
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, “Монгол 999” ХК хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү хэмжээгээр, нэрлэсэн үнээр эзэмшүүлэх, бүртгэх, зохион байгуулах ажлыг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. Түүнчлэн Монгол Улсад жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, дэмжих зорилго бүхий “ЖДҮ-ийн сан”-г байгуулж, төрийн дэмжлэг туслалцаа авах, мөн хувийн хэвшил давамгайлсан эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангах чиглэлд бүх талын хамтын ажиллагаа, түншлэлийг эрчимжүүлэх үүднээс ирэх үндэсний хэмжээний уулзалт, ярилцлага зохион байгуулахад хамтран ажиллахаар санамж бичигт тусгажээ. Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж буй өнөө үед Өмнөговь аймагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй бүхий л аж ахуйн нэгжүүдийг хамарсан “Загийн төгөл-говийн ирээдүй” хөдөлгөөнийг өрнүүлж, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх асуудлаар ч хоёр тал хамтран ажиллах бололтой.
Ж.ГЭГЭЭ