Ардчилсан намынхан Үндэсний зөвлөлдөх хороогоо энэ сарын 16-нд хуралдуулахаар өчигдөр товложээ. Улаан булангаас Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, хөх булангаас Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгч З.Энхболд гарч ирж, хүч үзэх нь ч тодорхой боллоо. Гэхдээ тус, тусын фракцийнхныхаа шахалтаар. Намынхаа тугийг хамтдаа барьж явсан нөхөд цагийн эрхээр яалт ч үгүй ийм байдалд шилжжээ. Гэвч тэд их хашир үзэж байна. Хэн, хэн нь рингэн дээр түрүүлж гарахгүй байх тактиктай байна. Басхүү бие, биедээ “NO” хэмээх үгийг амаар биш, харцаараа хэлсээр удаж буй.
З.Энхболдын хувьд өнөөдөр маш чухал өдөр. Улс төрийн том шийдвэр гаргах алтан агшнаа алдах, эс алдах эгзэгтэй асуудалтай тэрбээр нүүр тулгараад байна. Түүний хувьд, энэ өдөр Ардчилсан хүчний холбооныхондоо “YES” гэх үү, аль эсвэл “NO” гэж хариулах уу гэдгээ шийднэ. “Боломж хэмээх хөшиг хэн нэгний өмнө ямагт нээгддэггүй” гэсэн үг өдгөө “их эд” З.Энхболдод яг тохирч байна. Тиймээс “YES” гэж хэлэхээс өөр аргагүй нөхцөл байдалд тэр орлоо. Учир нь Ардчилсан хүчний холбооныхны улс төрд эзлэх орон зай түүний хэлэх ганцхан үгнээс шалтгаалах гээд байгаа юм. Хэрэв тэрбээр нөхдөдөө “NO” хэмээвэл Н.Алтанхуягт том олз болж, Ардчилсан хүчний холбооныхон намын даргынхаа эсрэг хөдөлсөн ялд унана. Өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд үргэлжилсэн улс төрийн үйл хэрэг нь тэднийг ийм байдалд оруулж мэдэхээр байна. Тиймээс тэд холбооныхоо ерөнхийлөгчид “Н.Алтанхуягийн оронд намын дарга бол” хэмээх саналыг албан ёсоор тавихаар зэхжээ.

Ж.Перкинсийн “Эдийн засгийн алуурчны наминчлал” хэмээх номонд “Зүрх сэтгэлээ худалдсан нь” гэсэн хэсэг бий. Энэхүү сэдвийн монголчилсон хувилбар нь Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг юм. МАХН-аас адис хүртсэнийхээ шанг хүртэх эгзэгтэй агшин түүнд бас тохиож байгаа. Хамгийн сонирхолтой нь З.Энхболд намын даргын суудлын төлөө “YES” гэлээ гэхэд Н.Алтанхуяг “Суудлаа тавьж өгөхгүй. Ёстой NO шүү” хэмээвэл энэ хоёр эрхмийн дунд хэзээ ч тайлагдашгүй хонзогнол бий болох нь лавтай. Тэд энэ тухай урьдчилан тооцоолсон учраас л өнөөдрийг хүртэл шүд зуусаар ирсэн юм. Гэвч тэд нэг, нэгэндээ “NO” хэмээх үгийг аль хэдийнэ хэлчихсэн. Бүр тодруулбал, өнгөрсөн сарын 10-нд хуралдсан Ардчилсан хүчний холбооны анхдугаар их хурал дээр. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг З.Энхболдод Швейцариас “захидал” ирүүлсэн. Тэрхүү захидалд “Аливаа нэгдмэл үйл ажиллагааны цаана эрхэм зорилго, ашиг сонирхол бий” гэж өгүүлсэн. З.Энхболд ч “Ардчилсан нам хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд орсноо “Үндэсний хэмжээний томоохон асуудлыг шийдвэрлэх ач холбогдолтой” хэмээн тайлбарлаж байсан нь төдий л хэрэгжихгүй байна” хэмээн хариу барьсан удаатай. Ардчилсан намынхан “Бид 20 жилийн өмнө нэг намын ноёрхлыг устгасан” гэдэг. Тэгвэл “Алтангадас” хэмээх эрх баригч ганц фракциа Н.Алтанхуягтай нь хамт хөнтрөх үү гэдгээ ойрын өдрүүдэд эцэслэн шийднэ.
