Вакцинаас татгалзах эрхтэй, гэвч эрсдэлтэй гэв

Хуучирсан мэдээ: 2014.01.06-нд нийтлэгдсэн

Вакцинаас татгалзах эрхтэй, гэвч эрсдэлтэй гэв

Сүүлийн өдрүүдэд вакцин тойрсон мэдээллүүд олныг цочроох болов. Тавхан сартай А.Зүмбэр, долоон настай Н.Энхбилэг нарт тохиолдсон аймшигт өвчлөл вакцин тариулсны маргаашаас илэрсэн болохоор аав ээж, ойр дотныхон, ер нь хэн ч вакцинаас болж өвдлөө хэмээн ойлгож байгаа. Та биднийг халдварт өвчлөлөөс хамгаалдаг гэж итгэдэг вакцин хортой юм бол цаашид хэрхэх ёстой вэ гэсэн асуулт гарна. Вакцин хийлгэх үү, татгалзах уу?  Энэ асуултын хариуг бид мэргэжлийн хүнээс авахыг зорилоо. Бидний уулзсан хүн бол Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл юм.

-Баянхонгор аймгийн дунд сургуулийн хоёрдугаар ангийн сурагчид тохиолдсон өвчлөлийн талаар та ямар нэгэн тайлбар хэлэх үү?

-Онош тавьж, эмчилж байгаа эмч нараас энэ тухай асуух нь зөв байх. Эмчлэгч эмч нар энэ талаар илүү тайлбарлах учиртай.

-Вакциныг манай улс хэдийнээс хийж эхэлсэн юм бэ. Энэ хугацаанд энэ мэт сөрөг нөлөө хэр олон гарч байсан бол?

-Түүх сөхвөл маш эртнээс, Чингис хааны үеэс улбаатай байдаг. Энэ цагийн дархлаажуулалтын түүх хувьсгал ялсны дараахан буюу 1923 оноос эхэлсэн. Өнөөдөр улсын хэмжээнд гурван төрлийн дархлаажуулалт хийж байгаа. Нэгдүгээрт, Засгийн газрын тогтоолын дагуу товлолын буюу заавал хийх дархлаажуулалт хийдэг. Үүнд 15 хүртэлх насны хүүхдэд 11 төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх долоон төрлийн вакциныг багтаадаг. Хоёрдугаарт, тархвар судлалын заалтаар дархлаажуулалт явуулдаг. Ямар нэгэн халдварт өвчний дэгдэлтийн үед хийдэг вакциныг ийн нэрлэдэг. 2011 онд ОХУ, 2012 онд БНХАУ-ын Шинжан, Уйгарт халдварт саа өвчин гарсан. Энэ өвчин манай улсын хувьд сүүлийн жилүүдэд огт гараагүй, 2002 оноос устсан гэж тэмдэглэсэн байсан өвчин хөрш орнуудад дэгдмэгц улсын хэмжээнд вакцин хийсэн. Гуравдугаарт, сайн дурын дархлаажуулалт. Иргэдийн өөрсдийнх нь хүсэлтээр хийдэг дархлаажуулалтын хамгийн түгээмэл жишээ бол томуугийн вакцин юм. Ийм гурван төрлийн дархлаажуулалт хийгдэж байна.

-Эдгээр вакциныг хаана үйлдвэрлэдэг вэ. Голчлон Хятадад үйлдвэрлэдэг гэсэн яриа байдаг?

-Манай улс 0-15 насны хүүхдийн дархлаажуулалтын хуультай. Хуулийн дагуу ДЭМБ-ын гэрчилгээтэй байгууллагаас НҮБ-ын Хүүхдийн сангийн шугамаар вакциныг авч байгаа. Тиймээс товлолын вакциныг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан авчирдаг. Вакцины үйлдвэрлэл, тээвэрлэлтийг “Чингис хаан” нисэх онгоцны буудал хүртэл Хүүхдийн сан хариуцдаг болохоор найдвартай гэж ойлгож болно. Бельги, Энэтхэг зэрэг улс оронд үйлдвэрлэсэн вакциныг голчлон сонгосон байдаг.Тархвар судлал, сайн дурын вакциныг дотооддоо тендер зарлан нийлүүлдэг. Ийм тохиолдолд БНХАУ-аас оруулж ирэх нь бий. Мөн л ялгаагүй өндөр шаардлага тавьж, бүх шаардлага хангасан сайн чанарын вакцин оруужл ирдэг.

-Дархлаажуулалтад хэдий хэрийн хөрөнгө төлөвлөдөг вэ?

-Энэ жилийн хувьд дархлаажуулалтад 6,8 тэрбум төгрөг төлөвлөсөн. Төсвийн хөрөнгө жил бүр харилцан адилгүй. Халдварт өвчин бага гарсан жилд вакцинд зориулах хөрөнгийн хэмжээ бага байна л гэсэн үг. Жилд дунджаар 4-6 тэрбум төгрөг зарцуулдаг. Үүнээс зайлшгүй хийх товлолт вакцинд жилд 1,2 тэрбум төгрөг зориулдаг.

-Вакцин хийснээс болж хүүхэд өвдсөн тохиолдол гарах бүрт эцэг, эхчүүдэд  түгшүүр төрөх болжээ. Тиймээс вакцин хийлгэхгүй гэж татгалзах эрх бий юү?

-Вакцин хийлгэхгүй гэж татгалзах эрх эцэг, эхчүүдэд бий. Гэвч энэ бол маш эрсдэлтэй шийдвэр гэдгийг онцолмоор байна. Вакцин хийгээгүйгээс гарах хүндрэлийг хэн хариуцах вэ. Би вакцины ач тусыг ганц нэгхэн жишээгээр тайлбарлая. Халдварт саагаар өвдвөл насан туршдаа тахир дутуу болдогийн дээр хөхүүл ханиад гэдэг  өвчин хүүхдийн амь насанд ч хүрэх аюултай. Мөн татран гэж муухай өвчин бий. Энэ бүгдээс сэргийлэх боломжийг дархлаажуулалт олгож байдаг. Үнэ төлбөргүйгээр сэргийлэх боломжтой гэсэн үг. Үүнээс татгалзах уу, хийлгэх үү гэдгийг сайтар бодох л асуудал. Улсын хэмжээнд нийт халдварт өвчний бууралт нь урьдчилан сэргийлэх тарилгатай өвчлөлийн бууралтаас шууд хамаарч байдаг. Олон хүний хувьд бага насандаа тусч байсан, хүмүүс ч сайн мэддэг улаан бурхан буюу корь өвчин 1958, 1970-аад онд маш ихээр дэгдэж байсан бол одоо устах шатандаа орсон. Хөхүүл ханиад гэхэд 1960-1967 онд маш их тархацтай байсан. Хамгийн сүүлд 1976 онд дэлгэрсэн бол 2004 оноос хойш огт бүртгэгдээгүй. Өнгөрсөн оноос устсан өвчний нэгд бүртгэгдсэн. Энэ бүхэн вакцин хийсний ач тус. Ийн өвчлөл буураад зогсохгүй өвчин туссанаас үүдэх эрсдэл давхар буурч байгаа юм.

-Тэгэхээр хүүхэд бүр толгой дараалж тусдаг гэж хүмүүсийн ойлгодог корь, салхин цэцгийг хүүхдүүд тусахгүй байж болно гэж ойлгож болох уу?

-Улаан бурхан буюу корийн хувьд тусахгүй байж болно. Салхин цэцгийн хувьд одоогоор манай улс вакциныг нь оруулж ирээгүй байгаа. Тийм ч болохоор хүүхдүүд салхин цэцэг туссаар байгаа. Хэрэв вакцинтай байсан бол корь шиг устаж ч болох өвчин шүү дээ. АНУ болон бусад хөгжингүй орнуудад бол салхин цэцгийн вакцин хийж байгаа.

-Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакциныг өнгөрсөн оноос хийж эхэлсэн. Гэвч энэ вакцины хор холбогдол охидыг насанд хүрсэн үед илэрч, үр зулбах зэрэг хүндрэл гардаг гэх юм?

– Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин тун туам нь 100 ам.долларын үнэтэй. Энэ вакциныг хийлгэснээр ирээдүйн эхчүүд хавдар өвчнөөр өвдөх тохиолдол эрс буурах юм. Гэтэл манайхан буруу ташаа мэдээллээсээ болж вакциныг эсэргүүцсээр байгаа. Өнгөрсөн жил вакцин хийлгэсэн хүүхдүүд хараахан насанд хүрээгүй байгаа болохоор үр зулбадаг гэдэг мэдээлэл үндэслэлгүй. 

-Вакцин тариулсны дараа хүүхдийн бие эвгүйрхэх нь бий. Энэ хүндрэл мөн үү?

-Хүндрэл гэхээсээ илүү вакцины урвал гэж нэрлэх нь зөв байх. Вакцин тарьсны дараа хүүхдэд бүү хэл том хүнд ч урвал илэрнэ. БЦЖ-ийн вакцины дараа тарьсан газарт улайлт үүсэх тохиолдол 90-95 хувьийн магадлалтай бол гепатит В-ын вакцины дараа халуурах нь бий. Хөхүүл ханиадын вакцинд хавдаж, халуурахаас гадна бие дээгүүр бага зэргийн тууралт гарах жишээтэй. Энэ мэт урвал их бага хэмжээгээр хүн бүрт харилцан адилгүй илэрдэг. Хүнд хэлбэрийн урвалын хувьд өвчлөл, тухайн хүний бие организмаас шалтгаалан нэг цагаас нэг сарын хугацаанд илэрдэг тал бий. Хүнд хэлбэрийн урвал 100 мянгаас нэг саяд  нэг удаа тохиолддог.

-Баянхонгорын охинд хүнд хэлбэрийн урвал тохиосон юм биш биз. Мөн вакцин гэдэг чинь тухайн өвчний вирусыг бага тунгаар тарьж буй хэрэг гэх юм. Тунг нь хэтрүүлснээс өвчлөх тохиолдол байх уу?

-Баянхонгорын охины хувьд вакцинтай давхцаж илэрсэн өвчин болов уу гэж би эмч хүний хувьд таамаглаж байгаа. Өөрийн чинь хэлээд байгаа бага тунгаар тарьдаг вакцин бол амьд  вакцинууд юм. Н.Энхбилэг охины тариулсан сахуу татрангийн эсрэг вакцин нь амьд вакцин бус хоргүйсэр юм. Нян бактерийн үйлчилгээгүй болохоор вакцинаас үүдсэн өвчлөл гэж хэлэх аргагүй байгаа юм. Анх вакциныг 19 дүгээр зуунд гаргасан бөгөөд өнөөг хүртэлх хугацаанд яавал урвалгүй, хүндрэлгүй байлгах вэ гэдэгт анхаарсаар ирсэн.

-Вакцин хийлгэлгүй татгалзсан тохиолдол хэр олон байдаг вэ. Чинээлэг давхаргынхан бол хүүхдэдээ вакцин хийлгэхээ больсон гэх юм?

-Вакцинаас татгалзсан талаарх мэдээлэл манайд ирээгүй. Өнөөдөр дэлхийн 150 оронд вакцин хийж байгаа. Эдгээрийн тэргүүнд нь бидний даган дуурайх дуртай АНУ явж байх жишээтэй. Тиймээс хэт туйлширч, буруу шийдвэр гаргуузай хэмээн  аав ээж нарт сануулъя. Улс орон хөгжөөд, эдийн засгийн хувьд хүчирхэгжих тусмаа вакциныг илүүтэй хэрэглэдэг. Дээр хэлсэн, салхин цэцгийн болон уушгины хатгалгааны эсрэг вакциныг хөгжсөн улс орнууд хэдийнээ хийгээд хүмүүс нь эдгээр өвчнөөр өвдөхөө больчихоод байна шүү дээ. Гэтэл вакцин хийх тэнхэлгүй олон орон бий. Дэлхий дээр гурван сая хүүхэд вакцинаар сэргийлж болох халдварт өвчнөөр өөд болж байна. Вакциныг хортой, муу муухай гэж эсэргүүцэх үзэгдэл хаа сайгүй дэлгэрч байдаг. Үүний хор нөлөө өнөөдөр биш алсдаа, үр хүүхдүүдэд маань тусах аюултай. Ганц жишээ хэлье. 1995, 1996 онд намайг залуухан эмч байхад сахуу татрангийн дэгдэлт гарч, 200 гаруй хүн өвдөж, тэднээс 40 гаруй н нас барж байсан. Яг тэр үед ОХУ болон Европын улс орнуудад вакциныг эсэргүүцсэн үзэл дэлгэрч, сахуу татрангийн вакцин хийхээ больсон байсан. Үүнээс болж дээрх улсууд руу наймаа арилжаа хийхээр зорьсон залуус эхэлж өвдөөд оюутан залуусыг хамарсан харамсалтай хэрэг гарч байсан. Энэ мэт аюултай үзэгдэл бүү гараасай гэсэндээ вакцинаас татгалзах нь зөв шийдэл биш гээд байгаа юм л даа.

-Одоогоор манай улсад дархлаажуулалт хэдэн хувьтай байдаг вэ?

-95 хувьтай байгаа. Вакцинаас татгалзах үзлээс болж энэ хувь буурлаа гэхэд халдварт өвчинд нэрвэгдэх байдал улам л нэмэгдэнэ гэсэн үг. Гэхдээ сүүлийн үед дархлаажуулалтыг удамшил, удамшлын өвчинтэй холбон судлах болсон нь сайн хэрэг. Зарим айлын хүүхдэд зарим төрлийн вакцин харшлах зэрэг тохиолдол байдаг. Тиймээс үүнийг эцэг эхчүүд ч анзаарч ажиглаж байх ёстой.

Д.ЦЭЭПИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж