"Төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн дүрмийг мөрдүүлэх хэрэгтэй"

Хуучирсан мэдээ: 2014.01.06-нд нийтлэгдсэн

"Төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн дүрмийг мөрдүүлэх хэрэгтэй"

"Төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн дүрмийг мөрдүүлэх хэрэгтэй"
-"Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай" хуулийн төслийг санаачилсан. Ямар заалтуудад өөрчлөлт оруулахаар тусгасан юм бэ?
-Өнгөрсөн оны тавдугаар сард УИХ Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг баталж нэлээд хэдэн зарчмын өөрчлөлт оруулсан юм. Түүний дотор төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга, захирал, эрхлэгч нар төрийн үйлчилгээний албан хаагчаас төрийн захиргааны жинхэнэ албан хаагч болохоор заагдсан. Хуулийн энэ өөрчлөлтэй холбогдоод албан тушаалын ангилал зэрэглэл нь өөрчлөгдөөд олон байгууллагын удирдлага төрийн захиргааны албан тушаал руу шилжих болчихсон. Төрийн албаны хуульд зааснаар төрийн захиргааны албан хаагчид сонгон шалгаруулалтад орж улмаар төрийн албаны шалгалт өгөх учиртай. Хуульд өөрчлөлт орсон цагаас хойш ЭМЯ, БСШУЯ болон УИХ-ын гишүүдийн нэр дээр олон санал хүсэлт ирсэн. Тэдгээрийн дотор төрийн албаны шалгалт өгөх нэрээр олон хүнийг ажлаас нь өөрчилж магадгүй нөхцөл үүсэхээр байна. Тиймээс ямар нэгэн байдлаар шийдэж өгөөч гэсэн хүсэлтүүд зонхилсон. Хууль батлагдсантай холбогдуулаад Төрийн албаны зөвлөлөөс шалгалтын товыг зарлачихсан. Анх 1995 онд Төрийн албаны тухай хууль батлагдсан. Түүнд зааснаар төрийн захиргааны албанд тухайн үед ажиллаж байсан бүх хүнийг шалгалтгүйгээр шууд төрийн захиргааны албан тушаалд томилж байсан юм. Тэр жишгийг харгалзаад эдгээр байгууллагын дарга, захирал нарыг төрийн захиргааны албанд шилжүүлэхээр болбол одоо ажил үүргээ дутагдал доголдолгүй гүйцэтгэж буй албан тушаалтныг шууд төрийн захиргааны албанд шилжүүлэх боломж бололцоог хуульчилъя гэсэн үүднээс хуулийн төслийг боловсруулсан. Yүнтэй холбогдуулан боловсролын болон эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах хоёр төслийг санаачилсан. Хуучин аймаг, нийслэлийн Боловсрол, Эрүүл мэндийн газар нь захирал, эрхлэгч нараа сонгон шалгаруулж томилдог байсныг өөрчлөөд аймаг нийслэлийн төрийн албаны салбар зөвлөлийн саналыг үндэслэн томилдог байхаар тусгасан хуулийн төслийг боловсруулж Засгийн газарт санал авахаар хүргүүлсэн. Засгийн газар саналаа өгөнгүүт УИХ-д өргөн барихаар төлөвлөсөн.

-Эрүүл мэнд, боловсролын салбарын байгууллагын захирал, эрхлэгч нар төрийн захиргааны жинхэнэ албан хаагч болж төрийн албаны шалгалт өгөх эсэх тухай яригдаж байна. Хэчнээн байгууллагаас хэдэн хүн хамрагдахаар байгаа вэ?
-Улсын төсвөөс санхүүждэг төрийн болон орон нутгийн өмчийн 667 цэцэрлэгийн эрхлэгч, 597ерөнхий боловсролын сургуулийн захирал, 138 Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, их, дээд сургууль, коллежийн захирал, 804 театр, чуулга, соёлын төв, номын сангийн дарга, 48 эрдэм шинжилгээний байгууллагын дарга, 326 сум, сум дундын эмнэлэг, 234 өрхийн эмнэлэг, 45 дүүргийн болон нэгдсэн эмнэлэг, 95 уламжлалт, рашаан сувилал, спортын хороо, клуб, гоц халдвартын төвийн дарга, 60 гаруй нийгмийн даатгал болон хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга, захирал нар төрийн үйлчилгээнээс төрийн захиргааны албан хаагчийн зэрэглэлд шилжихээр болж байгаа юм.Төрийн албаны хуульд төрийн захиргааны албан тушаалд шилжүүлэхийг оруулсан нь зөв үү,буруу юу гэдгийг эргэж харах шаардлага зайлшгүй гарч байгаа. Энэ олон хүнийг төрийн захиргааны албан тушаалтны ажил үүрэг гүйцэтгэж байна уу эсвэл тухайн салбарын чиглэлийн ажил үүргийг гүйцэтгэж байна уу гэдгийг зайлшгүй нягтлах шаардлагатай.

-Төрийн албаны зөвлөлөөс төрийн албан хаагчаас шалгалт авах товыг зарласан гэлээ. Эдгээр хүмүүс төрийн албаны шалгалт өгөх үү. Асуудал яаж шийдэгдэх вэ?
-Одоохондоо төрийн албаны шалгалтын товыг түр хугацаагаар хойшлуулсан. УИХ хуулийн төслүүдийг хэрхэн авч үзэхээс шалтгаалаад дараагийн асуудал шийдэгдэх байх.

-Төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүйн дүрмийг боловсруулах ажлын хэсэгт та орсон. Хуулийн төслийн хэлэлцүүлэг ямар шатанд явна вэ. Дүрэм батлагдснаар төрийн өндөр албан тушаалтнуудад нийтэд нь үйлчлэх үү. Эсвэл Ерөнхийлөгч, сайд, шүүхийнхэн гээд тус бүртээ ангилан ялгараад явах уу?
-Хуучин УИХ-ын үед Д.Дэмбэрэл, Л.Гантөмөр нарын гишүүдтэй нийлж Төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн дүрмийн төслийг санаачилж УИХ ёс зүйн байнгын хороотой байх, тус хорооны дүрэм, төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн дүрэм гэсэн гурван баримт бичгийг өргөн барьсан юм. Өргөн барьсан төслийг ерөнхийд нь хэлэлцээд явж байгаа. Шинэ УИХ ёс зүйн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг бас ярьж байна. УИХ-ын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Одоохондоо түрүүчийн өргөн барьсан төслөө татаж авах уу, төслийг өөрчлөөд өргөн барих уу гэдэг ярианы төвшинд байна. Төрийн өндөр албан тушаалтан гэдэгт УИХ, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгч, яам, агентлагийн дарга нар, шүүх, прокурорын зэрэг ажилтнууд орсон.

-Шинээр өргөн барих болоод хуучин ёс зүйн дүрмийн төслийн хооронд ямар ялгаа байгаа вэ?
-Өмнө нь өргөн барьсан төсөлд ёс зүйн байнгын хороо байгуулах, байнгын хорооны дүрэм, өндөр албан тушаалтны ёс зүйн дүрэм гэсэн гурван баримт бичиг бий. Одоо ажлын хэсэг дээр ёс зүйн байнгын хороо байгуулахгүй, ёс зүйн дүрмийг нь батлаад өгье гэсэн санал яригдаж байна.

