
Английн хөлбөмбөгийн холбооны цомын /FA cup/ тэмцээнээс “Манчестер Юнайтед” баг хасагдлаа. “Манчестер Юнайтед” хөлбөмбөгийн холбооны цомын тоглолтод Уэльсийн “Свонси Сити” багийг талбайдаа барсангүй 2:1-ийн харьцаатай хожигдлоо. Тоглолтын 90 дэх минутад “Свонси Сити” багийн довтлогч Бони гоол оруулж, “Манчестер Юнайтед” багийг “Олд Траффорд” цэнгэлдэхэд нь, үнэнч хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө “FA cup” тэмцээнээс хаслаа. Тоглолтын дараа “Манчестер Юнайтед” багийн дасгалжуулагч Дэвид Мойес “Бид тун азгүй байлаа. Тоглолтын турш өрсөлдөгчөө илүүрхэж, олон гоолын боломж гаргасан. Гэвч үр дүн өрсөлдөгчийн талд гарлаа. Бид Английн хөлбөмбөгийн холбооны цомыг хүртэхийн төлөө сүүлийн 10 жилийн турш “хөөцөлдөж” байна” гэдгийг онцолсон байна.
“Манчестер Юнайтед” энэ улирлыг тун тааруухан эхлүүлээд байна. Дэлхийн хамгийн олон үзэгчтэй, зөв менежменттэй Английн “Премьер лиг”-ийн өнгөрсөн жилийн аварга “Манчестер Юнайтед” энэ улиралд долдугаар байрт бичигдэж байна.
“Манчестер Юнайтед” энэ сарын 11-нд буюу ирэх амралтын өдрүүдэд Английн “Премьер лиг”-ийн 21 дүгээр тойргийн тоглолтод “Свонси Сити” багтай дахин тоглоно.