
Нийслэлийн нийгэм, эдийн засгийн 2014 оны зорилтод тусгагдсаны дагуу төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор “Ухаалаг Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд нийслэлийн Мэдээллийн технологийн газраас ухаалаг утастай иргэдэд зориулан “Ухаалаг Улаанбаатар” аппликэйшныг боловсруулжээ. “Ухаалаг Улаанбаатар” аппликэйшнд нийслэлийн бүхий л мэдээлэл байгаа бөгөөд уг аппликэйшныг татаж авснаар та гар утсаараа нийслэлийн ЗДТГ-ын албан ёсны
www.ulaanbaatar.mn цахим хуудсанд нэвтэрч, нийслэлийн ИТХ-ын тогтоол, шийдвэр, нийслэлийн Засаг даргын захирамж, гадаад, дотоод зардлын тайланг үзэхээс гадна нийслэлээс зарлагдаж байгаа тендер, нийслэлийн төр захиргааны байгууллагуудын байршлын мэдээллийг авах боломжтой юм байна.
Мөн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг заавал өөрийн биеэр өгөх шаардлагагүй, аппликэйшны Smart UB буланд ороод санал хүсэлтээ явуулж, хариугаа утсаараа авах гэнэ. Түүнчлэн зам засвар, шинэчлэлийн ажлын үеэр аль зам дээр ямар компани зам тавьж байгаа, хэзээ хаагдаж, ашиглалтад орох талаарх мэдээлэл авах, түргэн тусламж дуудах, цагдаа, онцгой байдлын газарт дуудлага өгөх боломжтой аж. Иргэд “Ухаалаг Улаанбаатар” аппликэйшныг “Smart Ub” гэсэн нэрээр бүх төрлийн Андройд утсанд татаж авахыг уриаллаа.
С.СҮРЭН