С.Баяр: Ёстой NO шүү
МАХН-ын экс дарга АНУ-аас “YES, NO” хэмээх улс төрийн ноу хаутай иржээ. Бага хурлын XI хуралдааныхаа үеэр үүнийгээ тунхаглав. Тэрбээр Ерөнхий сайд С.Батболдод “Улс төр ямагт YES гэдэггүй юм шүү. Зарим үед NO гэх нь ч бий” хэмээн аминчлан захисан. Гэхдээ тэрбээр хувь улстөрчийнхөө тоглолтыг цэнэгтэй хэвээр үлдээсэн юм. Цэг, цэг, таслал… С.Баяр ийм зам мөрийг гаргалаа. Тиймээс ч “Би бардам байна. МАХН-ын их хурлыг энэ онд багтаан хуралдуулах ёстой. Миний бие МАХН-ын үйл хэрэгт хүчин зүтгэнэ” хэмээсээр эрх шилжүүлэгчийн суудалд шилжив. Үнэхээр ч тэрбээр МАХН-ын дарга хэмээх үгний ард цэг, ард нь таслал тавьчихлаа. Энэ бол С.Баярын “NO” хэмээх ноу хаугийн илэрхийлэл юм.
С.Баяр нэг сонин үг хэлсэн. “Манай намынхан надад “Та энэ намын дарга байтугай дараа, дараагийн сонгуульд МАХН-ыг хөтөлж оруулах ёстой хүн” гэсэн” гэж. Чухам энэ үг таслалын ард ямар үг бичигдэхийг илэрхийлж байна. “МАХН-ын даргын албаа өглөө, цэг. Таслал, Би эрх мэдэлтэй хэвээр байгаа шүү”. МАХН-ын экс даргын хэлсэн үгний гаргалгаа иймэрхүү утгатай аж. Тиймээс С.Баярын улс төрд эзэлсэн суудал халуунаараа байгаа.
МАХН-ын XXVI их хурлыг С.Баяр албан бусаар зарлалаа. Намын дүрэм ёсоор шинэ дарга С.Батболдын бүрэн эрх тэр цагт баталгаажих учиртай. С.Баярын эсрэг чиглэсэн “гал”-ыг унтраах үүрэг бүхий С.Батболдод их хурлын төлөөлөгчид “YES” гэх үү, аль эсвэл “NO” гэх үү гэдэг нь тэр үед тодорхой болох учиртай. Гэвч түүнээс өмнө тус намын томоохон лидерүүд дунд их тулаан өрнөх төлөвтэй. Н.Энхбаяр бол ойлгомжтой. Түүний тойрон хүрээлэгчдийн хандлага ч тодорхой. Тэд их хурлын танхимд экс Ерөнхийлөгчийг балиашиглаж, С.Баяр, С.Батболд нарт банга хүртээхээр битүүхэндээ жуумалзаж суугаа. Харин МАХН-ын даргын албыг горилж байсан М.Энхболд, Ц.Нямдорж нарын хувьд ямаршуухан огцом үсрэлт хийх нь сонирхол татаж байна. Экс дарга ч тэдний сэтгэлийн зовлонг сэдрээхгүйн тулд дипломат зантай С.Батболдыг өмнө нь суулгасан биз.
2007 оны намар. Н.Энхбаярынхан М.Энхболдод “NO” хэмээж, С.Баярт “YES” гэж байсан. Гэвч энэ удаад аль, алинд нь “NO” хэмээх нь тодорхой. Экс Ерөнхийлөгчийн талыг баримтлагчдын шүд зуулт С.Батболд руу ч чиглэнэ. Дөтлөн ирж буй тэрхүү эгзэгтэй агшин Ц.Нямдорж сайдыг гүн бодолд автуулжээ. Товчхондоо, С.Баярын хэлэх дуртай болсон хүн чанарын тухай асуудалд МАХН-ын лидерүүд “YES”, эсвэл “NO” хэмээн цэг тавих уу гэдэг нь XXVI их хурлын үеэр нэгмөсөн шийдэгдэнэ.

Улс төрийн тойм сонин