
2014 оны босгон дээр Монгол Улсын хүн амын тоо 2 сая 292 мянга 164 болсон. Эдгээрийн 10 орчим хувийг ахмад настанууд, 27,7 хувийг 0-14 насныхан, 37,5 хувийг 15-34 насныхан, өсвөр үе, залуучууд, 51 хувийг эмэгтэйчүүд, 49 хувийг эрчүүд эзэлж байна гэсэн статистик тоо байгаа бөгөөд улсын хэмжээнд 768,263 өрх, гэр бүл байгаа аж. Нийгмийн анхдагч нэгж болох гэр бүл улсын тогтвортой хөгжлийг дэмжихэд гэр бүлийн гишүүн бүрийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх гэр бүлийн гишүүд хамтдаа урт удаан амьдрах, тогтвортой гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөр, Гэр бүлийн тухай хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулан хэрэгжүүлэхэд төр үндсэн хуулийнхаа дагуу үүрэг хүлээх хэрэгтэй байгаа учраас ийнхүү энэ жилийг гэр бүлд анхаарлаа хандуулахаар төлөвлөжээ.
Засгийн газраас 2003 оны гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж байсан ч өдийг хүртэл уг тогтоолын дагуу төлөвлөсөн ажлын гүйцэтгэлийг үнэлж дүгнээгүй, ямар ч үр дүн гарсныг тайлагнах нээлттэй мэдээлэл олдоогүй байгаа гэдгийг албаныхан хэлж байна. 2014 онд Гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих үндэсний хөтөлбөр, “Миний гэр бүл” хүүхэд хөгжлийн хөтөлбөр боловруулан хэрэгжүүлэх, гэр бүл зөвлөгөө өгөх төвийг байгуулж, олон улсын жишигт нийцүүлэх, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар батлуулж, хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг хийх юм байна.