
Кубын Ерөнхийлөгч Раул Кастро тус улсын соцалист дэглэмийн эсрэг улстөр, үзэл суртлын хорлон сүйтгэх ажиллагаа явуулж магадгүй байгааг анхааруулсан байна. Раул Кастро энэ тухай өнгөрсөн /I.1/ тохиосон социалист хувьсгалын 55 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ онцолжээ. Гэхдээ тэрээр Куба улс ямар ч хорлон сүйтгэх ажиллагааны эсрэг баттай зогсч чадна хэмээн ард иргэдээ тайвшруулсан байна. Түүнчлэн Раул Кастро өнгөрсөн 55 жилийн хугацаанд АНУ-ын 11 Ерөнхийлөгчийн тус улсыг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэх гэсэн улс төр, эдийн засгийн бодлогын эсрэг тууштай тэмцсээр ирснийг бахархалтайгаар мэдэгджээ. Раул Кастро 1959 онд ах Фиделийн ялалтаа зарлаж байсан Сантьяго хотын индрээс хувьсгалын 55 жилийн ойн баярын мэндчилгээг ард түмэндээ дэвшүүлжээ.
Раулын ах Фидель Кастро 1959 оны нэгдүгээр сарын 1-нд 9000 хүний бүрэлдэхүүнтэй партизан армийнхаа хүчээр АНУ-аас хараат удирдагч Фульхенсио Батистагаас төрийн эрхийг булааж авч байжээ. Үүний дараа Фидель Кастро 50 орчим жил Кубыг удирдсаны эцэст 2006 оны долдугаар сард хүнд өвдсөн учир дүү Раулдаа эрх мэдлээ шилжүүлсэн юм. Раул Кастро нь ахаасаа төрийн эрхийг шилжүүлэн авснаасаа хойш Кубын эдийн засагт дэс дараатай хэд хэдэн шинэчлэл хийсний дунд зээлийн нөхцөлийг хөнгөвчилж, иргэдийн гадаадад аялах хоригийг цуцалсан зэрэг багтаж буй юм.
Б.АНХТУЯА