“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн дээжийг гардуулав

Хуучирсан мэдээ: 2014.01.04-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн дээжийг гардуулав

2014 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг төр, захиргаа, шүүх, эрх мэдэл, хууль сахиулах байгууллагууд, их, дээд, дунд сургууль, нийтийн номын сангуудад үнэ төлбөргүй тараах шийдвэр гаргасан билээ.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн зөвлөлийн дарга Б.Болдбаатар өчигдөр /2013.01.03/ “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг үнэ төлбөргүй тараах зарим байгууллагуудын төлөөлөлд эмхэтгэлийн 2014 оны анхны дугаарыг гардуулан өгөв.

Энэ арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөлөгч хүрэлцэн ирж “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2014 оны анхны дугаарыг гардан авлаа.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Дагва хэлэхдээ, Монгол Улсын шүүх болон шүүгч нар албан ёсоор хэвлэгдэн гарсан хуулийг хэрэглэнэ гэж хуульд заасан байдаг. Шүүгч нарын өдөр тутмын зэвсэг болсон хуулийг ард түмэнд хүргэж ажил хэрэг болгоход УИХ-ын Тамгын газраас шийдвэр гаргаж хамгийн олон хэрэглэгчтэй шүүхийн байгууллагыг, мөн бусад төрийн байгууллагуудад "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийг үнэгүй тараадаг болсон нь шүүхийн байгууллагуудад том хөрөнгө оруулалт боллоо гэж үзэж байна гэлээ. Мөн монголын нийт шүүгч, шүүхийн ажилтнуудын өмнөөс талархаснаа илэрхийлж “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг түргэн шуурхай хүргэх, хуулийн хэрэгжилтийн биелүүлэлтэд идэвх чармайлт гаргаж ажиллахаа илэрхийллээ.

Улсын Их Хурлын Тамгын газар “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн долоо хоног тутмын дугаар бүрийг төдийгүй олон улсын гэрээ, конвенци бүхий “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн тусгай дугааруудыг цахим хэлбэрт тус тус шилжүүлж олны хүртээл болгож байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж