2014 онд үйлдвэржилтийг дэмжинэ гэв

Хуучирсан мэдээ: 2014.01.02-нд нийтлэгдсэн

2014 онд үйлдвэржилтийг дэмжинэ гэв

“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт өнөөдөр Төрийн ордонд болж, 2014 оны зорилтоо тодорхойллоо.

Шинэчлэлийн Засгийн газар нь 2014 онд үйлдвэржилтийг дэмжих чиглэлд гол анхаарлаа хандуулж ажиллах аж. Үйлдвэржилтийг дэмжсэнээр экспорт нэмэгдэж, импортыг орлохуйц бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болно гэж үзэж байна.

Өнгөрсөн оны тухайд эрдэс баялгийн салбарт зарим бүтээгдэхүүний экспортоос олсон орлого нэмэгджээ. Тухайлбал, зэсийн экспортоос 850.9 сая ам.доллар олсон байна. Энэ нь 2012 оны арваннэгэн сарын байдлаар гарсан дүн мэдээ аж, 2012 онд уг бүтээгдэхүүний экспортоос 838.8 сая ам.доллар олж байжээ. Харьцуулахад экспортоос олсон орлого өссөн үзүүлэлттэй байна. Мөн алтны экспорт нэмэгджээ, 2012 онд 122.3 сая ам.доллар олсон бол 2013 оны арваннэгдүгээр сарын байдлаар 303.9 сая ам.доллар олсон аж. Нүүрсний экспортоос 2012 онд 1.9 тэрбум ам.доллар олсон бол 2013 онд 1 тэрбум ам.доллар олжээ.  Энэ нь 2012 оныхоос 900 гаруй сая ам.доллараар буурсан үзүүлэлт аж. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурсан, мөн экспортын хэмжээ багассан зэрэг нь ийн нөлөөлжээ.

Сүүлийн жилүүдэд экспортод эерэг нөлөө үзүүлэх болсон бүтээгдэхүүн нь ноолуур аж. Өнгөрсөн оны эхний арваннэгэн сарын байдлаар 235.5 сая ам.доллар олсон нь 2012 оныхтой харьцуулахад 40 гаруй сая ам.доллараар өссөн үзүүлэлт аж.

Импортын тухайд тодруулахад, өнгөрсөн онд Монгол Улс эрдэс, хуванцар, арьс ширэн бүтээгдэхүүн хамгийн ихээр оруулж иржээ. Нийт импортын 35 хувийг дээрх бүтээгдэхүүнүүд эзэлсэн байна.  Үүн дээр машин механизм, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, сэлбэг эд анги 15 хувийн импортыг бүрдүүлжээ. Иймээс экспортыг нэмэгдүүлж, импортыг орлохуйц бүтээгдэхүүнийг дотооддоо бүтээдэг болох нь чухал гэж үзэн Шинэчлэлийн Засгийн газар 2014 онд үйлдвэржилтийг дэмжих чиглэлээр шаргуу ажиллах зорилго тавьсан байна. “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дахин хүргэх болно.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж