
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль батлагдснаар гэрч, хохирогчийг хамгаалах, тэдэнд туслалцаа үзүүлэх нэгдсэн тогтолцоо бүрдэж, гэмт хэргийн илрүүлэлт сайжирч, гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шуурхай, үнэн зөв явагдах нөхцөл бий болох, гэрч, хохирогчийн эрхийг хангах ач холбогдолтой юм.
“Адгийн зарга арав хоног, амьд хүний гэрч болсноос үхсэн хүний дэр бол” гэх үгс одоо ч хэрэглэгдсээр. Энэ бол хууль шүүхээр эрхээ хамгаалах, бусдын зөрчигдсөн эрхийг хамгаалахад оролцохоос төвөгшөөсөн, нэг орооцолдвол өөрөө хохироод үлддэг гэх ойлголт байсаар буйн баталгаа.
Хэрэг шийдэхдээ үеийн үед гэрч, хохирогчид түвэг чирэгдэл учруулдаг. Гэмт хэрэгтнээс илүүтэйгээр хохирогчийг нь байцааж, хамаг цагийг нь барж, ирж мэдүүлэг өгөхгүй бол ийм тийм хуулийн заалтаар шийтгэнэ гэж сүрдүүлж, хохирогч маань өөрөө гэмт хэрэгтэн болох шахдаг. Буруутантай нүүрэлдүүлнэ гэж хүнд байдалд оруулдаг. Шүүхээс шийдвэр оноохдоо гэрч хохирогчид сүүлд нь ямар дарамт учрахыг тооцоолдоггүй гэх шүүмжлэл олон. Жишээ. Өнгөрөгч жил Дорнодод таксины жолооч үйлчлүүлэгч эмэгтэйгээ хөнөөсөн юм. Түүнийг гэрчлэгч нь инженер залуу байсан бөгөөд түүнийг шүүхийн танхимд гэмт хэрэгтнийх нь өөдөөс харуулж суулгаж байгаад мэдүүлэг авч. Өнөө гэмт хэрэгтэн нь шүүхийн танхимд ил шулуухнаар "Чи намайг барьж өглөө. Чамтай би тооцоо бодно оо, харж байгаарай, би амьд гарч ирнэ" гэж заналхийлсэн билээ. 12 жилийн дараа магадгүй үүнээс ч өмнө буруутан суллагдана. Үүний дараа гэрчийг хамгаалах ямар ч бодлого алга.
Хууль бус үйлдэл, гэмт хэргийн илрүүлэлтэнд нөлөөлдөг, хэргийн үнэн зөвийг тогтооход чухал ач холбогдолтой оролцогч бол гэрч. Иргэний болоод Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд тодорхойлсноор "Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ" гэж тодорхойлжээ. Мөн хуулиудад гэрчийг үнэн зөв мэдээлэл өгөх ёстой талаар, зарим төрлийн хэргийг мэдэж байсан хэрнээ мэдээллээгүй бол хариуцлага хүлээх ч заалттай аж. Гэвч эдгээр хуулинд нэг зүйлийг оруулахаа мартчихаж. Тэр нь гэрч, хохирогчийн хамгаалалт. Түүнчлэн үнэн зөв мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулж, амь нас, эрүүл мэнд, үр хүүхдийг нь хамгаалах талаар юу ч алга. Харин хуулиудад байхгүй энэ зохицуулалтыг Улсын прокурорын газрын хэдхэн заалттай журмуудаар таглахыг оролдсон нь “байцаан шийтгэх ажиллагаанд оролцож байгаа гэрчийн талаар ил болгож, хэвлэл мэдээлэлд мэдээлэл өгөхийг хориглох” зэрэг зүйлс багтаж. Гэвч таглах гэсэн журамнаас нь хэд дахин том нүх байсаар л байлаа.
Өнгөрөгч жилийн дундуур “Долдугаар сарын 1” ний хэрэгтэй холбоотой шүүх хурлын эргэн тойронд хэсэг дуулиан өрнөсөн. Цагдаагийн дарга нарын хэрэг нь шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн хангалтгүй байдаг ужгийг ил болгосны нэгэн адил дараагийн гажиг тогтоцыг харуулав. Энэ хэргийн талаар “хар дэвтэр”-ийг хөтөлсөн гэх гэрчийг цагдаагийн хурандаа Ш.Батсүх “Тэр гэрчийг Монголын цагдаа мэдчихсэн. Төмөрхуяг гэдэг хүн байдаг юм. Тэр одоо АТГ-т жолооч хийдэг юм гэсэн” хэмээн мэдэгдсэн. Ингэж мэдэгдсэнийг нь “гэрчийн талаарх мэдээллийг задалсан ч хариуцлага хүлээлгэх хуульгүйг мэдэж байна” гэж дүгнэх нэгэн байсан бол сүрдүүлэг гэж өөр нэг нь тайлбарлав.
Өнөөх нөхөр “хар дэвтэр” дээрээ “Дарга машин дотроосоо нэг хүүхдийн хэвлий рүү буудаж унагасныг би харсан. Дарга сайн бууддаг юм билээ. Түүний сууж явсан эргүүлийн машины баруун талынх нь толин дээр жижиг бууны мөр гарч, хагарсан байсан..” гэж бичээд цагдаагийн удирдлагынхаа эсрэг зүйлийг мэдүүлэх гэрч болсон бололтой. Энэ талаар харин хэвлэлийнхэн “Хурандаа яагаад гэрчийг зарлав”, “Тэр цагдааг АТГ-д ажилд оруулж шагнасан уу” гэх зэргээр заавал аль нэг талд нь орох дүгнэлт гаргацгааж байв. Гэвч энэ бүхний цаана ямар асуудал байгаа талаар нэг их сонирхсонгүй.
Угтаа бол гэрчийг цагдаагийн байгууллага хамгаалалтандаа авдаг. Гэтэл “Манаачийг хэн манах вэ” гэх ойлголтын адил тохиолдол энэ удаад гарч ирэв. Тодорхой хэлбэл, “Цагдаагийн байгууллагын эсрэг гэрчийн мэдүүлэг өгч буй хүнийг цагдаагийн байгууллага нь хамгаалах уу” гэх асуулт гарч ирэв. Тохиолдол дээр энэ асуултанд “чадахгүй” гэж хариулсан бөгөөд гэрчийг хамгаалах тогтолцоо байхгүй тул АТГ-ын албан хаагчийн хамгаалалтанд оруулах байдлаар л шийдэх гэж оролдсон нь энэ аж. Тохиолдол бол нэг л жишээ. Үүний цаана бидний мэдэхгүй олон гэрчүүд айж, дарамтлуулж, худалдагдсаар л байгааг хэн ч үгүйсгэж чадсангүй.
Гэмт хэрэг хянан шийдвэрлэх явцад гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тэднийг мэдээллээр хангах, дэмжлэг, туслалцаа үзүүлэх эрх зүйн үндсийг тогтоох зорилгоор өргөн мэдүүлсэн хуулийг УИХ-ын чуулганы 2013 оны долдугаар сарын 5-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд бэлтгэл ажил шаардлагатай байсан тул ийн оны эхнээс хэрэгжихээр болсон юм. Хуулиар гэрч, хохирогчийг хамгаалах үндэслэл, журам, хамгаалалтын арга хэмжээ, туслалцаа, түүний төрөл, гэрч, хохирогчийг хамгаалах талаарх төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын хүлээх үүрэг, гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох, хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагын талаар хуульчилжээ.
Онцлох зарим заалтаас дурдвал, “Хамгаалалтын арга хэмжээ” нь аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ, сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээ гэсэн хоёр төрөлтэй байх, аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээний “биечилсэн хамгаалалт”-ыг төрийн тусгай хамгаалалт, зэвсэгт хүчин, бусад цэрэг, тагнуул, цагдаагийн харуул хамгаалалтын бүсэд хэрэгжүүлэх, насанд хүрсэн гэрч, хохирогчийг өөрийнх нь зөвшөөрснөөр, насанд хүрээгүй гэрч, хохирогчийг түүний эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, эсхүл хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын зөвшөөрснөөр аюулгүй байдал хангагдсан газарт бодит аюул, заналхийлэл арилах хүртэл хугацаанд түр байрлуулах, гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд учрах аюул, заналхийлэл бодитой болох нь тогтоогдвол түүнийг оршин суугаа газраас нь нүүлгэн шилжүүлэх, аюулгүй байдлыг хамгаалалтын өөр арга хэмжээгээр хангах боломжгүй тохиолдолд түүний зөвшөөрснөөр гадаад төрхийг мэс заслын аргаар өөрчлөх, гэрч, хохирогчийг сэтгэл зүйн цочролд орохоос сэргийлэх, айдас түгшүүрт автуулахгүй байх зорилгоор сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээ авах зэрэг зохицуулалтуудыг тусгасан байна.
Яг л жишээ болгон ярьдаг, кинон дээр л гардаг байх гэж боддог зүйлийг бодитоор хэрэгжүүлж эхлэнэ гэсэн үг. Ингэж байж л гэрчийг хамгаалах тогтолцоо жинхэнэ утгаар хэрэгждэг байна. Хамгийн наад зах нь гэхэд л хэргийн материалд гэрч хохирогчийн биеийн байцаалт буюу хувийн байдлын талаарх өгөгдлүүд харагдахгүй байх, гэрч хохирогчийг байнгын мэдээллээр хангадаг зохицуулалтаар гэмт хэрэг үйлдэгч ял эдлэж байгаа бол тэр хүний талаар байнга мэдээлэл өгч, хэрэв суллагдлаа гэхэд энэ тухай мэдээлнэ гэсэн үг. Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд зүс царайг нь өөрчлөх мэс засалд оруулан, дүр төрхийг нь хувиргах, бусад улсад цагаачлах, тэр улсад нь энгийн ажиллаж амьдруулах зэрэг боломжуудыг бий болгожээ.
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль батлагдсантай холбоотойгоор зарим хуулинд тодорхой заалт орж, өөрчлөгдөж буй аж. Үүнээс онцловол,
Төрийн албаны тухай хуульд гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээнд хамрагдсан албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах болон мөн зорилгоор төрийн албанаас түр чөлөөлөхтэй холбогдсон өөрчлөлт оруулсан.
Хөдөлмөрийн тухай хуульд гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээнд хамрагдсан ажилтныг ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажлыг байрыг нь хэвээр хадгалахтай холбогдсон өөрчлөлт оруулсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд Хорих байгууллага ялтан суллагдвал энэ тухай тахарын албанд мэдэгдэхтэй холбогдсон өөрчлөлт оруулсан.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд гэмт хэргийн улмаас хамгаалалтад байгаа гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учирсан эмчилгээний зардлыг шүүхийн шийдвэр гарсан эсэхээс үл хамааран нэн даруй олгож, буруутай этгээдээр нөхөн төлүүлэхтэй холбогдсон өөрчлөлт оруулсан.
Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу гэрч, хохирогчийг нүүлгэн шилжүүлэх, баримт бичгийг солих, гадаад төрхийг өөрчлөх арга хэмжээг хэрэглэх журам, арга хэмжээний явц, уг арга хэмжээгээр хамгаалагдсан этгээдийн нууцалбал зохих мэдээлэл төрийн нууцад байнга хамааруулах өөрчлөлт оруулсан байна.