Сахуугийн вакцин хийлгэсэн охин үхлийн ирмэг дээр байна

Хуучирсан мэдээ: 2014.01.03-нд нийтлэгдсэн

Сахуугийн вакцин хийлгэсэн охин үхлийн ирмэг дээр байна

Баянхонгор аймгийн иргэн Д.Намжилдорж өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд болон Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарын сонорт вакцин хийлгэснээс амь нас нь  дээсэн дөрөөн дээр ирсэн охинд нь анхаарал хандуулахыг хүсч,  мэдээлэл  хийлээ.

Түүний охин Н.Энхбилэг өнгөрсөн оны аравдугаар сарын 8-ны өдрийг хүртэл эрүүл саруул байж, хичээл, сургуульдаа явж байжээ. Харин 2013 оны аравдугаар сарын 8-нд Баянхонгор аймгийн эмч нар түүнд сахуугийн вакцин хийснээс хойш охины гар, хэл  хүрэнтэн хавдаж, үхжиж эхэлсэн гэнэ. Улмаар охины бие улам муудаж, бүр зарим хурууг нь тайрсан ч үлдсэн эд эрхтэн нь үхжиж, ямар ч эмчилгээ авахаа больсон байна. Аймгийнхаа эмнэлгээр яваад тусыг эс олсон эцэг, эх нь охиноо Улаанбаатарт авчирч, Эх нялхсын эмнэлэгт хэвтүүлсэн байна.  Гэвч өнөөдөр охины биеийн байдал улам дордож, гарынх нь хуруунуудыг тайрахад хүрчээ.

Тиймээс охины аав арга барахдаа төрийн гурван өндөрлөг болон салбарын сайд Н.Удвал нарт хандаж байгаа нь энэ аж. Эрүүл мэндийн яамнаас  охины өвчний оношийг "Вакцинаас болж өвдөөгүй. Маш ховор тохиолддог өвчнөөр өвчилсөн" хэмээн тодорхойлсонд ар гэрийнхэн нь гомдолтой байгаа аж.

Гэхдээ өнөөдрийг хүртэл охин  “Вакцины харшил” гэсэн албан ёсны оноштойгоор эмчилгээ хийлгэж байгаа  юм байна.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж