
Германы баруун хэсгийн Бонн хотын ойролцоо өчигдөр /I.3/ дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг дэлбэрснээс нэг хүн амь үрэгдэж, 13 хүн гэмтэж бэртсэн хэрэг гарчээ. “AP” агентлагт мэдээлснээр Германы Ойскирхен аж үйлдвэрийн бүсэд нэгэн фирм барилгын ажил явуулах үеэр дайны үеийн тэсрэх бөмбөг дэлбэрч, газар ухаж байсан бульдозерчний аминд хүрсэн байна. Хүчтэй дэлбэрэлтийн улмаас ойр орчмын 400 метр дэх байшин, барилгын цонх, дээвэр, хаалга эвдэрч сүйдсэн гэнэ.
Одоогоор Германы албаныхан тэрхүү тэсрэх бөмбөг дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тэнд булаатай байсан уу эсвэл хор хөнөөлийг нь багасгах зорилгоор тэнд авчирч булсан байсан эсэхийг тодруулаагүй байна.
Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш газрын хөрсөнд булагдан үлдсэн тэсрэх бөмбөгнүүд Германаас ихээр олддог ч дээрхтэй адил тэсэрч, хүний аминд хүрсэн тохиолдол ховор байдаг аж.
Дашрамд сонирхуулахад Умар Рейн-Вестфаль мужийн Бонн хот нь 1949-1990 оны хооронд Баруун Германы нийслэл байсан юм.