Сомалийн нийслэлд цуврал дэлбэрэлт болжээ

Хуучирсан мэдээ: 2014.01.02-нд нийтлэгдсэн

Сомалийн нийслэлд цуврал дэлбэрэлт болжээ

2014 оны эхний өдөр /I.1/ Сомалийн нийслэлд орших томоохон зочид буудлын гадна цуврал дэлбэрэлт болсон байна. Могадишу хотын цагдаагийн газраас мэдээлснээр “Жазира” зочид буудлын гадна гурван удаа хүчтэй дэлбэрэлт болсноос 11 хүн амь үрэгдэж, арав гаруй хүн гэмтэж бэртжээ. ВВС-д мэдээлснээр амиа золиослогчид зэрэг шахуу хоёр тэсрэх бөмбөг дэлбэлмэгц  хамгаалалтын цэргийнхэн тэдний эсрэг гал нээсэн гэнэ. Үүнээс бараг цагийн дараа автомашинд байрлуулсан гурав дахь тэсрэх бөмбөг дэлбэрсэн аж. Одоогоор халдлагыг ямар бүлэглэл зохион байгуулсан нь тодорхойгүй байна. Гэхдээ Сомалийн албаныхан тэсрэх бөмбөг бүхий халдлагыг исламын зэвсэгт аль-Шабааб бүлэглэл үйлдсэн хэмээн хардаж байгаа аж. Сомалийн Засгийн газрын албаныхан байрлаж, уулзалт, цуглаан явуулдаг “Жазира” зочид буудал нь Могадишу хотын цэргийн чанга хамгаалалттай дүүрэгт оршдог аж.

Сомалийн эрх баригчдын зүгээс тус улсад энхийг сахиулахаар 18 мянган цэргээ оруулаад буй Африкийн холбооны баазын ойролцоо ийм халдлага гарсанд ихээр шүүмжлэлтэй хандаж байгаа гэнэ.  Африкийн холбооны цэргийн хүчин 2011 оны наймдугаар сараас хойш Сомалид энхийг сахиулах үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Үүнээс өмнө өнгөрсөн жилийн есдүгээр сард “Жазира” зочид буудалд амиа золиослогчид хоёр өдрийн хэвлэлийн хурлын үеэр тэсрэх бөмбөг дэлбэлж байжээ. Тухайн үед хэвлэлийн арга хэмжээнд Кенийн Гадаад хэргийн сайд болон Сомалийн улстөрчид оролцож байсан аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж