Францын Полинезид 1971 онд туршсан атомын дэлбэрэлт. Фото: theatlantic.com
“Цөмийн дайныг гаргуулахгүйн төлөөх дэлхийн эмч нар” байгууллагын АНУ-ын салбар болох “Эмч нар нийгмийн хариуцлагын төлөө” байгууллага Энэтхэг Пакистаны хооронд цөмийн дайн гарвал үр дагавар нь дэлхийд хэрхэн нөлөөлөх вэ гэсэн судалгааг 2013 оны арванхоёрдугаар сарын дундуур хийжээ. Тэд энэ талаар “Цөмийн намар” гэсэн судалгаандаа дурджээ. Харин Оросын www.lenta.ru сайт “Цөмийн намраас цөмийн зун хүртэл дөрвөн улирлын тойм"-ыг хийжээ. Түүнийг танилцуулъя.
Цөмийн зэсвгийн үр дагавар ямар байх вэ?
Цөмийн зэвсгийг бүтээснээс хориод жилийн дараа цөмийн зэвсгийн өргөн цар хүрээтэй хэрэглээ ямар үр дагавартай байх талаар эрдэмтэд ярьж эхэлжээ. Энх тайвны асуудлыг судлах Стокгольмын хүрээлэнгийн мэдээгээр, өнөөдөр дэлхийн зэвсэглэлд 17,3 мянган цөмийн цэнэг байна. Тэдний хүчин чадлын нийлбэр нь 1,4 – 1,6 гигатонн бөгөөд 1,32 нь АНУ ба ОХУ-д байгаа. Цөмийн галавын талаарх таамаглалын дагуу даяарчлалын эсвэл бүс нутгийн цөмийн дайны явцад агаар мандалд асар их хэмжээний тоос, үнс хаягдана. Цаг уурын өөрчлөлт гарна гэдэгтэй эрдэмтэд бүгд санал нэгтэй байна. Гэхдээ яг ямар өөрчлөлт гарах вэ гэдэг нь тодорхойгүй юм. Нэг хэсэг нь эрс мэдэгдэхүйцээр агаарын хэм нэмэгдэнэ гэдэг бол нөгөө хэсэг нь Арктикийн хэмжээнд хүртэл хүйтэрнэ гэдэг. Харин гурав дахь хэсэг нь агаарын хэмийн өөрчлөлт өчүүхэн бага байна гэцгээж байгаа.
Энэтхэг Пакистаны хооронд бүсийн цөмийн дайн гарсны дараах үнс, тортогын тархалтын загвар. Илүү бараан хэсгүүд нь нарыг хаах магадлал өндөр байгаа нутаг орнуудыг заажээ. Атмосфер дэх хөө, тортогын тархалт. Зургийг: Люк Оман
Ратгерийн их сургуулийнханд ч цаг уурын өөрчлөлт аль хир удаан үргэлжлэх эсэх талаар бас л нэгдсэн дүгнэлт байхгүй. Дүгнэлтэд хэдхэн хоног эсвэл хэдэн жилийн үр дүнтэй л гэдэг. Ямар ч тохиолдолд дээрх дүгнэлтүүдээр бол хүн төрөлхтөн амьдрахад бэрх болно. Хэн нэгэн нь амьд үлдлээ гэхэд тэр өлсгөлөн буюу өвчний улмаас удаан тэсэхгүй. Ихэнх онол нь цөмийн сөргөлдөөн тавдугаар сарын 15-нд эхэлнэ гэж үзсэнээр хийсэн. Учир нь, энэ үеэр жилийн цаг уурын өөрчлөлт хамгийн доод төвшиндөө очсон байдаг. Жишээлбэл, халуун орнуудын зэргэлдээ бүсүүдэд борооны улирал дуусдаг. Үндэслэлд нь үр дүн нь төстэй гардаг цөмийн дайны ажиллагааны гурван хувирлын загварыг авдаг байна. Нэгдүгээр загвараар, Хирошима хотод хаясан “нялх” гэх бөмбөгийн адилхан арав гаруй бөмбөгөөр аж үйлдвэрийн төв хотуудыг дэлбэлнэ гэж үзжээ. Ердийнхөөр бол тийм хотууд, стратегийн цөмийн зэвсгийн баазууд цөмийн цохилтын гол бай нь юм. Хотуудыг дэлбэлэх цөмийн зэвсгийн хүчин чадлыг 216 килотонн гэсэн нь нэг хотыг 2,16 мегатонн арван хот бүрт байна гэсэн үг. Цөмийн дэлбэрэлтийн хохирогчид нь янз бүрийн тархалтын эрчмээс нь хамаарч 1-4 тэрбум хүн болох бөгөөд цаашид өлсгөлөн болон өвчний улмаас хохирол нэмэгдсээр байх болно. Бүхий л онолоор дэлхийн агаар мандалд дэгдсэн үнс, тортогын улмаас “цөмийн бүрэнхий” эхлэх гэнэ. Наад зах нь арваад жилийн дараа хөө, үнс газарт буух боловч зарим нэг хэсэг нь агаар мандалдаа дэгдсэн хэвээрэй байх гэнэ. Тэр нь манантай мэт байдлыг үүсгэх бөгөөд үүнийг нь “цөмийн манан” хэмээн нэрлээд байгаа. Гэрэл багасны улмаас навчит моднууд ихэнхдээ үхэх болно. Харин шилмүүст моднууд амьд үлдэх ажээ. Амьтдаас цаг агаарын өөрчлөлтөд илүү нэрвэгдэмтгий нь бүгд мөхнө.
Хоёр дахь загвараар, халуун орны зэргэлдээх бүсэд хийсэн цөмийн хязгаарлагдмал дайны улмаас гал түймэр ихээр гарч агаар мандалд утаа, үнс тархана. Ийм бүсэд халсан агаар эрчимтэй дээш дэгддэг учраас онолоор бол үүлсийг нэвтлэн дэгдэх аж. Үүний улмаас утаа тортог дэлхийн агаар мандалд өндөрт тархан озоны давхаргыг бүрхэн нарны гэрлийг хаана.
Гурав дахь загвараар, цөмийн өргөн цар хүрээтэй сөргөлдөөнд 100 мегатонноос гигатонн хүртэлх хүчин чадалтай зэвсгийг ашигласан байх гэнэ. Дэлхийн цөмийн эрний энх тайвны сангийн (NAPF) бүтцэд багтдаг Ратгерийн их сургууль, АНУ-ын геофизикийн холбоо зэрэг байгууллага зөвхөн ОХУ, АНУ цөмийн дайнд нийт 440 мегатоннын хүчин чадалтай 4,4 мянган цөмийн цэнгийг ашиглана гэжээ. Үр дүнд нь агаар мандалд 180 сая тонн хөө тортог хаягдах бөгөөд тэр нь дэлхийн хойд хэсгийн гадаргад тусах нарны гэрлийг 75 хувиар бууруулах ажээ.
Цөмийн зун
Цөмийн зун өргөн цар хүрээтэй. Цөмийн дайны дараагийн хэдхэн өдрийн дотор дэлхийн агаарын хэм нэмэгдэнэ. Тухайлбал, энэ талаар АНУ-ын Вустерийн коллежийн профессор Жон Гейтс өөрийн «АНУ-ын арми ба стандартын бус дайн » (The US Army and Irregular Warfare) номондоо бичсэн юм. Энэ номыг 1988 онд хэвлэжээ. Цөмийн дэлбэрэлтүүд, түүний улмаас гарсан гал түймэр дэлхийн агаарын хэмийг багагүй хэмээр нэмэгдүүлнэ гэж Гейтс үзжээ. Үүнээс жилийн өмнө адилхан дүгнэлтийг «Шинжээч Армагеддоны дараа халуун ба хүйтэн болно гэж урьдчилан хэлж байна » (Researchers Blow Hot and Cold Over Armageddon) гэсэн нэртэйгээр New Scientist сэтгүүлд хэвлэгдсэн өгүүлэлд гаргасан юм. Эрдэмтэд, цөмийн дайнаар асар их хэмжээний хөө, тортог агаар мандалд дэгдэн нарны гэрлийг хаахын зэрэгцээ, агаар мандалд хөрөх боломжийг өгөхгүй гэж үзэцгээв. Дулааны хүчтэй эх сурвалж түймэрийн улмаас нүүрсхүчлийн хийн хэмжээ ихсэнэ. Мөн бусад хүлэмжийн хийн хаягдлыг нэмэгдүүлнэ. Агаарын хэм нэмэгдэх нь мөсөн голуудыг хайлуулан нам дор газруудыг усанд живүүлэх ажээ.
Ийм галт хуй салхи Австралийн Элис-Спрингс хотын ойролцоох түймрийн талбайн дээр дэгджээ. Хуй салхи бараг дөчөөд минутын турш байх үеэр галын баганын өндөр нь 30 метр орчим байлаа. Цөмийн дайны үеэр ийм галт баганын өндөр нэг км хүрнэ гэсэн тооцоо бий. Фото: rotorama.com
Агаарын хэм нэмэгдэх нь ган гачгийг дагуулан тунадасны хэмжээг багасгана. Үүний хажуугаар агаар мандалд азотын хүчил асар их хэмжээтэйгээр тархах гэнэ. Тэр нь озоны давхаргыг бүрэн цоолох юм. Үүнээс үүсэн амьд организмд аюултай ультрафиолет туяаны урсгал нэмэгдэх болно. Хэт их халах нь метаны хийн гидратыг эвдлэн агаар мандал дахь тэр хийн хэмжээг улам ихэсгэх юм. Ингээд хүлэмжийн хийн үйлчилгээний хор уршиг эрс ихэснэ. Хамгийн нааштайгаар бодоход цөмийн зун 1-3 жил үргэлжлэх бөгөөд гэхдээ ихэнх эрдэмтэд тэр хугацааг хамаагүй их гэж байгаа. Эрдэмтэд цөмийн зун ирнэ гэдэгт бүгд санал нэгдсэн. Харин түүний эхлэх хугацааг янз бүрээр тайлбарладаг. Гейтс түүнийг цөмийн дайны дараа шууд эхэлнэ гэдэг бол доктор Фред Сингер мэтийн эрдэмтэд цөмийн зуны өмнө богино хугацааны цөмийн өвөл ирнэ гэдэг.
Цөмийн өвөл
“Цөмийн өвөл” гэсэн ойлголтыг анх 1983 онд «Цөмийн өвөл: олон тооны цөмийн дэлбэрэлтийн даяарчлалын үр дагавар » (Nuclear Winter: Global consequences of multiple nuclear explosions) гэсэн нэртэйгээр Ричард Турко, Брайан Тун, Томас Акерманн, Жеймс Поллак, Карл Саган нарын эрдэмтдийн хийсэн судалгаанд гаргаж иржээ. Тэд цөмийн дайны улмаас агаарт хөөрсөн хөө, тортог нарны гэрлийг хаасны улмаас дэлхий хөрнө гэж үзэв. Ихэнх бүсийн орнуудад зуны агаарын хэм нь өвлийнх шиг өвөл нь улам хүтэн байх гэнэ. Судлаачид энэ үзэгдлийг бараг нэг жил үргэлжилнэ гэлээ. Мөн нэг ийм дүгнэлттэй судалгааг Зөвлөлтийн эрдэмтэд болох Евгений Чазов, Георгий Голицын, Владимир Александров, Георгий Стенчиков, Николай Бочков нар 1983 онд хийсэн юм. Тэдний тооцоогоор нэг мегатонн дэлбэрэлт бүр таван сая тонн хөө тортог, тоос дэгдээж, агаар мандалд 0,1-1 сая тонн нь хаягдан дэлхийн агаарын хэмийг 15-42 градус болгоно гэжээ. Хамгийн их хүйтрэл нь даяарчлалын дайны 35 дахь хоногт гарч ирнэ гэдгийг тэд хэлсэн байлаа.
Цаг уурын өөрчлөлтийн загварыг Николай Бочков, Евгений Чазов нарын таван гигатоннын цөмийн дэлбэрэлтүүдийн тооцоон дээр гаргажээ. Агаарын хэмийн бууралт цөмийн даяарчлалын сөргөлдөөний дараах 243 дахь хоногт. Зургийн АНУ-ын ТТГ
2007-2008 онд Ратгерийн их сургуулийн Алан Робок судалгаагаа хийгээд цөмийн дайны хөө тортог нь агаар мандлын дээд давхаргад арваад жил байна гэлээ. Тэрээр дэлхийн хойд хагаст өдрийн агаарын хэмийг зун ч гэсэн хасах байна гэж тооцоолжээ. Энэхүү “Цөмийн өвлийн” онолын эсрэг олон эрдэмтэд бий. 1945 оноос хойш дэлхий даяар 2000 гаруй цөмийн бөмбөг туршигдсан ба тэр нь цаг агаарын өөрчлөлтөд хүргээгүй гэдгийг тэд хэлдэг. Энэ онол нь хөө тортогийн хэсгийг нар халаана гэдгийг тооцоогүй бөгөөд галт уулын дэлбэрэлт, нефтийн шаталт зэргийн улмаас хөө тортог зургаан км-ээс илүү өндөрт дэгдээгүйг тэд бас хэлдэг. Тэр өндөрт хөө тортог усны ууранд нэгдэн богино хугацаанд бороогоор газарт эргэн буудаг ажээ.
Цөмийн намар
2000-аад оны сүүлээр судлаачид “цөмийн намар” гэж ярих болсон байна. Тухайлбал эрдэмтэд Алан Робок, Люк Оман, Георгий Стенчиков нар Journal of Geophysical Research сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлдээ, ямар ч хэмжээний цөмийн дайн болоход дэлхийн агаарын хэм буурч олон амьд организм мөхнө гэлээ. Тэд дүгнэлтээ хийхдээ ModelE программыг ашиглажээ. Энэ моделийг Түүнийг NASA, Годдардгийн сансар судлын хүрээлэн зохиосон байв. Эрдэмтэд агаар мандалд 150 сая тонн хөө тортог дэгдэх цөмийн сөргөлдөөний хувилбарыг авч үзсэн юм. ModelE программаар хийсэн загварт дэлхийн агаарын хэм 7-8 градусаар буурах бөгөөд дайны дараагийн 10 жилийн дотор агаарын хэм 4 градусаар доогуур байх гэнэ. Цөмийн сөргөлдөөний дараагийн хоногуудад агаарын хэм буурч эхлэх гэнэ. “Цөмийн намрын” үеэр үе үе цочир хүйтрэл байх ба зундаа нэмэх градустай л байх гэнэ. Агаар мандалд дэгдсэн хөө тортог усны дусалтай нийлэн хар бороо болон бүрэн доош буутал нэгээс хоёр жил хэрэгтэй ажээ.
Энэтхэг, Пакистаны хооронд гарсан цөмийн боломжит сөргөлдөөний дараах дэлхийн цаг уурын өөрчлөлтийн график зураг
Ратгерийн их сургуулийн эрдэмтэд Брайан Тун, Алан Робок, Ричард Турко нар арай өөр таамаглал хийн түүнийгээ Proceedings of the National Academy of Science сэтгүүлд үлдээжээ. Тэдний дүгнэлтээр цөмийн намар өмнөхөөс мэдэгдэхүйц урт хугацаанд үргэлжлэх ажээ. Тэдний дүгнэлтээр, талууд тус бүрээсээ 1,8 мегатонн бөмбөгийг дэлбэлэхэд агаар мандалд 80 км хүртэл өндөрт 6,6 сая тонн хөө тортог дэгдэн нарны гэрлийг хаах үеэр агаарын хэм 1,25 градусаар буурч бууралт нь арваад жил үргэлжлэх ажээ. Тэр хугацаа өнгөрсний дараа ч дундаж хэм нь 0,5 градусаар бага байх юм. Өөрийн онолыг зөвтгөн тэд Персийн булангийн Ирак, Кувейт хоёрын дайны дараа агаарын хэм хэрхэн өөрчлөгдөж байсан жишээг татав. Ирак Кувейтээс ухрахдаа нефтийн 600 цооногийг дэлбэлэн шатаасан юм. “Цөмийн өвлийн” онолыг дэмжигч Америкийн эрдэмтэн Яков Саган 1995 онд бичсэн номондоо “Өдөр нь харанхуй байснаас Персийн булангийн агаарын хэм 5-6 градусаар бага байлаа. Гэхдээ утааны хэсэг нь л стратосферт хүрсэн” гэж бичээд гал түймрийг дарснаас хойш жилийн дотор цаг агаар нь хэвийн хэмжээнд орсон гэж номондоо дурьдсан байлаа.
Цөмийн хавар
Хачирхалтай нь “цөмийн хавар” гэсэн онол бас байдаг. Баруунд 1986 онд энэ онолыг гарган ирсэн юм. Чернобылийн атомын станцад осол гарсны дараа хийсэн онол гэж болно. 1986-2002 онуудад Европ, Хойд Америкт ганц ч АЦС шинээр баригдаагүй. “The New York Times” сонины сэтгүүлчид “цөмийн хавар” гэсэн ойлголтыг АНУ-ын эрх баригчид Алабама мужийн «Браунс-Ферри» станцыг дахин ашиглах гэсний улмаас шинээр гарган ирэв. Хэрэв цөмийн өвөл үнэн хэрэгтээ гарна гэж таамаглаад хөө тортог гадаргад эргэн буусны дараа нар дэлхийг дахин халааж эхэлбэл хавар ирэх нь дамжиггүй. Гэхдээ “цөмийн хавар” гэдгийг тэр болгон судлаагүй учраас түүний үргэлжлэх хугацаа тогтоогдоогүй. Ер нь бол цөмийн дайн гарлаа гэхэд түүний ул мөр 90-100 жилийн дараа л алга болох юм. Тэгэхээр цөмийн хавар урт үргэлжилнэ.