Шинэ мянганы анхны ХУН

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Шинэ мянганы анхны ХУН

Театрт уг нь ням гаригийн үдэш бүр бүжгэн жүжиг тоглодог л доо. Түрүүчийн долоо хоногт “Уран хас”, түүний урьд “Коппелия”, тэрнээс өмнө “Хунт нуур” гээд олон сайхан балетыг театрынхан бидэнд зориулж байна. Харин өнгөрсөн бүтэн сайнд сонгодог урлагийг бишрэн шүтэгчид арай өөр үдшийг өнгөрөөв. Гэхдээ яг тэндээ, тэр суудалдаа, бас тэр цагтаа.

Тэр үдэш бидний өмнө театрын прима балерина Ч.Ганчимэг бүжиж байлаа. Театрын балетын гоцлооч тэрбээр сонгодгийн тайзан дээр гарсныхаа 10 жилийн ойг тэмдэглэн бүжиж байгаа нь энэ.

2000 онд шинэ мянганы босгон дээр театрт цоо шинэ хун ирсэн билээ. Түүнээс хойш яг арван жил өнгөрчээ. Арван есхөн настайдаа сонгодгийн ягаан байшингийн хаалгыг тогшин орж ирсэн тэр нэгэн өдөлж гүйцээгүй нялх хун өнөөдөр бидэнд ид хав, уран чадвар, гоо үзэмжээ гайхуулж байна. Дотоодод төгссөн балетчин анх удаа бүжгэн жүжгийн оргил “Хунт нуур”-т тоглосон нь Ганчимэг. Үнэхээр тэр “Хунт нуур” балетад гоцлосон анхны “монгол хун”. Балетчин бүхний мөрөөдөл биелдэггүй. Тэр мөрөөдөл бол үгүйсгэхийн аргагүй ХУН болох шүү дээ. Манай театр анх 1975 онд алдарт “Хунт нуур”-ыг тавьж, суут Ю.Оюун Монголын сонгодог бүжгэн жүжгийн түүхэн дэх анхны хун болж байсан билээ. Ердөө зургаахан жилийн дараа тэр өдөт цагаан гоёлоо өөр залуухан охинд өгсөн. Мэдээж тэр бол УГЖ Гэрэлчимэг. Түүний араас Г.Цолмон, Ч.Ганчимэг нар өөр, өөрсдийн орон зай, цаг хугацаанд нисэн ирцгээсэн.

Насан туршдаа Монголын сонгодог бүжгэн жүжгийг гартаа “атгаж” байгаа балетмэйстр Б.Жамъяндагва гуай тоглолтын эхэнд гарч ирэн театрынхаа прима балетчин Ч.Ганчимэгийн тухайд жинтэй цөөн үг хэлэв. Түүний “Ганчимэг бол дэлхийд нэр нь гарсан манай театрын прима балерина. 21 дүгээр зууны шилдэг бүжгэн жүжигчдийн нэг” гэсэн хоёр өгүүлбэрийг сонсоход л сэтгэлд бардамнал төрж байв. Тэрбээр цааш нь “Энэ сайн балеринаг бэлтгэж өдий зэрэгтэй болгосон багш нарт нь талархаж байна. Хөгжим бүжгийн коллежийнх нь багш Энхтуяа, театрт ирсэн хойно нь зааж сургасан багш МУГЖ Гэрэлчимэг нарыг огт мартаж болохгүй” гэж хэлээд үзэгчдэд мэхийн ёслов.

Оросын хөгжмийн нэрт зохиолч Арам Хачатуряны 1956 онд анх тайзнаа тавьсан “Спартак” балетаар энэ үдшийг эхлүүлэв. Большой театр болон хуучин Зөвлөлтийн бүрэлдхүүнд багтдаг байсан орнуудын театрт тогтмол тавигддаг энэ орчин үеийн бүжгэн жүжиг манай балет сонирхогчдын хувьд шинэлэг тоглолт байсан болов уу. Энэ үдшийн хатан Ч.Ганчимэг Эгина буюу Крассын амраг бүсгүйн дүрд тоглосон нь. Номин цэнхэр даашинзтай, тансаг чамин титэмтэй Ганчимэг

Бүжгэн жүжгийн хоёрдугаар үзэгдэл нь Ромын эзэнт гүрний хаан Красс Thracian улсыг дайтлаар морьдон, буулган авч, тэндхийн хаан Спартак, хайрт эхнэр Фригия нарыг нь олзлон авчирчээ. Харгис хэрцгий Красс хаан гэм зэмгүй хоёр гладиаторын нүдийг боолгон хооронд нь тулалдуулж түүндээ баяр бахдал болно. Красс хааны амраг, дур тачаалтай, эрэмгий хурц Эгина бүсгүй олзлогдсон хаан, хатан хоёрыг оролцуулан эртний грекчүүдийн сексийн зугаа цэнгэлийн нэгэн хэлбэр болох orgy-ийг хийхийг хүснэ. /Эртний Грекийн ихэс дээдсүүд сархад хэтрүүлэн уун, наргиж цэнгэн, олуулаа загас наадуулдаг байсан бөгөөд үүнийгээ orgy гэж нэрлэдэг байжээ/. Тачаалт Эгинагийн хүсэл талаар өнгөрч, бүгд оргосон байдаг. Доромжлогдсон Эгина галзууртлаа уурлаж, Красс хаанд олзлогдогсдыг даруйхан хайж олохыг шавдуулна. Энэ зуурт Спартак, Фригия нар оргож чадсанаа баярлан тэмдэглэн уг бүжгэн жүжгийн хамгийн оргил хэсгүүдийн нэг гэгддэг “Спартак, Фригия нарын адажио”-г хийж тоглолтын эхний үзүүлбэр төгссөн.
Ганчимэг эрэмгий хурц, дур тачаалтай Эгина хатанг бүрэн дүүрэн харуулж чадсан. Эрсхэн хурц хөдөлгөөн, гялалзсан эрэмгий харц түүнд хамгийн ихээр зохих юм.

Хоёр хэсэгт хуваасан тоглолтын эхний хэсэг үүгээр дуусч, удирдаач Н.Туулайхүү оркестроо удирдахаар гарч ирсэн. Тоглолтын хоёрдугаар хэсэг “Хунт нуур”-ын адажиогоор эхэллээ. Балетын урлагийн хаан гэгдэх энэ бүжгэн жүжиггүйгээр театрын прима балетчины уран бүтээлийн тоглолт төсөөлөгдөхгүй биз.
Үзэсгэлэнт хун Ганчимэгийн дурлалт ханхүү нь театрын эрэгтэй гоцлоочдын нэг О.Ганцоож байлаа. Угаасаа тоглолтын бараг бүх хэсэг дээр Ганчимэг, Ганцоож нар хослон бүжиглэсэн. Энхрий зөөлөн, гэм зэмгүй цагаан хун, хурц, даажинтай, дур булаам хар хунгийн аль алиныг Ганчимэг гайхалтай амилууллаа. Хар хунгийн дүр түүнд юу, юунаас илүү “наалдах” юм. Бүр хар хунгийн бүжигт ховсдуулах мэт санагдсан.

Түүний уран бүтээлийн үдэшлэгт театрын үзэсгэлэнт хунгууд болох Б.Саруул, Г.Цолмон нар ч дүүлэн нисцгээсэн. Балетын бүх жүжигчид энэ үдэш тайзан дээр бүжиж, А.Аданы “Корсар”, Л.Минкусын “Баядэра”, П.И.Чайковскийн “Па де де”, Хорасио Салган “Танго” зэрэг алдартай бүжгэн жүжгийн хэсгүүдээс үзэгчдэд толилуулав.

Театрын түүхэн дэх дөрөв дэх ХУН ийнхүү сонгодог урлагийн тэнгэрт арван жил дүүлэн ниссэнийхээ их баярыг бидэнтэй хуваалцлаа.

Ж.Нандиа

Гэрэл зургийн цомгийг эндээс үзэж сонирхоорой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж