаг өссөн хэмээн хөөрцөглөх ч иргэдийн амьжиргаа өсөхгүй байгаа баялгийн хуваарилалт очих газраа очихгүй байгаагийн илрэл. Монголын нийгэмд орлогын тэгш бус хуваарилалт мэдээллийн тэгш бус хуваарилалтаас үүдэлтэй. Монголын нийгмийн чинээлэн давхаргыг бүрдүүлэгч гэр бүлийн дийлэнх нь эрхэлж байсан албан тушаалынхаа ачаар мэдээлэлд ойр байсан хүмүүс байдаг нь учиртай. Үүний хамгийн анхны жишээ нь алдарт 20 дугаар тогтоол. Тухайн үед бүхий л барааны үнийг хоёр дахин нэмсэн бөгөөд үүнтэй уялдан банкны хадгаламжиндаа 10 мянгаас доош төгрөгтэй хүмүүсийн мөнгийг хоёр дахин өсгөж, харин 10 мянгаас дээш төгрөгтэй байсан хүмүүсийн мөнгө хоёр дахин үнэгүйдсэн юм. Барааны үнэ нэмэгдэх гэж байгааг ийм шийдвэр гарах гэж байгаа мэдсэн хүмүүс амжаад бараа нөөцөлж, бас банкаас хэдэн төгрөгөө татаад амжсан гэдэг. Хоёр дахь жишээ нь, өмч хувьчлал юм. Харин дараагийн давалгаа нь уул уурхайн хөгжилтэй холбоотой. Нөөц сайтай баялаг ордуудыг эзэмшиж буй хүмүүсийн намтрыг сонирхох аваас ямар нэг албан тушаалгүй явсан хүн цөөн. Тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн заалтын дагуу өргөдлөө өгөөд эзэмшсэн байдаг ч ийм ордын лиценз хөдөлгөөнд орно гэдгийг аль эрт мэдээд өглөө ажил эхлэхээс өмнө дараалан үүсгэн, зарим үед зодоон цохионд хүрдэг байсныг мэдэх юм.
Орлогын тэгш бус хуваарилалт мэдээж дэлхийн улс оронд бий. Хангалуун сайхан амьдралтай гэгддэг АНУ тэргүүтэй улс орнуудад ч бий төдийгүй улам ихэсч байгааг хоёр гурван жилийн өмнө хүчээ авч байсан “Уолл Стрийтийг эзэл” хөдөлгөөн. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама саяхан орлогын тэгш бус хуваарилалтын эсрэг шийдвэртэй арга хэмжээ авахаа мэдэгдэж, хөдөлмөрийн нэг цагт ногдох үнэлэмжийг нэмэгдүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх замаар шийднэ гэдгээ хэллээ. Монгол Улс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс 139 мянган төгрөг болгон нэмсэн ч албан бус мэдээллээр өнгөрсөн онд 300 гаруй жижиг аж ахуйн нэгж дампуурсан гэж байгаа. Энэ нь эрх баригчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмсэн гэсэн сайхан тайлбартай, харин бодит байдал дээр ажиллах байр байхгүй гэсэн үг. Дахиад л бид хууртсан гэсэн үг. Эцсийн дүндээ нийлбэрийн чанар өөрчлөгдсөнгүй.