Дагдангийн эхнэрийн таргалсаны учрыг мэдсээр байж…

Хуучирсан мэдээ: 2014.01.06-нд нийтлэгдсэн

Дагдангийн эхнэрийн таргалсаны учрыг мэдсээр байж…

Монголын нийгэм тэр аяараа хөдөлгөөнд ороод эхэллээ. Бид хөгжиж, урагш алхалж байгаа ч нэн тээртэйгээр, хөлөндөө шуудайтай элс дүүжилсэн мэт урагшилж байна. Хэрвээ хүсвэл шуудайтай элсээ хаяад илүү хурдан урагшлах боломж байгаа юм. Энэ боломж нь юу вэ? Зүгээр л хүн бүр шат шатандаа хийдэг хийдэг юмаа хийнэ гэсэн үг. Улстөрч нь улстөрчөөрөө байж, бизнесмэн нь бизнесмэнээрээ байна гэсэн үг. Харин одоо бол улстөрч гэдэг ганцхан универсаль “мэргэжилтэй” хүн бүхнийг хийхийг оролдож, тэр хэрээр бүхнийг дордуулж байна. Бүүр зүгээр байсан салбар, нэгжийг хүртэл улстөрч ирж дампууруулж байна. Хийдэг хийдэг юмаа ном ёсоор нь хийе хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч “Том төрөөс ухаалаг төр рүү” шилжих санаачилгадаа уриалаад байгаа нь учиртай.

Улстөрчид маань нийслэл хотоо нүх сүв үлдээлгүй “илбэн тохинуулсан” болохоор одоо хөдөө орон нутаг руу дайлаар мордож эхэлж байна. Одоогоос арваад жилийн өмнө аймгийн Засаг даргын албан тушаалыг хэн сонирхож байлаа. Монгол Улсын эдийн засаг өргөжин тэлж, байгалийн баялаг дагасан их бүтээн байгуулалт аймаг орон нутагт өрнөж эхэлж байна. Арван жилийн өмнө Өмнөговь аймаг ямар байсныг хүмүүс санаж байгаа байх. Харин одоо асар их мөнгө эргэлдсэн эдийн засгийн бүс нутаг болоод байна. Аймгуудын Засаг дарга нар төсвөө захиран зарцуулах эрх эдэлж эхэллээ. Чухамхүү мөнгө эргэлдэж байгаа газар улстөрчид батгана мэт шавдаг нь ном. Хөвсгөл, Говь-Алтай, Дорнод, Дорноговь гээд олон аймаг удирдлагаа томилж чадахгүй эргэж буцаж мунгинасаар. Үнэндээ нийслэлд улстөрчид цээжний бангаар сайхан ярьж байгаа ч яг үнэндээ нутгийн ард түмэнд тогтвортой хангалуун амьдрал л хэрэгтэй.

Аймаг гэдэг бол уг нь харилцан ашигтай, хамтдаа хөгжье гэсэн чин эрмэлзэлтэй хүн удирдаж чадах юм бол өндийлгөхөд ядаж цөхөх юмгүй. Аймаг гэдэг компанийг удирдах чадварлаг менежер бол Засаг дарга нь байх ёстой. Түүнээс биш нам ярьж цээжээ дэлдсэн, ирэх сонгуулийн мөнгөө босгох мөнгөний хүүдий гэж харсан хүн очих юм бол орон нутаг чинь хөгжихгүй, үр хүүхэд чинь өнөө л дэд бүтэцгүй, төсвийн, халамжийн хэдэн төгрөг горьдсон хэдэн хүний суугуул газар байсаар байх болно гэдгийг ойлгуулахсан. Нийслэл хоттой ойр байгаа аймгууд төвлөрсөн зах зээлд ойр гэсэн давуу талаа ашиглан илүүтэй хөгжиж, алслагдсан аймаг хөгжлөөр хоцорч байгаа талаар иргэд нь гомдоллодог. Уг нь алслагдсан гээд байгаа аймгууд бүгд хойд, урд хоёр хөрш рүү шууд гарах гарцтай, үүнийгээ зөв ашиглаад худалдаа, бизнесийн харилцаа хөгжүүлэн улаанбаатарчуудаас дутахгүй амьдрах өргөн бололцоо байгаа харагддаг. Зарим аймгийн тухайд зөвхөн хөрш гэлтгүй Азийн бүс нутаг руу ч эдийн засгийн харилцаагаа тэлэх боломжтой. Хорин жилийн өмнөх Эрээн, Замын-Үүдийн жишээг бид иш татах их дуртай. Энэ хорин жилийн хугацаанд Эрээн яагаад Дагдангийн эхнэр мэт таргалж, Замын-Үүд яагаад Цэрмаа мэт турсаны шалтгааныг бид мэдсээр байгаа мөртлөө өөрчлөхийг хүсэхгүй, хүсүүлэхгүй байгаад л учир байна.    

Төсвийн хуваарилсан мөнгийг тараахаас илүүтэй нутаг орныг өөд нь татах үйлдвэрлэл, бизнесийн боломж юу байгаага хайдаг, хардаг тийм л удирдагч аймгуудад хэрэгтэй байна. Аймаг орон нутгийг хөгжүүлэх санал санаачилга цөөдөөгүй. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор сүүлийн хэдэн жилд хөнгөлттэй нөхцөлтэй зээлийг нэн ялангуяа орон нутагт зориулан гаргаж байгаа ч хүссэн үр дүндээ хүрсэн гэж хэлэх албан тушаалтан алга л байна. Тухайлбал, 2009 онд улсын төсвөөс 30 тэрбум төгрөг, банкны оролцооноос 8.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, нийт 38.6 тэрбум төгрөгийн, 2010 онд улсын төсвөөс 30.4 тэрбум төгрөгийг, 2011 онд хөдөө аж ахуйн салбар болон жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор 300 тэрбум төгрөгийн Засгийн газрын бонд гаргаж, бондын эх үүсвэрээс 150 тэрбум төгрөгийг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд төвлөрүүлж, үүн дээр нэмэгдэн нийт 175.1 тэрбум төгрөгийн зээл, 2013 онд Хөгжлийн банкнаас 50 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргаж байсан байх юм. Энэ бол бага мөнгө биш. Гагцхүү мөнгийг үржүүлж, баялаг болгох эзний гарт очсон уу гэдэг өөр асуулт.

Улстөрчдийн цүнх барьж дагаж гүйсэн хүмүүсийн гарт төсвийн мөнгийг атгуулдаг гаж тогтолцоогоо өөрчлөхгүйгээр Монгол Улс гэсэн том компани, аймаг гэдэг охин компаниудын аж ахуйг мөддөө өөд нь татаж чадахгүй.

Д.НАРАНТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж