
Шинэ жилийн өмнөхөн махны үнэ цөөнгүй төгрөгөөр нэмэгдэв. Тодруулбал, махны үнэ долоо, долоо хоногоор өсөх болсон байна. Үндэсний статистикийн газраас гаргасан мэдээгээр өнгөрсөн долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7410 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8010 төгрөгийн үнэтэй байжээ. Өөрөөр хэлбэл, шинэ оны өмнөхөн, нөөцийн мах худалдаанд гарах үеэр үхрийн ястай мах өмнөх долоо хоногтой харьцуулахад 165 төгрөгөөр, үхрийн цул мах 250 төгрөгөөр өссөн бололтой.
Махны үнийн хөөрөгдөл, зохиомол өсөлтөөс сэргийлж, салбарын яамнаас 87 тэрбумыг компаниудад хөнгөлттэй зээлээр олгож, мах бэлтгүүлсэн. Нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээнд гэсэн гоё тодотголтойгоор, багагүй хөрөнгө зарцуулж бэлтгэдэг нөөцийн мах худалдаанд гарангуут махны үнэ гэнэтхэн өсчихдөг бичигдээгүй дүрэм Монголын зах зээлд үйлчилсээр ирсэн. Тэр дүрмийн дагуу шинэ жилийн баяртай давхцуулан махны ченжүүд үнээ нэмж орхив. Уг нь нөөцийн махны гол зорилго нь үнэ тогтворжуулах явдал хэмээн салбарын яамныхан тайлбарладаг. Гэтэл нөөцийн мах худалдаан гарангуут махны ченжүүд эрэлт нийлүүлэлт ховордсон гэдэг шалтгаанаар үнийг нэмчихдэг. Яагаад нөөцийн мах худалдаанд гарангуут махны үнэ өсчихдөг юм бэ гэхээр ченжүүд мах бэлтгэх үүрэг хүлээсэн компаниуд хөдөөгүүр явж мах авахаасаа залхуураад "Хүчит шонхор" захаас цагийг нь тулгаж байгаад бөөндчихдөг бололтой юм. Харин компаниуд нь болохоор малчид малаа өндөр үнээр зардаг гэж тайлбарладаг. Малчид нь малаа хямдхан зарж байгаагаа гомдоллодог. Хэн нь үнэн, хэн нь худлаа ярьж байгааг шүүгч биш болохоор мэдэхгүй юм. Хэн хэнтэй нь заргалдлаа гээд ямар ч ашиггүй учраас хэрэглэгчид хэдэн ченжүүдийн аманд унаж, 45 сая малтай хэрнээ дэлхийд хамгийн өндөр үнэтэй махыг худалдан авч иддэг. Авч байгаа цалин, хүн амын тоо, хөдөөгийн хөндий дүүрсэн малтайгаа харьцуулбал, Монголын зах зээлд зарагдаж байгаа махны үнэ дэлхийн өндөр үнэд тооцогдох биз.
Махны үнэ яагаад өсөв гэдэг дээр салбарын яам нь мах малчны хотхоноос эцсийн хэрэглэгчдэдээ хүрэх гэж зургаан ченжийн гар дамждаг, тэднээс болоод махны үнэ өсч байна гэсэн тайлбар хийсээр ирсэн. Тиймээс махны ченжүүдийн зургаан шат дамжлагыг халахын тулд Хөдөө аж ахуйн биржийг ажиллуулахаар болсон. Үнийн хөөрөгдлийн буруутан ченжийн олон дамжлагыг халаад өгнө гэсэн бирж нь хаана, ямархуу байдлаар байгуулагдсаныг мэдэх хүн цөөхөн. Хаалгыг нь татаж үзсэн хүн ч ховор. Иймэрхүү маягтай ажиллаж байгаа бирж, махны салбарт дураараа авирлаж байгаа ченжүүдийн дамжлагыг халж чадах уу.
Адуун сүргийн тоо толгой 2616.2 мянга, үхэр 2905.3 мянга, тэмээ 321.0 мянга, хонь 20036.6 мянга, ямаа 19196.7 мянгад хүрч, 2012 оныхоос адуу 285.8 мянга, үхэр 320.7 мянга, тэмээ 15.2 мянга, хонь 1895.2 мянга, ямаа 1638.0 мянган толгойгоор өссөн гэсэн урьдчилсан мэдээлэл гарсан байна. Тэглээ гээд ямар нийслэлийн бидэнд ганц гуя үнэгүй олдог биш. Харин ч татварт төлсөн мөнгийг малын "цалинд" зарцуулаад дуусах байлгүй. Өнгөрсөн жил гэхэд арьс, ширний үйлдвэрлэлд зориулж төрөөс 200 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн. Үүний 60 тэрбум нь малчдын урамшуулалд зарцуулагдсан билээ. Мөн, ноос, ноолуур, мах сүүний салбарт багагүй хөрөнгө зарцуулсан. Мал аж ахуйн салбарыг эдийн засгийн нэг тулгуур болгохын тулд шүү дээ. Даанч мал нь өссөн нь эдийн засагт үзүүлэх хувийн жин нь бага байсаар байгаа.
Малчдыг бодлогоор дэмжих тусам, мах, сүүны үнэ өсдөг. 45 сая малтай хэрнээ хамгийн үнэтэй мах худалдан авч иддэг монголчууд тийм баян болчихсон уу гэхээр мэдээж үгүй. Махныхаа үнийг дийлэхгүй хоосон хонож байгаа айл Монголд цөөнгүй шүү дээ. Эндээс харахад мал өсөхөөр, махны үнэ өсдөг учир шалтгаан нь малчиддаа байна уу, ченжүүддээ байна уу, эсвэл төрийн бодлогодоо байна уу. Мал мянга хүрэхээр идэх хонь олдохгүй гэж…