
Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хот он солигдох үдэш /ХII.31/ сүрлэг ёслолын буудлага хийж, дэлхийн дээд амжилтыг тогтоожээ. Дубай хотын албаныхан шинэ жилийн баярын үдэш хагас сая ширхэг салют ашигласан гоёмсог ёслолын буудлага зохион байгуулснаар Геннисийн номонд бичигджээ. Геннисийн номны албан ёсны сайтад мэдээлснээр Дубай хотын албаныхан хамгийн өргөн хүрээг хамарч, зургаан минут үргэлжилсэн гоёмсог ёслолын буудлагыг зохион байгуулахын тулд бараг 10 сарын өмнөөс ажиллаж эхэлсэн байна. Ёслолын буудлагын хамрах хүрээ нь дэлхийн хамгийн өндөр цамхаг болох “Бурж Калифа” –гаас Дубайн эрэг хүртэлх 94 км газрыг багтаажээ. Дубайн албаныхан ёслолын буудлагадаа АНУ-ын “Grucci” компанийн үйлдвэрлэсэн салют ашигласан бөгөөд нийтдээ 100 компьютер, 200 техникч ажилласан байна. Энэ бүх зардал нийтдээ зургаан сая ам.доллар болжээ.
Үүнээс өмнө Кувейт улс 2011 оны шинэ жилийн баяраар 77282 салют ашиглан бүтэн цагийн хугацаанд үргэлжилсэн ёслолын буудлагыг зохион байгуулж, дээд амжилт тогтоож байсан аж.
Дубай хот нь дэлхийн хамгийнаар тодорсон өндөр цамхаг, хөл хөдөлгөөнтэй онгоцны буудалтай бөгөөд өнгөрсөн тавдугаар сард “Princess Tower” –ыг ашиглалтанд оруулснаар дэлхийн хамгийн өндөр орон сууцны барилгаар дээд амжилт тогтоосон юм.


Б.АНХТУЯА