-Төслийг боловсруулахдаа гадаадаас туршлага судлах, судалгаа хийх тохиолдол байв уу. Ёс зүйн дүрмийн төсөлд ямар хэм хэмжээнүүдийг тусгасан бэ?
-УИХ 2002 оноос ёс зүйн дүрэмтэй болох асуудлыг ярьсан билээ. Бид ёсзүйн дүрэм боловсруулах асуудал дээр АНУ-ын Бүгд найрамдахчуудын хүрээлэнтэй хамтарч нэлээд зүйлийг хийсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байх үед ёс зүйн дүрмийг хэрхэн боловсруулах асуудлаар байнгын хорооны гишүүд АНУ-д очиж сенат, конгрессийн туршлагаас судалсан. Мөн олон улсын зөвлөхүүдийг авчирч төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүйг хэрхэн зохицуулах вэ гэсэн сэдвээр сургалт зохион байгуулж, материал бүрдүүлсэн. Гадаад орнуудын хувьд төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн дүрмийг батлахдаа зөвхөн албаны ёс зүйн асуудлыг ярьдаг хувийн асуудлыг тусгадаггүй юм билээ. Зарим орон хууль маягаар гаргадаг бол бид дүрэм хэлбэрээр гаргахаар төлөвлөсөн. Зөвхөн албан ажлын хүрээнд баримтлах юм. Дүрмийг нэгдүгээрт, албаны үйл ажиллагаанд баримтлах ёсзүйн хэм хэмжээ, хоёрдугаарт албан тушаалын ёсзүйн хэм хэмжээ, гуравдугаарт, хөрөнгө оруулгын мэдүүлэг, албан томилолттой холбоотой ёсзүйн хэм хэмжээ, дөрөвдүгээрт, шагнал, бэлэг дурсгал, хүлээн авахтай холбогдсон, тавдугаарт сонгуулийн кампант ажлын үед баримтлах ёсзүйн хэм хэмжээ гэсэн хүрээнд журамлах нь зүйтэй гэж үзсэн.

-Бусад орнуудын өндөр албан тушаалтнуудын ёс зүйн хэм хэмжээний дүрэмд нийтлэг туссан асуудал юу байдаг бол. Орон бүр өөр өөр ч үлгэр авахаар манайд ойрхон гэмээх зүйл байгаа байх л даа?
-Бусад улс орнууд ёс зүйн дүрэмдээ төрийн өндөр албан тушаалтны эрх ашгийн зөрчлийн ёс зүйг гол асуудлаа болгон тусгасан нь анзаарагдсан. Мөн тухайн өндөр албан тушаалтан өөрийн эрх мэдлийг хувийн эрх ашигтаа зохицуулж ашиглах, авлигаас сэргийлэхийг онцгойлж тодорхой заадаг юм билээ. Мэдээж хэрэг улс орон бүрт ёс заншлаас үүдээд асуудал өөр өөр байна. Бид өөрийн орны онцлог нөхцөл байдлыг харгалзан асуудлыг зохицуулахаар төлөвлөсөн. Бидэнд гадны туршлагатай зөвлөхүүд ёс зүйн дүрмийг баталж гаргаснаар бүх хүнийг ёс зүйтэй болгох асуудал эцсийн зорилго биш. Ер нь төрийн өндөр албан тушаалтны хувьд албан ажлаа гүйцэтгэж явахдаа би энэ хэмжээнээс хальж болохгүй, иймэрхүү зүйлд баригдаж ажиллах ёстой гэсэн ухамсрыг төрүүлж дадлага хэвшил болгох нь чухал гэдгийг зөвлөсөн. Хэдийгээр төрийн өндөр албан тушаалтан ч гэсэн хүн л юм болохоор хувийн амьдралдаа алдаа гаргана. Түүнийгээ албан ажлынхаа хүрээнд гаргаж болохгүй байхаар зохицуулах нь чухал гэж үзэж байгаа.

-Төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн дүрмийн тухай олон жил ярьсан ч хууль өнөөг хүртэл батлагдаагүйн шалтгаан юу байв. Улстөрийн байдал нөлөөлөв үү ерөөсөө цаг нь болоогүй юм уу. Yүнийг юу гэж дүгнэж байна вэ. Ес зүйн дүрэм ойрын хугацаанд батлагдах болов уу?
-Төрийн өндөр албан тушаалтны ёсзүйн дүрмийг батлах асуудал нэлээд сунжирч гурван ч парламентын нүүр үзлээ. Нэг талаар ёсзүй гэдэг төвөгтэй асуудал. Хүмүүсийн болгоомжлол ч байдаг болов уу. Ёс зүйг заавал ингэж журамлах хэрэгцээ, шаардлага байна уу гэдэгт гишүүд эргэлзээтэй ханддаг нь ч бий. Нөгөөтэйгүүр их сайн бодож албаны ёс зүй, хувийн ёс зүйгээс хэрхэн ялгагдах ёстой гэдгийг салгаж зааглах хэрэгтэй. Иймэрхүү нөхцөл шалтгаануудаас болоод удсан тал бий. Гэхдээ Төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн дүрмийг даруйхан баталж мөрдүүлэх нь зүйтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж