Азийн шигшээд Монголын гурван жүдоч барилдана

Хуучирсан мэдээ: 2014.01.03-нд нийтлэгдсэн

Азийн шигшээд Монголын гурван жүдоч барилдана

Энэ жилийн жүдогийн олон улсын тэмцээний хуваарийг нэгэн сонирхолтой сайхан тэмцээн нээх гэж байна. Сүүлийн үед ОХУ-ын жүдогийн төв болоод байгаа Тюмень хотноо олимпийн бэлтгэлийн “Тюмень жүдо” төвд энэ сарын 25-нд Европын шигшээ баг Ази тивийн шигшээ багтай халз тоглолт хийнэ. ECCО компанийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа энэхүү “Judo Team Challenge: Europe vs Asia” тэмцээнд зөвхөн олимп, дэлхийн медальтнууд оролцох юм. Шагналын сан 128 мянган ам.доллар.

Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд тамирчид халз барилдаан хийж, багийн дүнгээр аваргыг тодруулна.

Италийн дасгалжуулагч Эцио Гамбагийн удирдсан Европын багт Ева Черновицки (Унгар, ), Арсен Галстян (Орос), Андреа Читу (Румын), Георгий Зантарая (Украин), Тельма Монтейро (Португал), Декс Эльмонт (Нидерланд), Ярден Жерби (Израиль), Автандил Чрикишвили (Гүрж), Ким Поллинг (Нидерланд), Варлам Липартелиани (Гүрж), Абигель Йоо (Унгар), Хенк Грол (Нидерланд), Люция Полавдер (Словен), Адам Окруашвили (Гүрж) нар багтсан байна. Тэгвэл Азийн жүдогийн нэгдлийн захирал Армен Багдасаровийн удирдсан Азийн багт манай гурван тамирчин сонгогджээ. Азийн шигшээ багт Мөнхбатын Уранцэцэг (Монгол), Наохиса Такато (Япон), Юки Хашимото (Япон), Азамат Муканов (Казахстан), Доржсүрэнгийн Сумьяа (Монгол), Хашбаатарын Цагаанбаатар (Монгол), Кана Абе (Япон), Яхё Имамов (Узбекистан), Ким Сон-Ен (БНСУ), Кю Вон-Ли (БНСУ), Гьон-Ми Чжон (БНСУ), Соиб Курбонов (Узбекистан), Ли Юнг-Юн (БНСУ), Юрий Краковецкий (Кыргызстан) нар барилдана.

Дэлхийн жүдогийн түүхэнд ийм тэмцээн анх удаагаа болж байгаа бөгөөд ECCО компаниас “Judo Team Challenge: Europe vs Asia” тэмцээнээ цаашид уламжлал болгон явуулах болно гэдгээ зарласан байна. ОХУ-ын Тюмень хот энэ жилээс жүдогийн “Их дуулга” тэмцээнийг хүлээн авахаар болсон билээ.

М.СУГАР-ЭРДЭНЭ

Эх сурвалж: www.time.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж